НИЙГЭМНийгэм мэдээ

Багахангай, Хан-Уул дүүргүүдэд үе тэнгийн дээрэлхэлд хамгийн өндөр байна

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үе тэнгийн дээрэлхлийн эсрэг ажлын хэсэг байгуулсан байна. Нийслэлийн 8 дүүргийн 22 сургуулийн 8-10 дугаар ангийн 1093 сурагч, 213 эцэг, эх, асран хамгаалагчийг үе тэнгийн дээрэлхэлтийн талаарх судалгаанд хамруулжээ.

Нийт сурагчдын 71.9 хувь нь "үе тэнгийн дээрэлхлийн талаар мэднэ, тодорхой хэмжээний ойлголттой" гэж хариулжээ. Үе тэнгийн дээрэлхлийг дүүргээр авч үзвэл,

  • Багахангай дүүрэг 35.7 хувь,
  • Хан-Уул 33.1 хувь,
  • Баянзүрх 30.6 хувь,
  • Налайх 25 хувь,
  • Баянгол дүүрэг 22.9 хувь,
  • Сүхбаатар 20.9 хувь,
  • Чингэлтэй 17.2 хувь
  • Сонгинохайрхан дүүрэг 15.2% эзэлж байгаа аж.

Тухайлбал, Багахангай, Хан-Уул дүүргийн гурван сурагч тутмын нэг нь үе тэнгийн дээрэлхэлд өртдөг гэсэн дүн гарчээ. Үе тэнгийн дээрэлхэлд өртсөн сурагчдаас давтамжийг тодруулахад сурагчдын гуравны хоёр нь 3 хүртэлх удаа гэж хариулсан байна. Харин 22 сурагч буюу судалгаанд хамрагдсан 1093 сурагчийн хоёр хувь нь 10 болон түүнээс дээш удаа буюу байнга үе тэнгийн дээрэлхэлд өртдөг гэж хариулжээ.

Энэ талаар А.Баяр "Улмаар үе тэнгийн дээрэлхэл гардаг 22 сургуультай бид хамтарч ажиллахаар болсон байна. Сургуулийн удирдлагын зүгээс ч эцэг эх, асран хамгаалагчдад нь хариуцлага тооцдог болох хэрэгтэй гэсэн санал яригдаж байгаа аж. Мөн үе тэнгийн дээрэлхлийг удаа дараа үйлдэж буй сурагчийн хувийн хэрэгт энэ талаар нь тэмдэглэж үлдээдэг байх зарим саналыг дэмжиж хэрэгжүүлэх шаардлага үүссэн байна. Дотоод, гадаадын их, дээд сургуульд элсэхэд "булли" буюу үе тэнгийн дээрэлхэл, хүчирхийллийг хийж байсан эсэх тодорхойлолтыг хардаг болсон. Гаднын улс орнууд ч "булли"-тэй ингэж тэмцээд эхэлсэн. Хатуу хариуцлага тооцож байж энэ төрлийн гэмт хэрэг багасна” гэлээ.

Үе тэнгийн дээрэлхэл бусдыг доромжлох, цуурхал тараах, бүлгээс гадна буюу тусгаарлах, заналхийлэх, биед халдах гэсэн зонхилох хэлбэрээр илрэх бөгөөд дээрх судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 22.1% нь цахим дээрэлхэлд өртсөн байна.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button