Чуулган | "2024 оны байдлаар ТӨК-иуд ₮26 их наядын орлого олж, ₮5.8 их наядын цэвэр ашигтай ажилласан"

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.11.11/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.09.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/-ийг тодорхой асуудлын хүрээнд ДАХИН явууллаа.
Төсвийн байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар гаргасан санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл уншиж танилцууллаа.
УИХ-ын гишүүн Д.Бум-Очир: "Төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой 99 компани. Орон нутгийн өмчийн оролцоотой 472 хуулийн этгээд байдаг гэсэн мэдээлэл байна. Эдгээр компаниуд ашиггүй ажиллаж байгаа. Үүнийг цэгцлэхээр хуулийн төсөл өргөн барьсан гэж ойлгосон. Засаглал, ногдол ашиг хуваарилах, эрхээ хэрэгжүүлэх зэрэг нь тодорхойгүй байна. Засаглалыг сайжруулаад хэдий хэмжээний хөрөнгө мөнгө төвлөрүүлэх юм бэ. Ялангуяа ирэх оны улсын төсөв тэлэх боломж байна уу?
- ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт: "Төрийн өмчийн бодлого зохицуулалттай холбоотой асуудал ЗГХЭГ-ын харьяанд хамаардаг. Өнөөдрийн байдлаар 104 төрийн өмчит компани үйл ажиллагаа явуулж байна. Үүнд, 60 орчим мянган хүн ажилладаг. Орон нутгийн өмчит 350 орчим компанид 20 мянган хүн ажилладаг. 2024 оны жилийн эцсийн байдлаар 26 их наяд төгрөгийн орлого олж, 5.8 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Үүнийг 2023 оны жилийн эцсийн дүнтэй харьцуулахад орлогын хэмжээ 10.1 хувиар, ашгийн хэмжээ 15 орчим хувиар 746 тэрбумаар нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл ТӨХК-иуд бүгдээрээ ашиггүй, муу ажиллаж байгаа юм биш. "Эрдэнэт үйлдвэр" "Оюутолгой" компанитай адилхан орлого олдог хэрнээ гурав дахин өндөр татвар төлдөг. Сайн жишээ их байна" гэв.
УИХ-ын гишүүн Б.Бейсен: ЭМДС-гийн хулгайг хэзээ цэгцлэх вэ?
- ЗХЭГ-ын дарга С.Бямбацогт: ЭМДС-г санаатай завших үйлдэл хийж байсан нь тогтоодсон. Эмч нар буруугүй. Нийт 550 удаагийн завших үйлдэл гарсан. 185 хуурамч нэхэмжлэх ирүүлснийг тогтоосон. Тодорхой улсын болон хувийн эмнэлэг дээр гарсан.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа: 2016 онд МАН олонх болуутаа ЭМДС-г ЭМЯ-ны харьяанд өгснөөр асуудал үүссэн. ЭМДЕГ-ыг ЭМЯ-ны харьяанаас гаргах тогтоолын төсөл өргөн барьсан. ЭМДС-ийн хөрөнгийг төсвийн алдагдлыг нөхөх, сонгуулийн зорилгоор үр ашиггүй аян өрнүүлж, хулгай, хуйвалдааны оромж болгожээ. Яаралтай харьяаллыг өөрчилж, даатгуулагчдын хөрөнгийг хамгаалах шаардлагатай байна" гэв.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud