Top StoriesНИЙГЭМНийгэм мэдээ

Ирэх өдрүүдэд шөнөдөө Тэс голын хөндийгөөр -50 хэм, Улаанбаатарт -35 хэм хүрнэ

Өнөөдөр Хангайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар цас орж, цасан шуурга шуурч, 20-ныг хүртэл нийт нутгаар хүйтний эрч эрс чангарахыг Цаг уур, орчны шинжилгээний газраас онцгойлон анхаарууллаа.

Сүүлийн өдрүүдэд нийт нутгаар агаарын хэм хөрсөн дээр огцом агаарын температур 1-21 хэмээр нэмэгдэж цочир хүйтэрсэн. Тодруулбал, Улаанбаатар хотод агаарын температур -28 хэм, хүнд мэдрэгдэх температур -36 хэмийг зааж байна. Тэгвэл баруун, төв, говийн нутгаар 1-16 хэм хүйтэрсэн бөгөөд хамгийн хүйтэн нь Увсын Тэсэд -33 хэм байв. Харин шөнөдөө нийт нутгаар 1-26 хэмээр хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Байдраг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -38...-48 хэм хүрэв.

Тус хүйтэн нь энэ сарын 21-ныг хүртэл хадгалагдах төлөвтэй байгаа аж. Тиймээс иргэдийг шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байх, хол замд явахгүй байх, дулаан хувцсаа өмсөж осгохоос сэргийлэхийг анхаарууллаа.

-9 аймгийн 36 сум цагаан зудтай байна-

Ус цаг уур, орчны шинжилгээний газраас хийсэн үнэлгээгээр 9 аймгийн 36 сум цагаан зудтай, 16 аймгийн 54 сум цагаан зудархуу нөхцөлд байгаа нь юм. Төвийн болоод хангайн бүсийн аймгуудад цасны зузаан өндөр байгаа аж. Түүнчлэн Увс, Завхан аймгийн хойд сумдаар зудархуу нөхцөлтэй байна. Мөн баруун аймгууд болоод цас ихээр орсон төвийн бүсийн зарим нутгаар өвөлжилт хүндэрч магадгүй төлөв ажиглагджээ. Иймд Засгийн газрын тогтоолын хүрээнд 1000 орчим тонн өвс, 8000 орчим тонн тэжээлийг эрсдэл ихтэй аймгуудад олгохоор хуваарилсан байна.

Тэгвэл Цаг уурын байгууллагаас гаргасан ирэх арав хоног буюу 1-р сарын 16-наас 25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэе. Энэ сарын 16-21-нд ихэнх нутгаар хүйтний эрч чанга хэвээр байхаар байна.

Хур тунадас: 17-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр, 18-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр,17-18-нд нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: 16-21-нд ихэнх нутгаар хүйтэн хэвээрДархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -45...-50 градус, өдөртөө -34...-39 градус, Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -39...-44 градус, өдөртөө -28...-33 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -21...-26 градус, өдөртөө -14...-19 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -26...-31 градус, өдөртөө -19...-24 градус, бусад нутгаар шөнөдөө -31...-36 градус, өдөртөө -22...-27 градус хүйтэн байна. 22-ноос нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

-Улаанбаатар хотод энэ сарын 22-ноос хүйтний эрч бага зэрэг суларна-

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв,

Хур тунадас: Бүх хугацаанд цас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр.

Агаарын температур: 16-21-нд хүйтэн хэвээр Яармаг-Сонгины орчмоор -36...-41 градус, бусад хэсгээр -30...-35 градус, өдөртөө -22...-27 градус хүйтэн байна. 22-ноос хүйтний эрч бага зэрэг суларна. 

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Лувсанпэрэнлэй

МУБИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2025 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Соёл урлаг, Нийгмийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button