Элчин сайдаас эхлээд зургаан настан хүртэл оролцсон "Монголын сайхан бичигтэн" уралдаан
“Монцамэ” агентлагийн “Хүмүүн бичиг” сониноос жил бүр уламжлал болгон зохиодог “Монголын сайхан бичигтэн-2025” олон улсын уралдаан шилдгүүдээ тодруулжээ. Хэдийнээ олон улсын чанартай болсон тус уралдаанд 18 аймаг, нийслэлийн дүүргүүд болон АНУ, БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад зэрэг улсаас оролцсон байна. Өдгөө 29 дэх жилдээ болж буй тус уралдаанд нийт 1100 гаруй оролцогч бүтээлээ ирүүлсэн аж.
Энэ жил АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган монгол бичгээр “Цуцашгүй” хэмээн бичсэн бүтээлээр уралдаанд оролцсон нь онцлог болов. Тэрчлэн уралдаанд ирүүлсэн түүний бүтээл “Монгол дуу, дүрс сан” ТББ-ын үүсгэн байгуулагч Б.Баясгалангийн нэрэмжит шагналыг хүртсэн байна. Элчин сайдын уг бүтээлээс дипломат харилцаа хийгээд тухайн улс орны өв соёлд хэрхэн хүндэтгэлтэй хандаж буй зэргийг харж болох юм. Мөн цаашид бид өөрсдийн ондоошил болсон босоо монгол бичгээ хайрлан хамгаалж, хадгалан авч үлдэх ёстойг сэргээн сануулсан үйлдэл боллоо.

Зургийн тайлбар: Элчин сайд Ричард Буанган 
Зургийн тайлбар: Элчин сайд Ричард Буанганын “Цуцашгүй” бүтээл
Түүнчлэн “Монголын сайхан бичигтэн” уралдааны оролцогчдоос хамгийн ахмад нь Сүхбаатар дүүргийн 11-р хорооны иргэн, 74 настай Т.Данаажав, Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны иргэн Б.Ням-Очир нар байв. Харин хамгийн бяцхан оролцогч нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Нутгийн аваргууд” сургуулийн нэгдүгээр ангийн сурагч Д.Амина байлаа.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.