Гадаад мэдээДЭЛХИЙ

БНХАУ-ын эдийн засагт тулгарч буй сорилтууд улам хүндрэх төлөвтэй байна

БНХАУ-ын үйлдвэрлэлийн үйл ажиллагаа наймдугаар сард тав дахь сардаа дараалан агшсан юм. Ийнхүү агшсан нь дотоодын эрэлт сул хэвээр байгаа нөхцөлд үйлдвэрлэгчид АНУ-тай хийх худалдааны хэлэлцээрийн үр дүнг хүлээж байгааг харууллаа.

Худалдан авагчийн менежерүүдийн индекс (PMI) наймдугаар сард 49.4 болсон нь долоодугаар сарын 49.3-аас бага зэрэг өссөн үзүүлэлт байв. Гэвч өсөлт ба агшилтыг зааглах 50-аас доогуур байгаа юм. “Reuters” агентлаг эдийн засагчдаас санал асуулга явуулж индекс 49.5 байна гэж таамагласныг давж чадсангүй.

АНУ-ын тарифын нөлөөгөөр экспортоо буурж, үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт, ажлын байрны баталгаагүй байдал нэмэгдэж, орон нутгийн захиргааны өр нэмэгдэж, цаг уурын гамшиг зэрэг хүчин зүйлстэй БНХАУ-ын эдийн засаг нүүр тулаад буй. Эдгээр дарамтууд нь эдийн засгаа ойролцоогоор 5 хувь өсгөнө гэж Бээжин тавьсан амбицтай зорилт нь биелэхэд саад болж болзошгүй гэж шинжээчид үзэж байна.

Харин үйлчилгээ болон барилгын салбарыг хамарсан үйлдвэрлэлийн бус PMI  наймдугаар сард 50.1-ээс 50.3 болж хурдтай тэлсэн гэж Үндэсний статистикийн газар (NBS) мэдээлсэн юм. Үйлдвэрлэл болон үйлдвэрлэлийн бус нийлмэл PMI долоодугаар сарын 50.2-оос наймдугаар сард 50.5 болж өсжээ.

“Pinpoint Asset Management” компанийн ерөнхийлөгч, ерөнхий эдийн засагч Жиүвэй Жан хэлэхдээ, гуравдугаар улиралд дотоодын эрэлт сул хэвээр байсан явдал болон үл хөдлөх хөрөнгийн зах зээл царцсанаас шалтгаалан БНХАУ-ын эдийн засаг саарсан байна.

Тэрбээр “Энэ оны үлдсэн хугацаанд макро эдийн засгийн төлөв байдал экспорт хэр удаан хүчтэй байх, мөн дөрөвдүгээр улиралд бодлогоор санхүүгийн дэмжлэг  өгөх эсэхээс шалтгаална” гэсэн юм.

Долоодугаар сард БНХАУ-ын экспорт мэргэжилтнүүдийн хүлээлтээс давсан ч энэ өсөлт нь Зүүн өмнөд Ази руу нийлүүлэлт эрс нэмэгдсэнтэй холбоотой. БНХАУ-ын экспортлогчид АНУ-ын тарифын эрсдэлийг тооцож, тус улсын зах зээлийг боломж хайж байгаа юм. Хятадын зарим үйлдвэрлэгчид үүнийг шинэ зах зээл олохын төлөөх галзуу хархны уралдаан гэж нэрлэх болжээ.

Зургийн эх сурвалж: CNBC

Өнгөрсөн сарын эхээр АНУ болон БНХАУ хоёр тариф хэрэгжүүлэх хугацаагаа дахин 90 хоногоор сунгасан. Ингэснээр Хятадын бараанд ногдуулах гаалийн татвар 30 хувь АНУ-ын бараанд ногдуулах татвар 10 хувь хэвээр үлдсэн юм. Гэвч хоёр их гүрний худалдааны харилцааны ч тодорхойгүй байдал нь бизнесийн итгэлийг бууруулсаар байна.

Долоодугаар сард БНХАУ-ын аж үйлдвэрийн компаниудын ашиг гурав дахь сардаа дараалан унасан тухай албаныхан лхагва гарагт /2025.09.03/ мэдээлсэн юм. Иргэдийн эрэлт сул буй явдлаас гадна барааны үйлдвэрийн үнэ багассаар байгаа учир ашиг нь буурав. Үйлдвэрлэлийн компаниудын ашиг багассан нь эдийн засгаа дэмжих нэмэлт арга хэмжээ авах тухай Бээжинд ирж буй дарамтыг нэмэгдүүллээ.

Бодлого боловсруулагчид иргэдийн хэрэглээг нэмэх татаасыг ихэсгэж байгаа ч, удаан хугацаанд үргэлжилж буй үл хөдлөх хөрөнгийн салбарын хямрал иргэдийг зарцуулалтыг хязгаарлаж буй. БНХАУ-д үл хөдлөх хөрөнгө нь айлуудын гол хөрөнгө оруулалтын хэрэгсэл байдаг.

Айлуудын орон сууцны зээл авахаас зайлсхийж буй нь долоодугаар сард нийтлэгдсэн банкны зээлийн мэдээллээс харагдсан. Энэ нь сүүлийн 20 жилд анхны удаа орон сууцны зээл авах хүсэлт буурсан үзүүлэлт болсон юм.

БНХАУ-д иргэдийн хэрэглээ цаашид буурах эрсдэлтэй байна. Учир нь БНХАУ-ын Дээд шүүхийн саяхан шийдвэр гаргахдаа компани болон ажилчид нийгмийн даатгалын шимтгэлээс зайлсхийхийг хориглосон юм. Энэхүү шийдвэр компаниудыг ажлын байрны цомхотгол явуулахад хүргэх магадлалтай.

Ажил олгогчид болон ажилчид аль аль нь амьжиргаагаа залгуулахад бэрхшээлтэй байгаа нөхцөлд энэ шийдвэр нэмэлт дарамт болж байна. Ажил олгогчдын нөхцөл байдал хэцүү буй явдлыг ажилгүйдлийн түвшин нэмэгдэж буй тоо баримт харуулсан. Тухайлбал БНХАУ-д хотын бүсийн ажилгүйдэл зургаадугаар сард 5 хувь байсан бол долоодугаар сард 5.2% болж өсжээ.

Энэхүү шийдвэр нь орон нутгийн засаг захиргаанд тэтгэврийн сангаа нөхөн бүрдүүлэхэд туслах зорилготой. БНХАУ-д орон нутгийн захиргаанууд газар худалдаж төсвөө босгодог. Гэвч одоо ийм аргаар олж буй орлого нь шавхарсан тул орон нутгийн захиргаанууд мөнгөн урсгалын хомсдолд орсон байна.

2025 оны хоёрдугаар хагаст эдийн засгийн сорилтууд улам хүчтэй болж, бизнес болон хэрэглэгчдийн итгэл сулран, өрийн зарцуулалт буурч, дефляцын дамарт нэмэгдэх төлөвтэй байгаа юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button