"С.Ганбаатар гишүүнд Прокурорын дуудан ирүүлэх хуудсыг 3 удаа хүргүүлсэн ч ирээгүй"

АТГ-ын хоёр ажилтан Төрийн ордонд нэвтэрч, С.Ганбаатар гишүүний өрөөнд гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэх мэдээлэл өнгөрсөн баасан гарагт хөвөрсөн.
Улмаар АТГ-аас гүйцэтгэх ажиллагаа биш, яллагдагчаар татагдсан тогтоолыг нь өгөхөөр очсон гэж мэдээлсэн.
Гэтэл өнөөдөр УИХ-ын гишүүн С.Ганбаатар "АТГ-ын хоёр ажилтан нэрээ нууцлан, камертайгаар орж ирсэн. Гүйцэтгэх ажиллагаа л гэж ойлгосон. АТГ мөрдөн байцаах хуулиа удаа дараалан зөрчсөн. Би дуудсан цагт нь очдог. Танилцуулга, мэдэгдэл дээр нь "зөвшөөрөхгүй байна" гэж гарын үсгээ зурсан. Та нар АТГ-аас тараагаад байгаа худал мэдээлэлд битгий итгэ. Дан ганц намайг ч биш 17 хүнийг зовоож байгаа" гэв.
Тэгвэл нөгөө талаас Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаах албаны хяналт тавих хоёрдугаар хэлтсийн дарга, ахлах прокурор Г.Гэрэлтуяа дараах тайлбарыг өглөө.
С.Ганбаатарт холбогдох хэргийг хянаж үзээд, мөрдөгчийн санал үндэслэлтэй байна гэж үзээд, Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсэгт заасан Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, өөрийн хамаарал бүхий хүмүүст давуу байдал бий болгосон, Эрүүгийн хуулийн 22.4 дэх хэсэгт заасан хахууль авах, Эрүүгийн хуулийн 22.10 дахь хэсэгт заасан үндэслэлгүй хөрөнгөжих, Эрүүгийн хуулийн 18.6 дахь хэсэгт заасан мөнгө угаах гэсэн зүйл ангиар яллах дүгнэлт үйлдсэн.
Мөрдөх байгууллагын зүгээс яллагдагч С.Ганбаатарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахад мэдрүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагаанд оролцохгүй, хэргийг шүүхэд шилжүүлсэн үед шүүхэд мэдүүлэг өгнө гэсэн байдаг.
Иймд мөрдөх байгууллагаас прокурорын яллах дүгнэлтийг танилцуулахаар олон удаа дуудсан ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй. Мөн прокурорын мэдэгдэх хуудсаар дуудсан ч хүрэлцэн ирээгүй. Тиймээс прокурорын яллах дүгнэлтийг гардуулах зорилгоор прокурорын дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг түүнд гурван удаа хүргүүлсэн ч мөн л хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос прокурорын шийдвэрийг танилцуулах зорилгоор 2025 оны есдүгээр сарын 19-ны өдөр хуулийн дагуу дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг үйлдээд түүнд хүргүүлэхийг мөрдөгчид даалгасан. Үүний дагуу мөрдөх байгууллагаас прокурорын дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг хүргүүлэх ажиллагааг хэрэгжүүлж, өнгөрсөн баасан гарагт энэ ажиллагаа явагдсан. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явагддаг ажиллагаа.
Хуулийн дагуу яллагдагч яллах дүгнэлттэйгээ танилцаж, гарын үсэг зураг ёстой. Яллагдагч С.Ганбаатар яллах дүгнэлттэйгээ танилцсаны дараа түүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлнэ. С.Ганбаатарт холбогдох хэрэг яллах дүгнэлтийг гардуулах, хэргийг шүүхэд шилжүүлэх ажиллагаа явагдаж байгаа тул УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх гэдэг нь дараагийн шатны ажиллагаа" хэмээсэн юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud