Засгийн газар ойрын ирээдүйд газрын ховор элементийн талбарт "хөл тавина"

Нүүрсний салбарын орлого буурч, алт зэсээр орлуулах арга шаардлага руу ороод тодорхойг хугацааг өнгөрөөв. Гэтэл ерөнхийлөгчийн зүгээс "Алт-3" хөтөлбөрт хэсэгчилсэн хориг тавьсан. Дэлхийн улс төр, эдийн засгийн байдлыг дагаж үнэ нь савлагаатай байдаг уул уурхайн бүтээгдэхүүнд төсвийн орлогоо найдах шаардлагагүй гэж эдийн засагчид ч яриад удаж буй.
Иймээс Монгол Улс дан ганц нүүрс, зэсийн орлогод найдаж суухын оронд газрын ховрын элемент рүү хөрвөх дан ганц эдийн засгийн ач холбогдол гэхээсээ стратегийн зорилт болох юм. Ялангуяа, одоогийн Засгийн газрын урд энэ шилжилт ирэхээр харагдаж буй.
Учир нь 2022 онд одоогийн Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын дарга байхдаа БНСУ-д айлчлах үеэрээ хоёр орны хамтарсан “Газрын ховрын элементийн судалгааны төв” байгуулахаар болцгоосон.
Ингэснээр хамтарсан судалгааны төвийг ГСШТ ТӨҮГ дээр түшиглэн 5 жилийн хугацаанд үе шаттайгаар хэрэгжүүлэх шийдэлд хүрцгээсэн юм. Төслийн нэгж нь ажлаа эхлүүлээд явж буй.
Ховд аймгийн Мянгад суманд хэрэгжиж буй “Халзан бүрэгтэй” орд нь газрын ховрын элементийнх буюу Монголд байдаг энэ төрлийн 6 ордын нэг. Гэхдээ нийт 3 сая тонн газрын ховор элементийн нөөцийн 49 орчим хувь нь энд бий ч энэ хэмжээнээс доошлох магадлал бий хэмээн төслийн зүгээс хэлдэг.
Тухайлбал, энэ ордоос диспрози, терби, ниодим, празеодим гэсэн дөрвөн төрлийн газрын ховор элементийг эдийн засгийн үр өгөөжтэй гэж үзэн гаргахж авахаар тооцоолж буй.
Гэтэл яг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах эсэх дээр орон нутгийн иргэдтэй хэлэлцэх, Засгийн газар, УИХ-аас шаардлагатай хууль эрх зүйн орчныг үүсгэж өгөх асуудлууд урд бий. Энэ сарын 23-нд Төрийн ордонд “Халзан бүрэгтэй” ордыг тойрсон асуудлаар Мянгад сумын иргэд, ТББ-уудын төлөөллийг хүлээн авч уулзаж, хяналтын сонсгол хийнэ.
Засгийн газар хэрвээ нүүрснээс газрын ховор элементийн зах зээл рүү хөл тавьж, ойрын ирээдүйн зорилт болгох бол нээлттэй сонсголоор асуудлаа тал талаас нь бодитой хэлэлцэж, байгаль орны нөлөөллийн үнэлгээнээс нь эхлүүлээд орон нутгийнхны оролцоог хангах нь зүй билээ.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.