Top StoriesНИЙГЭМСурвалжилга

Сонсголын бэрхшээлтэй 9 залууг эгнээндээ нэгтгэсэн “Интерблю” ХХК: Тэд үнэ цэн, урт нас, цор ганцыг бүтээдэг

"Интерблю" компани 16 ажилтантай. Тэдний ес нь сонсголын бэрхшээлтэй. Энэ компанийн залуучууд Төрийн ордны урд, хойд хаалга, Засгийн газрын хуралдааны ширээ, Төрийн хүндэтгэлийн өргөө, Есөн хөлт цагаан тугийг тойрсон хаалга зэргийг урлажээ. Бүтээлүүддээ дундад зууны хэв маяг, үндэсний онцлог, уламжлал, хээ зэргийг нэвт шингээдэг. Мөн дээрх бүтээлүүдээс гадна Япон болон БНСУ дахь элчин сайдын яаманд хүндэтгэлийн гэр урлаж өгчээ.

Нэгнээ сонсохгүй байх нь бэрхшээл мэт боловч тэднийг мэдрэмжээрээ илүү ойлголцдог гэмээр. Учир нь бүгд өөрийн гэсэн онцгой, орлуулшгүй чадвартай. Энэ бүгд нийлж дахин давтагдашгүй үнэ цэн, урт нас, цор ганц гэх тодотголыг бий болгодог гэж хэлж болно.

Энд компанидаа тасралтгүй арав гаруй жил ажиллаж байгаа олон залуу бий. Тэд улам мэргэшиж, чадваржиж, шантралгүй ахисаар байгааг захирал нь онцолж байв. Жишээлбэл, 2010 онд анх туслахаар ажилд орж байсан Ю.Энхтайван өнөөдөр буюу 15 жилийн дараа цехийн дарга болж дэвшжээ.

Компанийн захирал Ш.Төгсбаяр, "Дунд охин маань хөгжлийн бэрхшээлтэй. Гэхдээ төрхийн хүндрэлээс үүдсэн өөр онош л доо. Миний хувьд охиноо асрах явцад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй их ойр байсан. Тэр ч утгаараа ойлгодог байх. Эдгээр хүмүүсийг хэрхэвч ялгаварлаж болохгүй" хэмээн ярьж байна.

- "Интерблю" ХХК-ийн захирал Ш.Төгсбаяр: Манай залуучуудын тав нь 2011 онд ирж байсан-

-"Интерстиль" тавилгын үйлдвэр 2005 онд байгуулагджээ. Харин "Интерблю" компани болж, бие даагаад таван жил болсон байна. Танай компанийн хувьд модны сонголт хамгийн чухалд тооцогдож байна уу?

-Модон эдлэл гэдэг өргөн ойлголт. Модоор 13,000 нэр төрлийн бүтээгдэхүүн хийдэг гэсэн тоон мэдээлэл бий. Жишээлбэл, эм хүртэл хийж байна. Харин манай улсын хувьд модыг барилга барихад болон тавилга хийхэд голчлон ашигладаг. Бид модон эдлэлийн чиглэлээр 2020 оноос өдийг хүртэл дагнасан. Монголд ургадаг хуш, хар мод зэрэг нь бат бөх боловч хагардаг. Өөрөөр хэлбэл чийглэг биш хуурай уур амьсгалтай тул хатахдаа хагардаг гэсэн үг. Харин Бразил гаралтай модны хатаалт сайн явагдсан байдаг. Бүтэц нь өөр буюу таталт өгдөггүй учраас эдэлгээ удаан, насжилт урт учир модон эдлэл хийхэд тохиромжтой. 

Тиймээс төрийн ордны хаалгыг ч юм уу урт насжилттай байлгахын тулд чанартай материал сонгож хийх чухал. Өөрөөр хэлбэл үнэ цэнтэй болж байгаа юм. 

-Та хуулийн мэргэжил сонгосон ч энэ салбартай 19 насандаа холбогдоод өдийг хүртэл явж. Шалтгаан юу байв?

-Хуулийн сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажиллах боломжтой байсан. Гэхдээ тавилгын бизнес илүү таалагдсан юм. Би чинь 19 настайгаасаа Дэнжийн мянгын зах дээр сандал, ширээ зарж эхэлсэн хүн шүү дээ. Найзтайгаа хамтраад Их дэлгүүрийн хоёр давхарт орчин үеийн мебель тавилгын дэлгүүр бас нээж байлаа. Анх эхэлсэн түүх нь ийм юм. Одоогийн зах зээлээ харвал Хятадаас мэдээж жижиг. Гэхдээ бид эдэлгээ удаан, чанартай, үнэ цэнтэй бүтээгдэхүүн хийх ганцхан зорилготой. 

-Урдаас гэдэг ч юм уу импортоор орж ирж байгаа хэдэн мянга тавилгаас ялгарах тал нь энэ гэж үү?

-Нэгдүгээрт чанартай материалаар хийж байгаа учир тэдгээрээс ялгарч байна. Хоёрдугаарт, загвар дизайнаа чухалчилна. Гуравдугаарт модон тавилга өөрөө тансаг хэрэглээ шүү дээ. Хийхэд ур чадвар шаарддаг. Хэн дуртай нь хийчихдэг зүйл биш л дээ. Заавал ховил татах ч юм уу, загвар нь өөрчлөгдөж явдаг. Өөрөөр хэлбэл хийж байгаа модны насжилт, материалаас хамаараад өөр, өөр гарна. Яг адилхан хоёр тавилга хийлээ ч ямар нэг байдлаараа өөр л болдог. Товчхондоо дахин давтагдашгүй гэсэн үг. Магадгүй адилхан юм шиг харагдаж болно. Анзаарвал аль нэг деталь нь өөр байдаг. 

-Танай компани сонсголын бэрхшээлтэй есөн залууг ажиллуулж байна. Хэрхэн холбогдсон түүхээ хуваалцаач?

-Манай залуучуудын тав нь 2011 онд буюу модны институтийн сургалтад хамрагдаад манайд ажилд орсон. Тухайн үед 19, 20 настай л залуучууд ирсэн санагдаж байна. Туслахаас эхэлсэн тэдний зарим нь өнөөдөр цехийн дарга болчихсон, дэвшээд ажиллаж байна. Зарим нь будаг, угсралт, мужаан гээд ажилладаг. Мэдээж модны мужаан болоход тодорхой хугацаа шаардагдана. Нэмээд хүний тэсвэр тэвчээр, арга барил маш чухал. Залуучууд маань чадвар бүг адилхан биш. Өөр өөрийн эзэмшсэн онцлог чадваруудтай. Зарим нь угсралтдаа сайн байлаа гэхэд зарим нь лакаа сайн хийдэг. Зарим нь эсгүүрээ сайн хийдэг гэдэг ч юм уу. 

Урт хугацаанд хамтарч ажиллахад хүндрэлтэй зүйлүүд гараагүй биш гарсан. Гэхдээ явцын дунд асуудлуудаа бага багаар шийдээд урагшилсаар байгаа. Нөгөө талд давуу тал мэдээж бий. Залуучууд маань маш үнэнч. Аливаад чин сэтгэлээсээ ханддаг. 

-Эдгээр хүмүүсийг хэрхэвч ялгаварлаж болохгүй-

-Тэдний нийгмийн байдалд хэрхэн анхаардаг вэ?

-Эдгээр хүмүүсийг нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй эсвэл тусгай хэрэгцээт гэж ярьж, тодорхойлдог. Гэхдээ бид энэ ялгаатай байдлыг нь өмнөө бариад, аливаа зүйлийн шалтгаан болгож, муугаар ашиглаж болохгүй. Жишээлбэл, бид улсын дундаж цалин болон түүнээс дээш хэмжээгээр цалинжуулдаг. Боломж байвал илүү урамшуулж, ажлын байрны нөхцөлөө сайжруулж, ар гэрт нь анхаарал тавьж ажиллахыг боддог. Тухайлбал цехийн даргын маань эхнэр манайд тогооч хийдэг. Одоо эрүүл мэндийн шалтгаанаар ажиллахгүй байгаа. Энэ хоёроос гадна хамт ажилладаг ахиад нэг гэр бүл бий. 

-Эдгээр залуучуудыг ажилд авч, тууштай ажиллуулж байгаа таны шалтгааныг сонсож болох уу?

-Манай дунд охин хөгжлийн бэрхшээлтэй. Гэхдээ төрхийн хүндрэлээс үүдсэн өөр онош л доо. Миний хувьд охиноо асрах явцад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй их ойр байсан. Тэр ч утгаараа ойлгодог байх. Эдгээр хүмүүсийг хэрхэвч ялгаварлаж болохгүй. Жишээлбэл хүүхдүүд нь аавтайгаа эсвэл ээжтэйгээ адил дохионы хэлтэй биш. Өөрсдийнх нь аав, ээж бас тийм биш шүү дээ. Зүгээр л онцлог байдлыг нь хүлээн зөвшөөрч, ойлгох хэрэгтэй. 

-Хийсэн бүтээлүүд анхаарал татсан. Төрийн ордны хаалга, Засгийн газрын танхимын ширээ гэдэг ч юм уу?

-Тодорхой хэмжээнд төрийн нууцлалтай байдаг учраас дэлгэрэнгүй ярьж болохгүй байх. Бид зохих шалгуурыг хангаад, Төр засгийн үйлчилгээ эрхлэх газраас тендерт шалгаруулсан. Манай залуучууд зохих журмын дагуу гүйцэтгэсэн. Анх манайд хөгжлийн бэрхшээлтэй залуучууд ажилладаг гэж мэдээгүй. Хамгийн гол нь бид чанартай гүйцэтгэсэн учраас дараа дараагийн ажилд шалгарсан болов уу гэж бодож байна. 

Бидний эхний ажил Засгийн газрын хуралдааны ширээ байсан. Тухайн үед манай компани туслан гүйцэтгэгчээр ажилласан. Түүнээс хойш дангаараа шалгарч, ажлуудаа гүйцэтгэсэн. Монгол хүний ур чадвар дээр нэмээд эдгээр залуучуудын маань сэтгэл, ухаан шингэсэн учраас Төрийнхөө ордны нэг хэсэг болсон бүтээн байгуулалтад гар бие оролцсон байх. Энэ мэдээж нэр төрийн хэрэг. Одоо монгол гэрийн захиалгууд түлхүү авах сонирхолтой байгаа.

-Их нарийн нандин хийцлэл, хээтэй харагддаг?

-Төрийн ордны хаалганы эсвэл бусад гоёл чимэглэлд орох тусгай хээнүүд гэж бий. Бид өөрсдөө зохиож болохгүй. Тэр дагуу хийнэ, сайн гүйцэтгэнэ гэдэг мэдээж залуучуудын ур чадвар шүү дээ.

-Танайх нийт хэдэн ажилтантай юм бэ?

-Манайх 16 хүний нийгмийг даатгал төлдөг.

-Цехийн дарга Ю.Энхтайван: Энд ажиллаад 15 жил болж байна-

Тэрбээр, “Анх энэ ажилд 2010 онд орсон. Одоо 15 жил болж байна. Мужааны ажил сонирхолтой байсан учраас энэхүү мэргэжлийг сонгосон. Бид дандаа том захиалгууд авдаг. Түүнийгээ эхнээс нь дуустал нямбай хийгээд эздэд нь хүргэх гоё мэдрэмж.

Миний хувьд дундад зууны үеийн хэв маягийг шингээсэн бүтээл хийх дуртай. Өмнө нь хийсэн бүтээлүүдээс хамгийн сэтгэлд үлдсэн нь АШУҮИС-ийн захиалгаар хийсэн хана, хаалга. Мөн өнгөрсөн зун найман ханатай гэр хийж, Америк руу явуулсан.

Бид хаалга, ширээ сүүлд монгол гэр хийж байгаа. Тооно болон багана дээр үндэсний хээгээ сийлэхээр сүрлэг, сайхан болдог.

Би 29 дүгээр сургуульд мужааны анхан шатны мэдлэгээ олж авсан. Түүнээс хойш одоог хүртэл энэ мэргэжлээрээ ажиллаж байна. Удахгүй ур чадварын ДАШТ-д оролцоно. Тиймээс өдөр бүр хичээж, бэлдэж байгаа. Энэ бол олон улсад бүтээлээ таниулах боломж шүү дээ" гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Юуны өмнө Ш.Төгсбаяр захиралд баяр хүргэе ! Мундаг хамт олон бүрдүүлсэн байна. Ирж буй Гал Морин жилийн мэндийг дэвшүүлж та бүхний цаашдын ажилд өндөр амжилт, амьдралд нь аз жаргал, эрүүл энхийг ерөөе !

Иргэн
Иргэн

Wooow. Ямар сайхан хамт олон юм бэ. Бүр их амжилтыг хүсье!

Зочин
Зочин

Amjilt zaluusa ezen hun yamar zuw hun be iim humuusig demjeed bga ni

Зочин
Зочин

Захиралд нь баяр хүргэе мундаг шүү

Bolzoo Bayar
Bolzoo Bayar

Энэ компаний захирал залуу мундаг ухаантай юмаа бүх ажилчид нь бас их сэтгэлээсээ ажилдаг юм байна захиралд дахин дахин баярласнаа илэрхийлье

Зочин
Зочин

Tslarkhaj bna ????????????yamar mundag zaluus ve uramshuulaache ajild ni amjilt khuseye????????????✊️✊️????

Эрдэнэ
Эрдэнэ

Баяр хүргэе захирал болон залууст

Ахмад настан.
Ахмад настан.

Ёстой сайхан мэдээ байна.Өөдрөг үзэлтэй,зөв бодолтой захирал залууд талархаж байна. Ажилсаг сайхан хамт олонд улам их амжилт!

Зочин
Зочин

Мундаг залуучуудад баяр хүргэе.Төрийн ордныхон мөнгийг нь өгөөрэй дөө

Эрдэнэ
Эрдэнэ

????????????????????????????????????????????????????????

Зочин
Зочин

Ямар муухай өнгөтэй ажилын хувцас өмсөө вэ,,,,,украины фронтруу ачиглах гэж байгаа буриад тува цэргүүд шиг,,,,,

Зочин
Зочин
Reply to  Зочин

За яахав дээ, хувцас өнгө нээх сонин биш, хамгийн гол нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулж байгаа нь сайн үйл байна шүү дээ! Хамт олонтой, сайхан ажилтай тэгээд сайн бүтээгдэхүүн хийнэ гэдэг нь тэр хүмүүст амьдрал бэлэглэж байгаа нь сайхан юм байна ш дээ! Амжилт хүсье!

Зочин
Зочин
Reply to  Зочин

Зүйрлэл нь муухай ч зөв л хэлжээ. Өнгөлөг хувцастай бол ажилчид чинь болоод бүтээгдэхүүн чинь үнэ цэнэтэй харагдана. Adme компани бараг нийгмийг хариуцлагын хүрээнд хөнгөлөлттэй үнээр лого хувцас өнгө төрхийг чинь гаргаад зөвлөгөө өгөх байх гэж бодогдлоо. Холбогдоод үзэхэд болохгүй газаргүй байх. Амжилт хүсье.

Холбоотой мэдээ

Back to top button