ЭМДС-д 240 тэрбум төгрөгийн өр үүссэнийг хянан шалгаж, зарцуулалтыг ил тод болгоно

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын сангийн өнөөгийн нөхцөл байдлын талаар хэлэлцсэн.
Энэ үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар Эрүүл мэндийн даатгалын санд 240 тэрбум төгрөгийн өр үүссэн шалтгаан нөхцөлийг судалж, үйл ажиллагаанд нь хяналт шалгалт хийх Ажлын хэсгийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогтоор ахлуулан байгуулж ажиллуулах үүрэг өгсөн билээ.
Тус санд санхүүгийн хяналт шалгалт хийж, сангийн зарцуулалтад тавих хяналтыг ил тод болгох нь зүйтэй гэж үзлээ. Эрүүл мэндийн даатгалын сан эрүүлжиж байж иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ шуурхай, чанартай, хүртээмжтэй болно гэдгийг Ерөнхий сайд анхааруулсан талаар мэдээлэгдсэн.
ЭМДС хэдийгээр өр төлбөр өндөртэй ч санхүүжилт хууль бусаар зарцуулагддаг байх магадлалтай сэжүүрийг албаныхан анхаарсан аж. Тийм ч учраас энэ ажлын хэсэн цаашид хууль бус зарцуулалтын сэдэвт хөл тавих магадлал өндөр байгаа юм.
Мөн тус санд үүсээд байгаа өрийг хэрхэн яаж шийдвэрлэх талаар санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Сангийн сайд Б.Жавхланд даалгалаа.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.