Ашигт малтмалын 8 зөвшөөрлийн хариуд ₮2.7 тэрбумыг авсан Ш.Ганхуяг, өгсөн Эдвард Сүрэн нарыг 1 сар хорив
“Алтжин” группийн Г.Алтан агсны хүү Эдвард Сүрэн, АМЕГ-ын дарга асан Ш.Ганхуяг нарыг авилга өгсөн, авсан хэргээр нэг сарын хугацаатайгаар цагдан хориод байна.
Тодруулбал, Ш.Ганхуяг нь Ашигт малтмалын ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа “Минерал Эксплорейшн Фандинг” компанийн мэдэлд байсан "Олон овоот"-ын ашигт малтмалын найман тусгай зөвшөөрлийг “Алтжин” группийн Г.Алтан агсны том хүү Эдвард Сүрэнгийн хамаарал бүхий “Олон овоот гоулд” ХХК болон “Зөв зүг” ХХК-д хууль бусаар шилжүүлсэн байна. Улмаар тэрбээр үүнийхээ хариуд Эдвард Сүрэн нараас 2.7 тэрбум төгрөгийн хахууль авсан болохыг АТГ-аас олж тогтоосон байна.
Эргэн сануулахад: "Олон овоот" ордыг анх “Монгол газар” болон “Жаст групп” ХХК хамтран эзэмшиж “Олон-Овоот гоулд” ХХК-ийг байгуулсан байдаг. Улмаар уг орд “Алтжин” группийн мэдэлд шилжиж байжээ. Гэвч тэд Монголбанк болон дотоодын арилжааны банкуудад их хэмжээний өр тавьж, барагдуулахгүй 13 жил өнгөрсөн байна.
Тэдний үүсгэсэн 140 гаруй тэрбум төгрөгийн өрийг барагдуулахын тулд банк дундын барьцааны зүйл болох найман ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг “Минерал Эксплорейшн Фандинг” ХХК-д шилжүүлэн өгсөн ажээ.
Тодруулбал, нийт 18 гүйцэтгэх баримт бичигт үндэслэн гурван шатны шүүхийн шийдвэрээр, хамгийн сүүлийн баримт нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны наймдугаар сарын 7-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай” 335, 336, 337, 338, 339, 340, 341 дүгээр шийдвэр, 2024 оны есдүгээр сарын 26-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай” 426 дугаар шийдвэрээр “Олон-Овоот гоулд” ХХК-ийн Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын нутаг дахь Овоот-1 нэртэй 940.35 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын MV-015274, MV-015275, MV-015282, MV-015283, MV-020764, MV-021489, MV-021490 дугаартай 7 тусгай зөвшөөрлийг “Олон-Овоот гоулд” ХХК-иас, MV-019336 дугаартай 1 тусгай зөвшөөрлийг “Зөв зүг” ХХК-иас “Монголын актив удирдлагын корпорац” ХХК-ийн үүсгэн байгуулсан “Минерал Эксплорейшн Фандинг” ХХК-д тус тус шилжүүлсэн байдаг байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.