Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд АТГ-т мэдүүлэг өгчээ

Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, УИХ-ын дарга асан З.Энхболд АТГ-т мэдүүлэг өгсөн байна. Түүнийг АТГ-аас "Эрдэнэт"-ийн 49 хувийг худалдаж авсан асуудалтай холбогдуулан гэрчийн мэдүүлэг авчээ.
Тэрбээр энэ тухай “Авлигатай тэмцэх газарт ирж гэрчийн мэдүүлэг өгөөд гарч явна. “Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг "Эрдэнэт"-ийн 49 хувийг авахдаа тухайн үеийн УИХ-ын даргаар ажиллаж байсан намайг, тухайн үеийн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг мэдэж байсан гэсэн мэдүүлэг өгсөн юм байна. Эрх мэдлээ хэтрүүлээд УИХ-д хэлэлгүйгээр авсан энэ буруутай үйл ажиллагаандаа намайг хань татаж байгаа юм байна. Ийм зүйл байхгүй гэдгээ албан ёсоор хуулийн дагуу хэлээд, АТГ-аас гарч явна. "Эрдэнэт"-ийн 49 хувийг УИХ-д мэдэгдэлгүй авсан нь буруу. Энэ хэрэг хуулийн дагуу шийдэгдэх ёстой гэсэн миний гурван жилийн өмнөх байр суурь хэвээрээ.
Эрх мэдлээ хэтрүүлсэн хүн нь Ч.Сайханбилэг болохоос З.Энхболд биш юм. АТГ-аас Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг “ирж мэдүүлэг өг” гээд байгаа юм байна. Ирж мэдүүлгээ өгөөрэй. Ц.Элбэгдорж мэдэхийн цаагуур мэдэж, Ч.Сайханбилэгт нөлөөлсөн гэдгийг сүүлийн гурван жилд өөрийн чинь УИХ дээр, хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьсан үгнээс нь ойлгомжтой байгаа. Тийм учраас энэ байгууллагын хүмүүсийн ажлыг хүндрүүлэхгүйгээр эртхэн ирээд мэдүүлгээ өгөөрэй.
"Эрдэнэт"-ийн 49 хувь Монголдоо ирэх нь зөв. Харин улс авах уу, хувийн компани авах уу гэдэг шийдвэрийг УИХ гаргах ёстой байсан. Ямар ч мөнгөтэй компани юугаа ч худалдаж авч болно. Гэхдээ бүх юм хуулийн дагуу явах ёстой. Монгол Улсын эдлэх ёстой давуу эрхийг Тухайн үед Ч.Сайханбилэг эдлүүлээгүй учраас буруудаад байгаа. Түүнээс биш зарсан тал болох ОХУ-д буруу гэх арга аргагүй. Мөн худалдаж авсан компани эх үүсвэрээ хуулийн дагуу бүрдүүлсэн бол бас буруу гэх арга алга. Тиймээс энэ хэргийн учрыг хуулийнхан олох гэж ажиллаж байгаа юм байна" хэмээв.
Т.САНТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.