Гэрээсээ хөөсөн гэх шалтгаанаар үеэл дүүгээ мэсээр хөнөөжээ

44 настай эрэгтэй архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөрийн үеэл дүүгээ гэрээсээ хөөсөн гэх шалтгааны улмаас цээжин тус газар нь мэсээр хөнөөсөн хэрэг гарсан байна.
Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс хэргийн процесс, шүүхээр хэрхэн шийдвэрлэсэн болохыг тоймлон хүргэе.
Эл хэрэг одоогоос таван сарын өмнө буюу 2025 оны гуравдугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн байна. Тухайн үед гэмт хэрэг үйлдсэн 44 настай эрэгтэй У амь хохирогч үеэл дүү Ц-ийнхээ гэрээс нүүхээр зэхэж байжээ. Ингэхдээ өөрийн найз Б-г дуудаж, хамт архи согтууруулах ундаа хэрэглэсэн нь тогтоогдсон байна. Улмаар хэрэг үйлдсэн этгээд цагдаагийн 102 утсанд "Би дүүгээ зодсон юм шиг байна" хэмээн дуудлага өгч цагдаа нар ирэхэд амь хохирсон байдалтай олдсон байна.
Хэрэг үйлдсэн этгээд болон амь хохирогч нар хамт хоёр жил гаруй нийтийн байр түрээслэн амьдардаг байсан бөгөөд хамт архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ нэгэнтэйгээ зодолддог байсан тухай ойрын эх сурвалжууд нь шүүхэд мэдээлжээ.
Шүүх шинжилгээний дүгнэлтээр, Амь хохирогч У.Э нь 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр цээжний баруун тал 3, 4 дүгээр хавирганы завсраар цээжний хөндий рүү нэвтэрч үнхэлцэг хальс, гол судас гэмтээж хатгагдаж зүсэгдсэн, ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шархны улмаас зүрх чихэлдэж нас барсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна. Мөн амь хохирогчийн цамцнаас хэрэгтний цусны ДНХ илэрчээ.
Иймд Улсын яллагчаас шүүгдэгч Т.Ц-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлтийг танилцуулсан тул шүүгдэгч Т.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна.
Үүнээс шүүх бүрэлдэхүүн энэ сарын 07-ны өдөр хэлэлцэж Шүүгдэгч Т.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 08 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлэх ял оноосон байна.
Яллагдагч этгээд нь бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ээж, охины хамтаар амьдардаг гэх бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэгт байрлах У гэх ХХК-д угаагчаар ажилладаг байжээ. Мөн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 616 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйл буюу Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдэж 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байжээ.
Холбогдсон хэргийн хуулийн заалт : 10.1 дүгээр зүйл.Хүнийг алах
1.Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Хамгийн хүнд төрлийн гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн 10.1-10.6 дугаар заалтад хамаарах Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг эхний долоон сарын хугацаанд цагдаагийн байгууллагад 657 бүртгэгдсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 42.8 хувиар буюу 197-оор өссөн үзүүлэлт гэсэн үг.
Тодруулбал,
- Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр заалт буюу Хүнийг алах гэмт хэрэг - 102
- Эрүүгийн хуулийн 10.4 дүгээр заалтад хамаарах Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх гэмт хэрэг - 490
- Эрүүгийн хуулийн 10.6 буюу Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг - 60 бүртгэгджээ.
Өсөлт бууралтын байдлыг тухайлбал, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр заалт буюу Хүнийг алах гэмт хэрэг өнгөрөгч оны мөн үеэс 5 аар буурсан буюу 4.7 хувиар, Эрүүгийн хуулийн 10.4 дүгээр заалтад хамаарах Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх гэмт хэрэг 191-ээр өссөн буюу 63.9 хувиар, Эрүүгийн хуулийн 10.6 буюу Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг 11-ээр өссөн буюу 22.4 хувиар өссөн байгаа юм.
Эрүүгийн хуулийн 10.1-10.6 дугаар заалтад хамаарах гэмт хэрэг Баянзүрх дүүрэгт хамгийн их буюу 125 бүртгэгджээ. Харин Багахангай дүүрэгт хамгийн бага буюу эхний долоон сарын байдлаар хүн амины хэрэг бүртгэгдээгүй тоон мэдээлэлтэй байгаа юм.
О.УНДРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Arhinaas hyamd dvv bj de
Хэдий ах дүү байсан ч болгоомж хэрэгтэйг харуулсан дүр зураг.Дүүгийн амийг шүүх 8 жилээр үнэлжээ,м�##�ын хулгайч ч бас 8жил авдаг. Монголчуудыг биэ биэнийгээ хөнөөхийг илт ури�##�сан шийтгэл байна