Нийгэм мэдээУРЛАГ

Энэ өдрүүдэд театрын тайзнаа

Эрхэм уншигч танд Олон Улсын театрын өдрийн мэнд хүргэе. 1962 оноос ЮНЕСКО-гийн дэргэдэх Олон улсын театрын институтийн санаачилгаар  жил бүрийн гуравдугаар сарын 27-ныг дэлхийн дахинаа театрын урлагийг сурталчлах, уран бүтээлчдийг алдаршуулах өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлж эхэлжээ.  Иймд уг өдрийн тохиолдуулан өнөөдөр болон энэ амралтын өдрүүдэд тоглогдож буй үзвэр үйлчилгээний мэдээллийг тоймлон хүргэж байна.


Гуравдугаар сарын 27-нд:

УДЭТ-ын тайзнаа  тус театрын залуу  найруулагч, Оросын театрын урлагийн сургууль ГИТИС-ийн төгсөгч Э.Билгүүний бүтээл “Театрын сургуулилалт” яруу найраг, хөгжимт драмын тоглолтыг толилуулна. Уг бүтээлд Эртний Грекийн Хомероос эхлээд дэлхийн яруу найргийн бүх үеийн төлөөлөх 30 гаруй яруу найрагчийн бүтээлийг дээжлэн багтааснаараа онцлог аж.

Мөн энэ өдөр театрын урлагийнхны тэргүүн наадам болох “Мөнгөн мод-2025” хүндэтгэлийн арга хэмжээ УДБЭТ-т болно. Тус наадам уран бүтээлийн чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд өмчийн хэлбэр харгалзахгүй соёл, урлагийн салбараас оны шилдэг уран бүтээл, уран бүтээлчийг шалгаруулдаг уламжлалтай.

Гуравдугаар сарын 27-29-нд:

Улсын Хүүхэд залуучуудын театрын тайзнаа үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг "18 дахь хаврын хайр” драмын жүжиг тоглогдох бол  Оросын шинжлэх ухаан соёлын төв /РЦНК/-ийн тайзнаа ЗХУ-ийн алдарт зохиолч Александр Вампиловын “Гугасны ан” жүжгийн зохиолоос сэдэвлэсэн “Сүүлчийн бороо” амьд хөгжимт, мета драмын жүжгийг  “PRO” театрын хамт олон толиулна.

Гуравдугаар сарын 28-нд:

Монгол Улсын Үндэсний урлагийн их театрт ҮУИТ-ын гоцлол хөгжимчин, морин хуурч С.Дарханбаярын "Хурмастын эгшиглэн" уран бүтээлийн тоглолттой.

Мөн УДБЭТ-т Монгол түмний сэтгэлд хоногшсон алтан үеийн бүтээлүүдийг хүргэх  “Монгол дуунууд –Алтан үе” тоглолт болох аж.  Төрийн тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт Соёлын элч Морин хуур найрал хөгжим тус тайзнаа эгшиглэнэ.

Гуравдугаар сарын 28, 29 нд:

Улаанбаатар театрын тайзнаа Маппет театр, Улаанбаатар циркийн хамтын бүтээл Muppet universe-ийн хамгийн том бүтээл "Цоохор сар" гүн шөнийн үлгэр хүүхэд, гэр бүлд зориулсан жүжиг тоглогдоно.

УДБЭТ-ын энэ сарын уран бүтээлийн хаалтын тоглолт “Fortepiano: P.I. Tchaikovsky & F. Liszt” ням гарагт  үзэгчдийн хүртээл болно. Романтизмын үеийн сод төлөөлөгчид болох Ф.Лист, П.И.Чайковский нарын төгөлдөр хуурын концертууд тоглогдох аж.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button