2 хувийн татварыг хүчингүй болгох санаачилгыг хэлэлцэж, Төсвийн байнгын хороо руу шилжүүллээ

УИХ-ын Өргөдлийн байнгын хороогоор үл хөдлөха хөрөнгө борлуулсны 2 хувийн татварыг хүчингүй болгох иргэн О.Батхүүгийн гаргасан санаачилгыг хэлэлцэж эхэллээ. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор байнгын хорооны гишүүд саналаа хэлж байна.
Сангийн яамны төлөөлөл: Орон сууцаа амьдрахын тулд зарч байна уу, олон удаагийн давтамжтай зарж байна уу гэдгийг ялгаж чадахгүй байгаа. Энэ асуудал үүссэнээс хойш Сангийн яам, татварынхан дээр яригдаж байгаа зүйл нь орон сууцандаа 3-аас дээш жил амьдарч байсан бол яг өөрийн орон сууц гэж үзэх эсвэл үнийн дүнгийн тодорхой хязгаарын практик байдаг юм билээ. Цаашид хуулиндаа нарийвчлан сайн зааж өгөхгүй бол “үл хөдлөх хөрөнгө борлуулсан” гэдэг ерөнхий үгээр явчихаар үүний цаана газар, орон сууц аль аль нь ордог учраас хөнгөлөлт дэмжлэгийн урамшууллыг хаана нь олгох вэ гээд асуудал бий.
УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа: Уг татварын 2 хувийг байхгүй болговол төсөв дээр ямар ачаалал ирэх вэ гэж гишүүд асууж байна. Би бол нөгөө талаас нь асуумаар байна. Орон сууц борлуулсан иргэд ХАОАТ-аас хөнгөлөлт буцаалтаар 6 орчим сая төгрөг өгч байгаа. Яг энэ аргачлалаар 2 дахь байраа томруулахад нь үл хөдлөхийн татвар авчихаад буцаагаад дэмжлэг байдаггүй. Энэ татвар чинь иргэд авч байгаа цалингаасаа татвар төлчихөөд, татвар төлсний дараах ашгаараа үл хөдлөх хөрөнгө худалдаж авч байхад дахиад 2 хувийн татвар гээд байгаа нь давхар татварын ачаалал бий болоод байгаа юм. Үүнийг байхгүй болгохоос илүүтэй 2 дахь байрнаасаа 2 хувийн татвар төлж байгаа бол дахиад шинэ байр авахад нь ХАОАТ-аас эхний байр авч байгаа шиг буцаалт өгвөл яасан юм бэ. Хүмүүсийн дургүй байгаа зүйл нь энэ татвар юунд зориулагддаг юм бэ. Уг нь тухайн дүүргийн гудамж, зам талбай, гэрэлтүүлэг гээд өөрийнх нь амьдарч байгаа нөхцлийг сайжруулахад зарцуулагдах ёстой байтал том татвар руугаа нийлээд халамж, тэтгэвэр, тэтгэмж гээд явчихаар иргэд уг 2 хувийн татварыг өгөхийн ач холбогдлыг ойлгохгүй байна.
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Иргэдийн борлуулж байгаа орон сууцны хэдэн хувь нь гэр бүлийн хэрэгцээнд борлуулаад, хэдэн хувь нь олон давтамжтайгаар худалдаж аваад буцааж зараад орлого олж байна гэдэг асуулт асуухад “Ийм бүртгэл байхгүй” гэж албаныхан хариуллаа. Тэгэхээр хэдэн хувь нь ашиг олж байгаа олон давтамжтай юм бэ, хэдэн хувь нь амьдарч байгаа орон сууцаа зарж байгаа юм бэ гэдгийг ялгаж, судлах шаадрдлагатай юм байна гэж харлаа.
УИХ-ын гишүүн Д.Рэгдэл: 100 мянган хүн гэдэг нь насанд хүрэгчдийн 5 хувь орчим. Тиймээс энэ иргэд санал гаргасан учраас иргэнийхээ талд шийдвэр гаргах үүрэг оногдож байна гэж харж байна. 1992 онд үл хөдлөх хөрөнгийг бүртгэлжүүлэх зорилгоор энэ татварын агуулгыг оруулсан байж болно. Одоо харахаар заавал 2 хувийн татвараар бүртгэдэг арга хоцрогдсон харагдаж байна. Байр худалдаж байгаа нь 2 хувийн татвар төлдөг байдлаар явж ирсэн харагддаг. Намрын чуулганаар хэлэлцэхдээ татварын асуудлыг авч хэлэлцэнэ гэж байгаа учраас том өөрчлөлтүүдийг оруулж ирж, энэ хоёр хувийн асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэж харлаа. Яагаад хоёр хувийн татвар аваад байгаа учир шалтгааныг ойлгосонгүй. Холбогдох албаныхан нь сайтар тайлбарлах шаардлагатай байна.
УИХ-ын гишүүн С.Замира: Иргэн О.Батхүүгийн саналыг дэмжиж байна. Давхар давхар татвар авч байгаа асуудал бий. Сангийн яам татварын судалгаагаа сайтар хийж, ХАОАТ-ын заалтыг үндэслэн төр засагт ирэх татварын ачаалал ямар юм гэдэг судалгааг сайтар гаргах хэрэгтэй. Ченжүүд орон сууц худалдаад байна уу, иргэд юмуу гэдэг судалгаа нь чухал. Хувь хүн өөрийн эзэмшлийн байраа худалдаж байгаа тохиолдолд татвараас чөлөөлөгдөх нь зөв гэж үзэж байна.
Хэлэлцэж байгаа асуудлаар УИХ-ын гишүүд үг хэлж дууссаны дараа худалдаж байгаа орон сууцнаас 2 хувийн татвар авч байгаа заалтыг хүчингүй болгох санаачилгыг Төсвийн байнгын хороо руу шилжүүлэн хэлэлцүүлэхээр боллоо.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.