Гадаад мэдээДЭЛХИЙ

Роберт Паттинсон: Хүмүүсийн надад тавьдаг хүлээлтийг хэзээ ч тоож байгаагүй

Холливудын алдарт жүжигчин Роберт Паттинсон “The Talks” агентлагтай саяхан хийсэн ярилцлагыг орчуулж хүргэе. Тэрбээр “Twilight” франчайзд бүтээсэн дүрээрээ алдарт нэрд гарсан. Зарим жүжигчин амжилттай кинонд тоглосон дүрдээ баригдах тохиолдол байдаг. Харин Паттинсон “Twilight”-ийн Эдвардын дүрд баригдалгүй үзэгчдийн сэтгэлд хүрсэн олон кинонд тоглож, өөрийгөө чадварлаг жүжигчин гэдгээ харуулж чадсан юм.


Ноён Паттинсон, та мэргэжлээсээ залхаж, сэтгэл алдраад байна уу?

Олон жүжигчин “Би энэ ажил тийм байх юм гэж бодсон чинь огт өөр байсан” гэж гомдолддог. Харин би жүжигчний мэргэжил байх ёстой гэж ямар нэгэн байдлаар төсөөлж байгаагүй. Сайн, муу ямар ч зүйл бүгд л шинэ туршлага байдаг. Тиймээс надад хүлээлт байгаагүй болохоор урам хугарах ч зүйл байхгүй.

Харин хүмүүс танд тавьдаг хүлээлт яах вэ?

Би хүмүүсийн надад тавьдаг хүлээлтийг хэзээ ч тоож байгаагүй. Олон жүжигчин ажлаа хийж эхэлчхээд “Нэг л өдөр хүмүүс намайг хуурамч гэдгийг олж мэдэх байх даа” гэж боддог. Тийм мэдрэмжийг олон хүн авдаг байх. Би Антон Корбийн найруулсан “LIFE кинонд тоглосон. Тэр кинонд би Жеймс Диний алдарт зургуудыг авсан гэрэл зурагчны дүрийг бүтээсэн юм. “LIFE” кинонд тоглоод жүжигчин, гэрэл зурагчин хоёрын ажил хоорондоо олон талаараа адилхан юм шиг санагдсан.

Яг ямар утгаар адилхан гэж?

Хоёулаа өгөгдсөн материалдаа л найдах хэрэгтэй ажил. Ялангуяа нэр алдартай, онцгой авьяастай, сэтгэл татам хүмүүсийн зургийг авч байгаа гэрэл зурагчны хувьд энэ бүр ч илүү хамааралтай. Жүжигчин хүний хувьд ч бүх зүйл бусдаас хамаарна. Хэдий сайн жүжиглэлээ ч гэсэн аливаа кино амжилттай байсан нь “Тэр сайн жүжиглэсэн болохоор” гэж үзэгчид хэлдэг жүжигчин тун цөөхөн. Гэрэл зурагчны хувьд ч ялгаагүй, хийсэн зүйлээ өөрийн амжилт гэж нотлоход хэцүү.

Зургийн эх сурвалж: ABC News

Папарациудад байнга хөөгддөг хүний хувьд, нэг удаа гэрэл зурагчны дүрд хувирч тоглох нь танд сэтгэл уужирсан мэдрэмж төрсөн үү?

“Chateau Marmont” зочид буудлын гадаа папарацийн зурагчин болж алхах үнэхээр сонин байсан. Яг тэр газар очиход бүр гаж мэдрэмж төрсөн. Сэтгэл уужирсан уу гэвэл мэдэхгүй. Тэр дүр папарацичин учраас зодуулж үхсэн бол тэгж болох байсан байх.

Папараци ч бас хүмүүс шүү дээ.

Үнэндээ үгүй л дээ. Миний бүтээсэн дүр папарацичин учраас өөрийгөө үзэн яддаг.

Та карьерийнхаа эхэн үед гэрэл зурагчидтай бас багагүй асуудалтай байсан шүү дээ?

Twilight гарч байх үед студиуд франчайзын жүжигчдээ маш хатуу хянадаг байсан. Хүүдэд ээлтэй имиж үзүүлэх ёстой байсан гэх үү дээ. Гэтэл би эхний хэдэн сар архи ууж, тамхи татаж байгаа зураг олонд цацагдсан болохоор хүмүүс намайг арай өөр гэж хэлдэг байсан байх. Гэхдээ одоо нөхцөл байдал өөрчлөгдсөн. Колин Фаррелл гэх мэт хүмүүсийг би санадаг. Тэр долоон, найман жилийн өмнөхөн л их галзуу байсан. Харин одоо тийм байхыг хүмүүс зөвшөөрөхгүй.

Яагаад зөвшөөрөхгүй гэж, юу болох юм?

Одоо тийм юм хийвэл ажлаасаа халагдана. Хэн ч чамайг ажилд авдаггүй. Хүн болгон л жүжигчдийг даруухан, цэвэр, төвийг сахисан байхыг хүсдэг Үнэхээр уйтгартай. Тэгээд бүгд нууцаар хар тамхи хэрэглэдэг л болсон доо.

Twilight-д тоглох болсны дараа студи тань даруухан ярилцлага хийх сургалтад хамруулсан уу?

Тийм ээ, “Summit” студи намайг хэвлэл мэдээллийн сургалтад оруулсан. Учир нь би тэнэг ярилцлага хэтэрхий их өгөөд байсан юм. Би зүгээр л хошигнож ярих дуртай байсан чинь дараа нь “Паттинсон хэвлэл мэдээллийн сургалтад сууж, хамтран ажиллахаас татгалзсан” гэсэн имэйл явуулсан байгаа юм даа. Миний агент тэр имэйлийг хөгжилтэй гэж боддог.

Та сэтгүүлчтэй жинхэнэ найз байж чадах уу?

Тодорхой түвшний нэр хүндэд хүрэх хүртлээ бол болно. “Twilight”-ийн эхний анги гарахаас өмнө хэдэн сэтгүүлчтэй сайн ойлголцож чаддаг байсан. Тэд чамайг дэмждэг, сайхан нийтлэл бичдэг байсан юм. Гэхдээ хэт олон ярилцлага өгөөд ирэхээр хүмүүс чиний хэлж буй нарийн ширийн зүйлсэд сонирхолгүй болчихдог. Хэтэрхий их ярилцлага өгсөн учир зарим зүйлсээ давтаад эхэлдэг. Харин редакторууд “Тэрийг тэнэг юм шиг сонсогдохоор юм хэлүүл, эсвэл маргаантай зүйл хэлүүл” гэдэг.

Тийм ээ, олон хэвлэл яг тэгж ажилладаг нь харамсалтай.

Тийм шүү. Сэтгүүлчийн ажил нь хүмүүсээр маргаантай юм хэлүүлэхээс хамаардаг гэдгийг ойлгох үедээ тэдэнтэй ойр байж чадахгүй. Зарим жүжигчид папарациудтай “гэрээ” хийдэг юм байна лээ. Тэр нь хэзээ ч сайн үр дүнд хүрдэггүй. Бүр хэзээ ч шүү.

Зургийн эх сурвалж: Teen Vogue

Twilight-ийн дараа та Вернер Херцог, Дэвид Кроненберг, Антон Корбийн, Жэймс Грэй зэрэг найруулагчидтай жижиг төсөл дээр ажиллах болсон.

Сүүлийн хэдэн жил би бараг зөвхөн найруулагчийн төлөө л дүр бүтээж байсан. Кроненбергийн найруулсан “Cosmopolis” кинонд тоглосныхоо дараа олон боломж нээгдсэн. Хүмүүс чамайг өөрөөр харж эхэлдэг юм билээ. Тэгээд дараа дараагийн уран бүтээлүүдээ урсгалаараа хийсэн. Ийм найруулагчидтай хамт ажиллах нь сайхан байдаг. Би гол дүр биш, жижиг дүрүүдэд тоглох дуртай, кино бүтэлгүйтвэл миний буруу болохгүй шүү дээ.

Тэгвэл эдгээр найруулагчидтай ажиллахдаа тэдний арга барилын ялгааг анзаарсан үе бий юу?

The Rover-ийн зураг авалтын төгсгөлд анзаарсан нэг мөч байсан. Бид яг зураг аваад дуусаж байлаа. Найруулагч Дэвид Мишо зураг авалтын талбайн голд ганцаараа зогсоод, хүмүүсийн тоног төхөөрөмж хурааж байгааг ширтэж байсан. Надад нэг л сонин санагдсан болохоор “Зүгээр үү?” гэж асуусан. Тэгэхэд найруулагч Мишо “Тийм ээ, би зүгээр. Одоо миний амьдралд зураг авалтаа дуусгаад ийм мэдрэмж авах өдөр зургаахан ширхэг л үлдсэн байх гэж бодлоо. Тэгээд энэ мөчийг мэдрэх гэсэн юм” гэж хариулсан. Зарим хүн ажлаа дараагийн ажлынхаа үүд хаалга гэж хардаг бол, нөгөө нь бичиж, найруулж, бүх амьдралаа зориулдаг. Ийм хоёр хүний ялгаа их хачирхалтай

Ажлаа гүйцэтгэж дуусахад нь амьдралынхаа хэд хэдэн жилийг зарцуулсан хүмүүс байдаг

Тийм ээ, яг тийм. Тэр мэдрэмжийг мэдэрч болдог. Өөр хүний мөрөөдлийг биелүүлэх гэж оролдох нь илүү догдлом, илүү хөгжилтэй. Харин юу хийхээ мэдэхгүй, өөрийн ажлаа ч дуртайгаар хийж буй эсэх нь эргэлзээтэй хүмүүстэй ажиллахад бол үнэхээр хэцүү. Тийм хүмүүс сандарсан байдаг учир өөрөө живчих вий гэсэн айсан төрдөг. Үнэхээр аймшигтай. Харин өөрийн бүтээж буй зүйлдээ итгэлтэй, үнэмшилтэй хүмүүстэй хамт ажиллахад бүх зүйл тэс өөр болдог.

Эх сурвалж: The Talks

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button