26 орон дайн дууссаны дараа Украинд аюулгүй байдлын баталгаа олгоно гэж амлажээ

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон пүрэв гарагт /2025.09.04/ мэдэгдэл хийхдээ дайн дууссаны дараа Украинд аюулгүй байдлын баталгаа өгөхөө 26 орон амласан хэмээжээ. Тэрбээр Киевийн холбоотнуудтай уулзалт хийснийхээ дараа мэдэгдэл хийж, газар, далай, агаарт олон улсын энхийг сахиулах хүчин үйл ажиллагаа явуулна гэсэн байна.
Украинд аюулгүй байдлын баталгаа өгөх хүсэлтэй 35 орны удирдагч өчигдөр хэлэлцсэн нь баталгааг эцэслэн тогтоож, Трампаас дэмжлэг хүсэх зорилготой байсан юм.Уулзалтын дараа холбоотнууд болон Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нар АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай утсаар ярьсан аж. Аюулгүй байдлын баталгаанд АНУ хэрхэн хувь нэмэр оруулахыг ойрын өдрүүдэд эцэслэн шийдвэрлэх болсон байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй ойрын хугацаанд утсаар ярихыг төлөвлөж байгаа эсэхийг асуухад Трамп “Тийм ээ, ярина. Бид маш сайн хэлэлцээ хийж байгаа” гэжээ. Аюулгүй байдлын баталгаа нь Украиныг хамгаалж, ОХУ дахин дайралт хийхээс сэргийлэх зорилготой юм. Макрон Зеленскийтэй хамт зогсож байхдаа мэдэгдэл хийхдээ “Мөргөлдөөн зогссон даруй аюулгүй байдлын баталгааг олгоно” хэмээжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.