“Moody’s Rating” фирм Монголын зээлжих зэрэглэлийг B2-оос B1 болгож нэмэгдүүлжээ

“Moody’s Rating” фирм пүрэв гарагт /2025.10.16/ Монгол Улсын зээлжих зэрэглэлийг B2-оос B1 болгон дээшлүүлж, хэтийн төлөв тогтвортой гэж үзжээ. Ийнхүү зээлжих зэрэглэлийг нэмсэн нь эдийн засгийн өсөлт илүү тогтвортой байх хүлээлт, ашигт малтмалын төрөлжилтийг дэмжих хүчин чармайлт, мөн бодлогын үр ашиг, ялангуяа өрийн удирдлага ба санхүүгийн шинэчлэл сайжирч буйтай холбоотой аж.
2024 онд хөдөө аж ахуйн сул гүйцэтгэлтэй байсан ч Монгол Улсын эдийн засаг 5.1 хувиар өссөн. “Moody’s”-ийн тооцооллоор бодит ДНБ энэ жил 5.5 хувиар өсөж, 2026 онд мөн адил түвшинд өсөх төлөвтэй байна.
Гадаад өрийг ДНБ-тэй харьцуулсан харьцаа 2016 онд 90 хувь давж байсан бол энэ онд 42.6 хувь орчим болж буурчээ. Гэхдээ “Moody’s” фирмийн тооцоолсноор 2025 онд төсвийн алдагдал ДНБ-ий 3 хувь орчимд хүрч, 2026–2028 онд дунджаар 4.5–6 хувийн хооронд байх төлөвтэй.
Тус фирм тооцоолсноор Монгол Улсын өрийн дарамт 2028 он гэхэд ДНБ-ий 48 хувьд хүрэх төлөвтэй байна. Энэ нь B1–B2 үнэлгээтэй орнуудын түвшинтэй нийцэх юм.
Эх сурвалж: Investing
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.