Том Фельтон: Эцэг нь хүүхдээ тааруу хүмүүжүүлсний үр дүн гэдгийг мэддэг болохоор би Дрэйког маш их өрөвддөг
“Harry Potter”-ын цувралуудын Дрэйко Малфойн дүрийг бүтээснээрээ алдартай Том Фельтоны тоглосон “Fackham Hall” кино удахгүй нээлтээ хийх юм. Үүнтэй холбогдуулан тэрбээр фэнүүдээсээ асуулт авч хариулсныг нь “The Guardian” агентлаг нийтэлжээ. Тус ярилцлагыг орчуулж хүргэе.
Таны дуртай сургуулийн дээрэлхүү дүр хэн бэ: “The Inbetweeners”-ийн Донован, “Back to the Future”-ийн Бифф Таннен, “Heathers”-ийн Хэдер Чандлер, “Simpsons”-ийн Нелсон Манц эсвэл “Grange Hill”-ийн Гриппер Стебсон уу?
Эцэг нь хүүхдээ үнэхээр тааруу хүмүүжүүлсний үр дүнд тийм болсон гэдгийг нь мэддэг болохоор би Дрэйког маш их өрөвддөг. Би “The Inbetweeners’-ийн Жеймс Баклиг сайн мэднэ. Түүний дүр бол инээдмийн маягийн дээрэлхүү хүний жишээ. Гэхдээ “The Simpsons” цувралын үнэнч шүтэн бишрэгчийн хувьд миний хамгийн дуртай нь Нелсон Манц гэж хэлнэ дээ.
Таны барьж байсан хамгийн том загас ямар загас байсан бэ?
15 жилийн өмнө Нью-Йорк мужийн Гэгээн Лаурентийн голоос барьсан 17 кг гаруй жинтэй энгийн мөрөг загас. Миний ах Крис Харри Поттерын зураг авалтын үеэр намайг харж байхдаа загасчлахад уруу татсан юм. Ээж маань эхний анги дээр, өвөө маань хоёрдугаар анги дээр намайг харж байсан. Өвөө маань яг л шидтэн шиг харагддаг байсан болохоор найруулагч Крис Коламбус түүнийг Дамблдорын хажууд багш нарын ширээний ард суулгаж тоглуулж байсан.
Тэгээд дараа нь ах намайг харгалзаж явдаг болсон доо. Манай ах бол түүхэн дэх хамгийн муу харгалзагчдын нэг, өдөржин л унтдаг байсан. Гэхдээ бид шөнөжин загасчлаад нойргүй хонодог байсан болохоор аргагүй байх л даа.
Заримдаа бид зураг авалтын талбайгаас орой 18:00 цагт гараад, гэр маань байдаг Суррей руу яваад шууд л нуурын эрэг дээр очиж дэгээгээ усанд хаяж майхнаа бариад хэдхэн цаг дуг хийгээд, өглөө 6 цагт сэрээд шууд Хогвартс руу явдаг байсан. Тэр үе байгальд байх, загасчлах, нохойгоо салхилуулах гээд миний насан туршийн хүсэл сонирхлын гайхалтай эхлэл болсон доо.
Шар үстэй байхын давуу тал юу вэ?
Ес хоног тутамд үсээ будахад сул тал бол бий шүү. Одоо үстэй байгаа минь гайхмаар хэрэг. “Harry Potter and the Cursed Child” жүжиг дээр би азаар хиймэл үс зүүсэн. Гэхдээ үсээ шар болгоход шууд л Малфой шиг зантай болчихдог. Барбитай би санал нэг байна. Шар үстэй хүмүүс илүү хөгжилтэй амьдардаг."

Хэрэв та өнгөрсөн болон одоо үеийн ямар нэгэн телевизийн цувралд тоглох боломжтой байсан бол алинд нь тоглохыг хүсэх байсан бэ?
Би “Mr Bean”-д их дуртай. Учир нь хэлний хязгаар байхгүй болохоор дэлхий даяар хүн бүр ойлгож, түүнийг хүндэлдэг. Эх зохиол нь их товч байсан байх гэж төсөөлдөг. Би АНУ дахь хамтран ажиллагсдадаа Английн инээдмийн цувралуудын гайхамшгийг танилцуулж байгаа. Би “Only Fools and Horses”-ийн талаар ярихад нэг нь "Тэр чинь юу юм?" гэж асуусан. Тэгэхээр нь би "Байж бай" гэж хэлээд Дэл Бой, Триггер хоёрын бааранд байдаг хэсгийг гаргаж ирээд гурав дөрвөн удаа үзүүлсэн.
Би сая “Fackham Hall”-ын трейлэрийг үзлээ, үнэхээр хөгжилтэй юм. Ялангуяа ангийн буугаар хаа хамаагүй бууддаг хэсэг дээр их инээд хүрсэн шүү. Тэр хэсгийн зургийг авч байхад дүрээсээ гарахгүй, инээчихгүй яаж тэвчсэн бэ?
Тэр сцена үнэхээр инээдтэй хэсэг шүү. Дамиан миний аавын дүрд тоглодог. Түүний эхнэр, Хелен МакКрори агсан “Harry Potter” дээр Малфойн ээжид тоглож байсан. Би түүнийг олон жилийн өмнөөс таньдаг байсан ч анх удаа л хамтран ажиллах боломж олдсон нь энэ байв.
Өшөө авалтын талаар гайхалтай триллер уран бүтээл болох “Message from the King” кинонд Чадвик Боузмантай хамтран ажиллах ямар байсан бэ?
Пөөх, нилээд хэдэн жилийн өмнөх зүйл байна. Чадвик үнэхээр мэргэжлийн, өөр түвшний хүн байсан. Тэр надад Энди Серкисийг санагдуулсан. “Rise of the Planet of the Apes” киног хийж байхад Энди жинхэнэ боловсон залуу мэт байдаг ч зураг авалт эхэллээ гэж хэлэх мөчид шал өөр араатан болж хувираад Цезарь сармагчны дүрээр намайг шалан дээгүүр чирдэг байлаа.
Чадвик намайг машин руу үнэхээр догшин байдлаар шидсэн. Тэр намайг үнэхээр дуу гарахааргүй болтол нүдсэн болохоор жүжиглэх шаардлага бараг гараагүй дээ.
Драко Малфой Хогвартсын тулалдааны үеэр эцэг эхтэйгээ зогсохын оронд гол гуравтай мөр зэрэгцэн Волдеморттой тулалдсан бол хийсэн буруу зүйлсээ цайруулж чадах байсан гэж та боддог уу?
Тийм ч гэж бодож байна, үгүй ч гэж бодож байна. Би энэ талаар их гүнзгий бодож үзсэн л дээ. Гэхдээ би зохиолч нь биш. “Harry Potter”-ын зохиол нь төгс бичигдсэн, кинонууд болон тайзны жүжиг ч мөн гайхалтай гэдгийг би мэднэ.
Би “Harry Potter”-ын фэн мөн боловч өөрөө шүтэн бишрэгчийн зохиол бичих хэмжээний улайрсан фэн биш ээ. Хүмүүс Драмион гэж нэрлэдэг Драко, Хермион хоёрыг нийлүүлсэн шүтэн бишрэгчийн зохиол зөндөө байдаг. Миний ах нэг хэсэг Драрри буюу Драко, Харри хоёрыг хамт байгаа зургийг дэлгэцийн зургаа болгочихсон байсан.
Таны тэжээдэг байсан чинчилла Стэнлитэй холбоотой дурсамжаасаа хуваалцаач
Миний илж үзсэн хамгийн хөвсгөр амьтан байсныг санаж байна. Одоо бодоход, амьтанд тийм ч хайртай биш байсан миний аавын хувьд их л хачин тэжээвэр амьтан байсан байх. Бид харьцангуй жижигхэн байшинд амьдардаг байсан ч Стэнлид зориулж аварга том тор хийж өгсөн. Стэнли ерөнхийдөө их эелдэг байсан ч нэг удаа намайг хазаж билээ.
Эх сурвалж: The Guardian












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.