Үндэсний бөхийг үе тэнгийнхэндээ таниулсан сурагчдыг нэг сая төгрөгөөр урамшуулна
Монголын үндэсний бөхийн холбоо энэ оныг соён гэгээрэл, үндэсний бөхийг сурталчлах, бөхчүүдийн нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх жил болгон зарласан. Үүнтэй холбогдуулан хүүхэд, залуучуудад үндэсний бөхөөр дамжуулан монгол ёс заншлаа дээдлэх, үндэсний уламжлалт спортыг танин мэдүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ.
Санамж бичигт МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав, Нийслэлийн ЗДТГ-ын дарга Т.Оюунчимэг нар гарын үсэг зурсан байна. Санамж бичгийн хүрээнд сурагчид Монгол бөхийн өргөөнд ирж бөхийн барилдаан үзэхээс гадна Монгол бөхийн түүх, уламжлал, ёс заншлын тухай мэдээлэл авах, бөхийн тухай ном, товхимол унших, сонин сэтгүүлийн архивтай танилцаж олон зуунаас уламжлагдан ирсэн үндэсний спорт, өв уламжлалыг танин мэдэх боломжтой болох юм. Талууд хамтран ажилласанаар Нийслэлийн ЕБС-иудын сурагчдыг Монгол бөхийн өргөөнд үндэсний бөхийн барилдааныг үзүүлж, сурагчид “Бидний мэдэх Монгол үндэсний бөх” сэдвээр эсээ бичлэг, богино хэмжээний контент бүтээх, илтгэл тавих зэргээр “ҮНДЭСНИЙ БӨХ”-ийг үе тэнгийнхэн болон дүү нартаа илүү ихээр таниулах зорилгыг хэрэгжүүлэх юм байна.
Төлөвлөсөн ажлуудын эхлэл болгон гуравдугаар сарын 14-ний өдөр болсон Монгол цэргийн өдөрт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 128 барилдааныг Нийслэлийн Баянгол дүүргийн “Сэтгэмж” цогцолбор сургуулийн 150 сурагч үндэсний хувцсаа өмсөн ирж, үнэ төлбөргүй үзсэн аж. Энэхүү арга хэмжээнд идэвх санаачлагатай оролцсон сургууль ба сурагчдыг МҮБХ-ноос зохих журмын дагуу шалгаруулж, сургуулиудыг 10,0-20 сая төгрөгийн мөнгөн шагналын эрхээр (Монгол бөхийн өргөөнд 1-2 өдөр арга хэмжээ зохион байгуулах) болон сурагчдыг 1,0 сая хүртэлх төгрөгөөр урамшуулахаар шийдвэрлэжээ.
Б.АЗЖАРГАЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ХҮҮХДИЙН ОРДНЫ БОЛОН БУСАД ДУГУЙЛАН СЕКЦҮҮДИЙГ ДҮҮРЭГ, СУРГУУЛЬ БҮР ДЭЭР ХҮРТЭЭМЖТЭЙ, ҮНЭГҮЙ БОЛГОМООР БАЙНА. ЧӨЛӨӨТ ЦАГАА ЗУГААТАЙ ӨНГӨРӨӨХ ГАЗАР ХҮҮХДҮҮДЭД ЧУХАЛ ШААРДЛАГАТАЙ.
Магалжав ажлаа мэдэхгүй алаа маажиж бна доо !