Улс төрийн мэдээ

Иргэдийн санал 2026 оны төсөвт: Татвар, халамжийг багасга, эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт нэм

2026 оны улсын төсвийн төслийг боловсруулахын өмнө олон нийтээс санал авна гэж Засгийн газар мэдээлсэн. Энэ хүрээнд наймдугаар сарын 1-нээс эхэлж, орон даяар E-Mongolia аппликейшн болон 1111 төвөөр нийтийн саналыг авсан.

Харин өнөөдөр иргэдээс өгсөн саналыг олонхоор нь ангилж, сэдэвчилжээ.

E-Mongolia-гаар 188,016 иргэн санал өгсөн гэдэг нь нийт оролцогчдын 99.08 хувь юм байна. Харин танхимын хэлэлцүүлгээр 1351 хүн саналаа өгчээ. Танхимын хэлэлцүүлгийн хувьд энэ том тоо ч 0.72 хувь болж байна. Нийт дүндээ 190 мянга орчим иргэн 2026 оны улсын төсөвт саналаа өгсөн аж.

Хүйсийн харьцааны хувьд 44.5 хувь нь эрэгтэй, 55.5 хувь нь эмэгтэй байна.

Насны хувьд,

  • 18-31 нас 93.7 хувь
  • 35-54 нас 85.8 хувь
  • +55 нас 8.3 хувь гэж гарчээ.

Харин дараах агуулгаар санал асуухад хамгийн олонх нь ингэж хариулжээ.

-2026 онд аль салбарт төсвийг түлхүү чиглүүлбэл зүйтэй гэж үзэж байна вэ?

  • Эрүүл мэнд – 26.44 хувь
  • Боловсрол – 21.48 хувь
  • Цахилгаан, дулаан – 17.95 хувь
  • Зам – 7.17 хувь

-2026 онд аль салбарын төсөвт хэмнэлт хийх шаардлагатай гэж үзэх вэ?

  • Нийгмийн халамж - 17.05 хувь
  • Соёл, спорт, аялал жуулчлал - 16.3 хувь
  • Зам барилга - 13.93 хувь
  • Хууль зүй - 12.7 хувь

-Төсвийн үр ашгийг сайжруулах хүрээнд ямар бодлого хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна вэ?

  • Төрийн захиргааны зардал бууруулах – 27.68 хувь
  • ТӨК-ийн зардлыг бууруулах, тоог цөөлөх – 23.26 хувь
  • Халамжийн зардлыг танах – 16.74 хувь
  • Төрийн албан хаагчдын орон тоог хязгаарлах – 15.17 хувь

-Ямар хөрөнгө оруулалтыг 2026 онд шинээр эхлүүлэхгүй, тэвчиж болно гэж үзэж байна вэ?

  • Соёлын төв - 35.55 хувь
  • Дотуур байр - 19.4 хувь
  • Инженерийн дэд бүтэц - 12.02 хувь
  • Сургууль - 8.41 хувь

-Татварын бодлогын ямар дэмжлэг үзүүлэх хэрэгтэй вэ?

  • Татварын хувь хэмжээг бууруулах - 33.6 хувь
  • Татварын буцаан олголт, хөнгөлөлт - 19 хувь
  • Татварын хугацааг уян хатан болгох - 16.05 хувь
  • Татварын орчныг сайжруулах - 12.96 хувь

Иргэдээс ирүүлсэн бусад саналууд

  • Багш, эмч, цагдаагийн цалин нэмэх - 19 хувь
  • Үр ашиггүй зардлыг танах, давхардсан төсвийн зарцуулалтыг зогсоох -15 хувь
  • Хүртээмж, чанарыг сайжруулах, салбарын төсвийг нэмэгдүүлэх - 14 хувь
  • Боловсролын чанарын ялгааг арилгах, сургууль, цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх - 12 хувь.

Ийнхүү харахад эрүүл мэнд, боловсролын салбарт илүү төсөв тавихыг хүсэж байна. Мөн татвар багасгаж, буцаан олголт нэмэх гэдэг дээр олонх санал нэгджээ. Халамжийн зардлыг багасга гэсэн саналууд орж ирсэн нь анхаарал татлаа. Соёлын төвийн бүтээн байгуулалт дээр төсөв тавьдаг явдалд олонх дургүйцлээ илэрхийлсэн нь анзаарагдав.

Иргэдийн өгсөн энэ саналыг 2026 оны төсөвт хэрхэн тусгах нь, тусгах эсэх нь цаашид анхаарал татан үлдэж байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button