Хятадын дотоодын нүүрс олборлолт буурч байна
Хятад, Энэтхэг хоёрын эрчим хүчний нүүрсний импорт өссөн хэвээр байгаа ч үнэ нэмэгдсэн нь цаашдын өсөлтийг хязгаарлах магадлалтай байна. Азийн хоёр том импортлогч орон болох Хятад, Энэтхэгийн эрчим хүчний нүүрсний импорт 11-р сард өсөлт үзүүлсэн боловч үүнтэй зэрэгцэн үнэ өссөн нь цаашдын импортын хэмжээ тэлэх боломжийг хумих дүр зураг ажиглагдах болов.
Дэлхийн хамгийн том нүүрс импортлогч Хятад улс 11-р сард 30.96 сая тонн нүүрс хүлээн авсан нь 10-р сарын 29.18 сая тонноос өссөн үзүүлэлт болохыг DBX Commodities-ийн шинжээчдийн тооцоо харуулжээ.
Хятадын импорт гурав дахь сардаа дараалан өссөн хэвээр байгаа ч өнгөрсөн жилийн түвшнээс эрс доогуур байна. Өнгөрсөн оны 11-р сард тус улс 38.19 сая тонн эрчим хүчний зориулалттай нүүрс импортолсон билээ.
Дэлхийн хоёр дахь том нүүрс худалдан авагч Энэтхэгт 11-р сард 13.01 сая тонн эрчим хүчний нүүрс импортолсон нь аравдугаар сарын 12.38 сая тонноос нэмэгдэж, өнгөрсөн оны ижил хугацааны 12.24 сая тонноос багахан өндөр байна.
Хоёр улсын импорт нэмэгдэхэд далайн тээврээр нийлүүлдэг эрчим хүчний нүүрсний үнэ 6-р сард сүүлийн дөрвөн жилийн хамгийн бага түвшинд хүрч буурсантай холбоотой.
Австралийн 5,500 ккал илчлэгтэй нүүрс 6-р сард долоо хоногт тонн нь 65.72 ам.доллар болж, 2021 оны тавдугаар сараас хойших хамгийн доод үнэд хүрсэн гэж үнэлгээний агентлаг Argus мэдээлжээ.
Хятадын худалдан авагчдын дунд эрэлт өндөртэй. Үүнээс хойш үнэ бараг өөрчлөлтгүй байсан ч наймдугаар сараас эхлэн Хятадын худалдан авалт нэмэгдсэнээр өсөлтийн цикл эхэлсэн юм.
Энэ өсөлт нь нүүрсний үнийг 11-р сарын 21-нд долоо хоногийн дотор тонн нь 86.96 ам.долларт хүргэж, жилийн дээд үзүүлэлтийг тогтоосон ч түүнээс хойш бага зэрэг буурч, өнгөрсөн долоо хоногт 84.60 ам.долларт хаагджээ.
Импортын үнэ нь дотоодын нүүрсний үнийн хэлбэлзлийг бараг бүрэн дагадаг бөгөөд Хятадын дотоодын нүүрсний үнэ 6-р сарын дунд үеэс өсөлттэй байсан ч саяхнаас саарч эхэлсэн байна.
Цинхуандао боомтын эрчим хүчний нүүрс нь 12-р сарын 3-нд тонн нь 810 юань ($114.73) байсан нь 11-р сарын 26-нд бүртгэгдсэн 835 юаньтай харьцуулахад буурсан хэдий ч 6-р сарын дунд үед дөрвөн жилийн хамгийн бага үнэ буюу 610 юаньд хүрээд байснаас 33 хувиар өсчээ.
Сүүлийн саруудад Бээжин үйлдвэрлэлийн гол салбарууд дахь хэт өрсөлдөөн, илүүдэл хүчин чадлыг бууруулах зорилгоор хэрэгжүүлж буй “анти-инволюшн” бодлогоос шалтгаалан дотоодын нүүрсний олборлолт хумигдсан.
Улсын статистикийн мэдээгээр Хятад улс 10-р сард бүх төрлийн нүүрс нийтдээ 406.75 сая тонн олборлосон нь 2024 оны мөн үеийнхээс 2.3 хувиар буурсан үзүүлэлт бөгөөд 9-р сарын 411.51 сая тонноос ч доогуур юм. Гэсэн ч өвлийн ид ачааллын үеэр Хятадын эрчим хүчний нүүрсний хэрэглээ өсөж магадгүй төлөвтэй байна.
Т.БАТСҮРЭН
Эх сурвалж: SxCoal












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Аргагүй шүү дээ, аливаа юм хэмжээ хязгаартаа тулаад буцдаг нь хорвоогийн жам. Манайх тэгэхэд олборлоод тээвэрлэж байгаа хулгайлсаар байгаад завшаантай үеийг алдаж дээ чааваас.