“Khan Cup” 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний ялагчид бямба гарагт тодорно

ХААН Банкны нэрэмжит “Khan Cup” 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний 2 дахь шат буюу Бүсийн аварга шалгаруулах тэмцээний албан ёсны нээлтийн арга хэмжээ Үндэсний соёл амралтын хүрээлэнд өнөөдөр боллоо. Энэхүү нээлтийн ёслолд аймаг аймгаас шалгарсан шилдэг баг тамирчид хүрэлцэн ирснээс гадна ХААН Банкны Гүйцэтгэх захирал, НҮБ-ын Хүүхдийн сангийн үндэсний элч Р.Мөнхтуяа, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан болон Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Төгсжаргал нар оролцлоо. Мөн ХААН Банк өнгөрсөн оноос ивээн тэтгэн хамтран ажиллаж буй Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн “Бишрэлт Металл” багийн тамирчид хүүхдүүдийг дэмжихээр хүрэлцэн ирсэн нь онцлог байлаа.
Үндэсний хэмжээний хамгийн том банкны хувьд ХААН Банк нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийг дэмжих, багийн спортыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах үүднээс 2021 онд 21 аймаг, Зүүнхараа, Замын-Үүд болон нийслэлийн 8 дүүрэгт 3х3 сагсан бөмбөгийн жишиг талбай байгуулсан бөгөөд жил бүр ХААН Банкны нэрэмжит 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнийг аймаг бүрд зохион байгуулдаг уламжлалтай болсон билээ. Энэ жилийн хувьд ХААН Банк Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоотой хамтран уг тэмцээнийг олон улсын стандартын дагуу, илүү өргөн цар хүрээнд зохион байгуулж, орон даяар нийт 510 багийн 2000 гаруй хүүхдийг хамруулснаараа онцлог юм.


ХААН Банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа тэмцээний нээлтийн үеэр “Багийн спорт гэдэг хамтдаа ялалт байгуулах урам зориг, хамтдаа хичээх тэсвэр хатуужил, хамтдаа ялах, ялагдахын сургамжийг өгдөг. Манай банкны уриа үг ХАМТЫН ӨСӨЛТ ТӨГӨЛДӨР. Энэ уриатай багийн спортын зорилго мөн нийцдэг гэж бодож байна. Хамтдаа илүү хол алхана, илүү хүчтэй байна, илүү амжилт үзүүлнэ. Тиймээс бид багийн спортыг дэмжихийг зорьж, түүгээр дамжуулж, хүүхэд залууст хамтдаа олон олон ялалт байгуулж, өсөж хөгжих, эх орныхоо нэрийг тив дэлхийд дуурсгах ирээдүйн аваргуудын өсөж өндийх хөрсийг бэлдэж байна гэж үзэж байна” гэлээ.
ХААН Банкны нэрэмжит “Khan Cup” 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний 2 дахь шат буюу Бүсийн аварга шалгаруулах тэмцээний ялагчид энэ сарын 29-нд тодрох бөгөөд орон нутгийн 5 бүс болон нийслэлээс шалгарсан нийт эрэгтэй, эмэгтэй 24 баг 8-р сарын 30-нд улсын аваргын төлөө хүч сорих юм.


Тэмцээний нийт шагналын сан 150 сая төгрөг. Бүсийн аварга шалгаруулах тэмцээний 1-р байр 2 сая, 2-р байр 1 сая, 3-р байр 700 мянган төгрөгийн шагналтай бол финалын шатанд аваргын цомын эзэн болох баг 5 сая, 2-р байр 3 сая, 3-р байр 1 сая төгрөгийн шагнал хүртэх юм. Мөн үүнээс гадна ХААН Банк Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоотой хамтын ажиллагааны хүрээнд тэмцээний аварга баг тамирчдыг шигшээ багтай хамтарсан бэлтгэлд хамруулах боломжийг бүрдүүлэх, их дээд сургуульд элсэн суралцахад нь дэмжлэг үзүүлэх зэргээр Монголын сагсан бөмбөгийн спортыг бүх түвшинд тогтвортой дэмжихээр зорьж байна.
ХААН Банк Монголын сагсан бөмбөгийн спортыг байнга дэмжсээр ирсэн. Тодруулбал, 2015 оноос хойш NBA-ийн шууд дамжуулалтыг Монголын үзэгчдэд хүргэхэд ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байсны дээр 2024-2025 оны Оюутны лигийг дэмжин ажилласан билээ.
Спортын өсөлтийг дэмжигч – ХААН Банк
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.