"Сэлбэ 20 минутын хот" ХХК-ийн захирал У.Баатар: Дотоодын ААН 40-50 мянган хүн төвлөрөх төслийг зориглоод эхлүүлсэн ч улс төржилт явчихлаа
“Сэлбэ хорин минутын хот корпорац” ХХК-ийн Гүйцэтгэх захирал У.Баатартай ярилцлаа
-Улаанбаатарын хүн ам сүүлийн 30 жилд асар ихээр нэмэгдлээ. Гэр хороолол ч төлөвлөснөөс хурдан хугацаанд тэлж, хот тойрсон бүх уулын ам гэр хороолол болж хувирлаа. Мега төслүүдээ богино хугацаанд, зэрэг хэрэгжүүлж байж, хот зовлонгоосоо сална-
-Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүд буцаасан. Тус хуулийн төсөлд багтсан мега төслүүдийн нэг нь "Сэлбэ 20 минутын хот" байв. Уг төсөлд Сэлбэ багтсанаар УИХ дэмжсэнгүй гэх агуулга ч хөвөрсөн. Төсөл удирдагчийн хувьд үүнд ямар байр суурьтай хандаж байна вэ?
-"Сэлбэ 20 минутын хот" төсөл дээр шүүмжлэл их байна. Төр их хэмжээний орон сууцыг бариад байна, үүнд хувийн хэвшлийн оролцоо түлхүү байх ёстой байсан гэж УИХ-ын гишүүдээс шүүмжлэл ирсэн. Гишүүд намын болон хувь хүний үзэл баримтлал, дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийнхөө хүрээнд том төслүүдийг харж буй гэж найдаж байна.
Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөлд багтсан гурван төслөөс "Сэлбэ 20 минутын хот" төслийг ялгаж яриад байгаа нь зохимжгүй, ойлгомжгүй санагдаад байгаа юм. Яагаад гэвэл Монгол Улсын хэмжээнд хэрэгжихээр төлөвлөгдөж байгаа төслүүд цаг хугацаандаа явах ёстой, дандаа бүтээн байгуулалтын төслүүд. Эрэмбэлэхэд хэцүү, бүх төслийн ажил нь эхэлчихсэн.
"Сэлбэ 20 минутын хот" дан ганц барилгын салбарт бус Улаанбаатар хотын эдийн засагт шууд нөлөөлөх төсөл. Нэг төвт хотоос олон төвт хот руу шилжих, түгжрэлийг саармагжуулах гэх зэрэг нөлөө их бий.
УИХ дээр Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл унасан. Гэхдээ төслөө сайжруулаад энэ долоо хоногт дахин өргөн барих сураг дуулдлаа. Дэмжигдээд, том төслүүдээ урагшлуулах байх гэсэн хүлээлттэй сууна.
-Гишүүдийн зүгээс Монгол Улсыг хоёр төсөвтэй болгох хуулийн төсөл байна хэмээн шүүмжлээд байгаа шүү дээ. Хэрэв хууль дахин өргөн баригдсан ч гишүүд дэмжихгүй бол хэрхэх вэ?
-Төслүүдийг тэр чигт зогсооё гэсэн агуулга байхгүй. Зөвхөн энэ жилийн төсвийн хязгаараас давсан асуудал бий. Улмаар энэ жилийн санхүүжилтийг олгож чадахгүй байдал үүсчихсэн гэсэн үг. Ингэснээр төслийн цаг хугацаа, өртөг, алдагдсан боломжийн өртөг хөндөгдөнө. Мөн хэрэгжүүлэх төслүүдийн санхүүжилт бүгд хүүтэй. Тиймээс богино хугацаанд хэрэгжүүлж, амжилттай дуусгаж байж үр өгөөжөө урт хугацаандаа хүртэж чадна. Энэ боломжууд л хумигдах эрсдэлтэй бид нүүр тулаад байна.
Үүнээс гадна гэрээ байгуулан ажиллаж байгаа хувийн хэвшлийн ААН-үүдийн төрд итгэх итгэл сулрах эрсдэл бий. Учир нь, том зургаар нь харахад орон сууц, барилга байгууламж, сургууль цэцэрлэг зэрэг дэд бүтцийн агуулга хэдий ч хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар явах төслүүд бий.
Тухайлбал, чөлөөлсөн талбайнууд дээрээ 2026, 2027 онд 1.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт татахаар төлөвлөсөн. Одоогийн байдлаар гурван ААН-тэй ₮400 тэрбум орчмын хөрөнгө оруулалтын гэрээ хийгдэхээр бэлэн болчихсон. Хэрэв хойшилбол хувийн хэвшлийн компаниудын төлөвлөгөөнд өөрчлөлт орно, итгэл суларна.
Зургийг: Г.Золбоо | "Сэлбэ 20 минутын хот" төслийн барилгын талбай
-Улаанбаатар хотод хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа мега төслүүд дээр улс төрийн нөлөөлөл өндөр байгааг олон нийт шүүмжилж байна. Хагас сарын өмнө гэхэд "Туулын хурдны зам"-ын төслийн ажлыг Засгийн газраас зогсоох шийдвэр гаргачхаад буй. Үүнийг хэрхэн дүгнэж байна вэ?
-Сүүлийн 30 гаруй жил Улаанбаатар хотод дэд бүтцийн томоохон төслүүд огт хэрэгжээгүй. Аргалсан, амь тариа залгасан л төслүүд явсан. Өнөөдөр Улаанбаатар хотын шугам сүлжээний дийлэнх нь хуучирсан, ашиглалтын шаардлагаас гарсан нөхцөл байдалтай. Үерийн ус, замын байгууламж, дулааны болон цэвэр усны инженерийн дэд бүтцүүд ч ялгаагүй шаардлагад нийцэхээргүй болчихсон. Мөн инженерийн дэд бүтэц хангагдсан газраа бөөгнөрч байна. Дэд бүтцийн хүртээмжгүй байдлаас тэр шүү дээ.
Улаанбаатарын хүн ам сүүлийн 30 жилд асар ихээр нэмэгдлээ. Гэр хороолол ч төлөвлөснөөс хурдан хугацаанд тэлж, хот тойрсон бүх уулын ам гэр хороолол болж хувирлаа. Ингэснээр хот төлөвлөлт, газар олголтоороо хамгийн муу жишээ Улаанбаатар болчхож байгаа юм. Тиймээс мега төслүүдээ богино хугацаанд, зэрэг хэрэгжүүлж байж, хот зовлонгоосоо сална. Тэгэхгүйгээр хоёр, гурван жилдээ нэг төсөл хэрэгжүүлээд урагшилбал одоо төлөвлөсөн байгаа 16 мега төсөл дуусахад 20-30 жил шаардлагатай болно.
Бүгдийг зэрэг хэрэгжүүлэхийн тулд эрэмбэ дараалал, хөрөнгө орлого, түүнийг зөв зохистой зарцуулах, төсвийн менежмент, техникийг оновчтой шийдэх шаардлага үүснэ гэсэн үг.
Хүмүүс өнөөдөр дуртайдаа нүүрс түлээд агаар бохирдуулаад байгаа зүйл байхгүй. Бидэнд байгаа нөөц бололцоо нь л ингэж таараад байгаа. Тиймээс энэ байдлаасаа хурдан салахын тулд инженерийн дэд бүтцийг маш олноор байгуулах хэрэгтэй.
Магадгүй ипотекийн зээлээр авах гэж байгаа залуу хос байлаа гэж бодоход тэдний орлого, цалингийн асуудал бус тэдний өсөж торниж байгаа үр хүүхдүүдийн асуудал энд яригдана. Хүүхэд гэр хороололд эсхүл тохилог орон сууцанд өсөх хоёрын амьдралын чанарын ялгаа асар том. Хүүхэд цаг хугацаагаа нүүрс түлээтэйгээ зууралдаж, ус түрж гүйхийн оронд өөрийгөө хөгжүүлэхэд зарцуулах хэрэгтэй. Хамгийн энгийн жишээг дурдахад, гэр хороололд амьдарч байгаа зарим хүүхдүүд өдөр болгон халуун усанд орж, крантнаас ус авах сан гэж бодож байгаа ч чадахгүй л байгаа. Бид 10,000 айлыг тохилог орон сууцанд оруулж, хүний амьдралын анхан шатны хэрэгцээг сайжруулахаар төлөвлөсөн.
Эндээс юуг харж болох вэ гэвэл, бүх төслүүдийн цаад эффект нь хүний амьдрал, орчин, хот төлөвлөлт, боловсрол, эрүүл мэндэд чиглэх үр өгөөжтэй. Цаг хугацаандаа хэрэгжиж, Улаанбаатар хотын хойд бүсийг хамарсан бүх гэр хорооллын шинэчлэлд давлагаа болоосой. Улстөржилт мэдээж байгаа. Сөрөг хүчин амьдралыг ойлгож улс төр хийгээрэй.
-Улс төрийн яг ямар нөлөөлөл байна вэ?
-Улаанбаатарт хэрэгжих гэж байгаа төсөл дээр улс төрийн нөлөөлөлгүй байна гэж үгүй. Нийт хүн амын 50 хувь амьдарч байгаа учир энд улс төрийн нөлөө, шийдвэрүүд гарч байна. Улсын хөгжлийг ярья гэвэл хотын хөгжлийг ярих хэрэгтэй болно.
Манай багийн удирдаж байгаа "Сэлбэ 20 минутын хот" төслийн тухайд ч улс төрийн дэмжлэг ч, эсэргүүцэл ч орохоор төсөл. Шүүмжлэлийг зөвөөр тусгаж авах, цаашдын ажлын цар хүрээ, туршлага болгож явах нь зөв. Тэгэхгүй бүх зүйлийг улстөржиж, харлуулаад байна гэж харахгүй байгаа. УИХ-ын гишүүдийн хувьд сонгогдон сууж байгаа дөрвөн жилийн эрх, үүргийн хүрээнд дэмжих үгүйгээ шийдэж кноп дарж байгаа. Тиймээс тэр гишүүн манай төслийг дэмжсэнгүй гэж субьектив байдлаар хандахгүй. Харин иргэд маань дэмжиж байна уу, төсөл хэрэгжсэнээр нийгэм, эдийн засаг, хотын хөгжил, хувь хүний болон өрх гэрийн амьдралын чанар сайжрах уу гэдгийг эергээр харах хэрэгтэй болов уу гэж бодож байна. Том төслүүд улстөржихгүй явсан түүх дэлхий дээр ч байхгүй.
-Хэрэв энэ долоо хоногт дахин өргөн барих хууль батлагдахгүй бол, гишүүдийн ярьж байгаачлан "Сэлбэ 20 минутын хот" төслийг уг хуулийн гадна гаргавал дараагийн төлөвлөгөөндөө шилжихээс өөр сонголт байхгүй. Даргаагийн төлөвлөгөө бэлэн байгаа-

-Төслийн орон сууцны эхний блокууд зургаан давхар хүртлээ баригдсан, 2027 оноос эхлэн ашиглалтад орно гэх мэдээллийг та бүхэн өгч байгаа. Гэтэл төсвийн тааз хэтэрсэн агуулгаар цаг хугацааг хойшлуулсаар байвал ашиглалтад орох хугацаа, иргэдэд худалдан борлуулах үнэд ч өөрчлөлт орох байх. Тийм үү?
-Ийм нөхцөл байдал үүснэ гэдгийг өнгөрсөн онд хүн бүхэн мэдэж байсан. 2026 оны төсвийг батлах үеэр "алдагдалгүй төсөв батална" гээд мега төслүүд дээрх асуудлуудыг хойш тавьсаар ирсэн. Улмаар УИХ-ын гишүүд маань төслүүдээ хэрэгжүүлэхийн тулд хууль санаачилж байна. Энэ хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын, бүтээн байгуулалтын цаг хугацаанд амь тариа болсон төслүүд хэрэгжинэ.
Бүтээн байгуулалтын төслийг цаг хугацаанд нь амжуулж байж л төсөв, зардлыг бууруулж чадна. Тиймээс цаг хугацааг хойшлуулахгүй, 2027 онд эхний орон сууцуудаа ашиглалтад оруулна. Хэрэв хууль батлагдахгүй, санхүүжилтээ зарцуулах боломж олгохгүй бол бид дараагийн төлөвлөгөөндөө орно. Ямар гарц байгааг эрэлхийлнэ.
-Яг одоогийн байдлаар та бүхэнд төслөө урагшлуулах "Б" төлөвлөгөө байхгүй гэсэн үг үү?
-Бүх асуудалд а,б,в төлөвлөгөө байх ёстой. Бид төслөө таван эрсдэлд хувааж судалгаагаа хийсэн. Одоо тулгараад байгаа эрсдэл бол улс төр, эдийн засгийн эрсдэл. Үүний ард гарахын тулд ямар зохион байгуулалттай ажиллах вэ гэдэг төлөвлөгөө бидэнд байгаа. Хэрэв энэ долоо хоногт дахин өргөн барих хууль батлагдахгүй бол, гишүүдийн ярьж байгаачлан "Сэлбэ 20 минутын хот" төслийг уг хуулийн гадна гаргавал дараагийн төлөвлөгөөндөө шилжихээс өөр сонголт байхгүй. Даргаагийн төлөвлөгөө бэлэн байгаа.
-Төслийн гүйцэтгэгч компаниудын дийлэнх нь Хятадын компани гэх шүүмжлэл бий. Мөн ажиллах хүчнийхээ дийлэнх нь дотоодын ажилчид байна гэх шалгуур хангагдаж байгаа эсэхийг асуумаар байна?
-Анх 10,000 айлын орон сууцыг дөрөв хэсэгчлээд төсвийн менежментээр удирдана гэх мастер планаа хөрөнгө оруулагчидтайгаа ТЭЗҮ дээрээ тусгаад танилцуулсан. Мөн шат дараатай НИТХ-ын тогтоол, Засаг даргын шийдвэрүүд гарсны дараа ажил эхэлсэн.
Дотоодын томоохон ААН-үүд төслийн шаардлага хангаж байсан ч орох сонирхол байгаагүй. Харин дунд түвшний ААН-үүд оръё гэхэд шаардлага хангахгүй байх шалтгаан үүссэн. Улмаар эхний хоёр том багц тендер дээр 15 компани санал ирүүлсэн. Өндөр дүнтэй, шаардлагатай багцууд учир дандаа гаднын компаниуд санал ирүүл Хятадын хоёр компани шалгарсан. Тус хоёр компани бол дэд бүтцийн салбартаа номер нэг гэж хэлж болохоор төрийн өмчит компаниуд байсан.
Гэтэл дотоодын компаниудыг төсөлдөө багтаасангүй гэх шүүмжлэл гарч ирснээр бид дахин план гаргасан. Энэ нь сүүлийн хоёр багц тендерээ тав болгож, 17 дотоодын ААН, 17 гадаадын ААН санал ирүүлсэн. Бид дотоодын компаниудаа дэмжих үүднээс дотоодын дөрөв, гаднын нэг ААН-ийг гүйцэтгэгчээр сонгосон, одоо ажиллаж буй.
Мөн гаднын ААН-үүд хүлээж авахад хүнд шалгууруудыг гэрээ дээрээ тусгаж өгсөн. Тухайлбал,
- Нийт ажиллах хүчний 40-өөс доошгүй хувийг дотоодын ААН болон иргэдээр бүрдүүл
- Нийт бараа материалынхаа 35-аас доошгүй хувийг дотоодод үйлдвэрлэсэн байлгах /цемент, арматур, тоосго гэх мэт 40 гаруй нэр төрөл/
- Түрээсийн тоног төхөөрөмжийн 40-өөс доошгүй хувийг дотоодын түрээслэгчдээс авах гэх мэт.
Энэ бол хүлээж авахад хэцүү заалтууд. Гэхдээ бид гэрээний шатандаа дээрх заалтуудаа нийцүүлж ажлыг нь эхлүүлсэн. Гэрээний биелэлтийг өнгөрсөн жил шалгахад бүгд нийлсэн. Одоогийн байдлаар нийт төслийн 80 хувьд дотоодын ААН, ажиллах хүч оролцож байна.
-Сэлбэ дэд төвд 250-300 мянган хүний төвлөрөл, эдийн засгийг бий болгоно. Өдөртөө 3 тэрбум төгрөгийн худалдааны эдийн засаг үүснэ-

-"Сэлбэ 20 минутын хот" төсөл хэрэгжсэнээр утаа, түгжрэл, төвлөрөл буурах талаар та дээр дурдлаа. Яг нарийвчилсан тоон судалгаа бий юу?
-Агаарын чанарын индексийн судалгаагаар манай төслийн газар чөлөөлөлт, ажил эхэлснээр нийт агаарын бохирдлыг 7 хувь бууруулж байгааг тодорхойлсон. Харин төсөл хэрэгжүүлж байгаа бүс нутагт агаарын бохирдол 30 орчим хувиар буурсан гэх тооцоолол гарсан. Цаашид Улаанбаатарын хойд бүс буюу агаарын бохирдлыг өдөөж байгаа голомтыг бууруулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа.
Мөн хөрсний бохирдлыг онцолж хэлмээр байна. Газар чөлөөлөлтөд орохоос өмнө тэнд амьдарч байсан айлууд хашаандаа ганц нэг л мод тарьсан байсан. Ямар ч ногоон байгууламж байхгүй, шарилжинд баригдаж, хөрсний доройтолд орсон, хүний болон техникийн хөлд элэгдсэн байсан. Үүнээс гадна тус байршил маш олон жил гэр хорооллын төвлөрөлтэй байснаас үүдэж нүхэн жорлонгийн асуудал дийлдэхээргүй болчихсон байсан. Зөвхөн газар чөлөөлсөн хэсгээс 7000 жорлонг ариутгаж, зайлуулсан.
Агаар дусал, хөрсний бохирдолтой холбоотой маш олон өвчин, тулгарч болох эрсдэл бий. Маш олон гишүүд үүнийг ойлгож байгаа байх. Нэн ялангуяа гэр хорооллын бүсчлэлээс сонгогдсон гишүүдийн номер нэг асуудал болгон ярьж буй. Үүнийг бусад гишүүд маань олж хараасай, төслийг урагшлуулах тал дээр цаашид анхаарч ажиллаасай.
-Байрны мкв-ын үнэ 4.2 сая байхаар тооцоолсон байсан. Хэрэв танай дараагийн төлөвлөгөө амжилтгүй болж, төсөл удааширлаа гэхэд үнэ нэмэгдэх эрдэл мөн тулгарах юм биш үү?
-Инфляц болон барилгын салбарын үнийн өсөлтүүд бий. Жил тутам 5-7 хувь өсдөг. Бидэнд буй судалгаагаар Сэлбэ орчмын байрны үнэлгээ 2027 оны төгсгөл гэхэд ₮5.6 сая болно. Хэрэв бүтээн байгуулалт ашиглалтад орохоор төлөвлөсөн хугацаа хойшилсоор байвал өнөөгийн тооцоолол эвдэгдэж, цаг хугацааны төлөөсийг төлөх бодит эрсдэл үүснэ.
-Орон сууц, сургууль, цэцэрлэг зэргээс гадна бусад үйлчилгээг хэрхэн төлөвлөж байгаа вэ?
-Бидний хийж хэрэгжүүлж байгаа орон сууц, нийгмийн дэд бүтцийн төлөвлөлтүүд бол хүн 20 минут алхаад анхан шатны үйлчилгээг авахаар төлөвлөгдсөн. Хүмүүсийн хүсэл, хэрэгцээ өндөр шүү дээ. Амарч зугаалах, эмнэлэгт үзүүлэх, гоо сайхнаар үйлчлүүлэх зэрэг хэрэгцээ хязгааргүй. Аль болох бүх үйлчилгээг дэд төвөөсөө авах ёстой. 10,000 айлын орон сууц гэдэг бол 40-50 мянган хүн төвлөрнө. Бусад бүсчлэлээ хамарсан, дайран өнгөрөх хүрээгээ харахаар 250-300 мянган хүний төвлөрөл, эдийн засгийг бий болгоно. Өдөртөө 3 тэрбум төгрөгийн худалдааны эдийн засаг үүснэ гэсэн үг.
Ингэснээр ААН-үүд очиж бизнесийн орон зайгаа тэлэх, хөрөнгө оруулалтын өгөөжөө нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Дотоодын ААН-үүд маш ихээр сонирхож, хандаж байгаа. Эхнээсээ гэрээний хэлцлүүд хийгдэж, ажлыг эхлүүлж буй. Энэ бол маш чухал орон зай. Цаашид яг энэ жишгээр бусад дэд төвүүд 100 хувь хөрөнгө оруулагч нарын дэмжлэгтэйгээр явуулах хэрэгтэй. Дан ганц орчин нөхцөл, хэрэглэгчээр нь хангаад зогсохгүй татвар, хуулийн орчныг нь сайжруулах, хөнгөлөлт урамшууллыг олгох нь зүйтэй. Хөрөнгө оруулагч нарыг оруулж ирэхийн тулд жишиг төслөө цаг хугацаанд нь дуусгах нь зөв.
"Сэлбэ хорин минутын хот" төслийн талбайгаас хийсэн сурвалжилгыг дараах линкээс унших боломжтой.
О.ОНОН

















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баячууд нь тоохгүй борчуудад хүнддэх мөнгө байна даа дунджаар 5 сая
Харин тэгэхлээр Хятадууд л худалдан авч суурьшина шүү дээ.
Хотын түгжрэл утаанаас гарах гэвэл ийм том төслүүд хэрэгтэй л дээ
ene metiin tusul zogsvol daraa ni une ni l bur tengert hadna daa
6 давхараас дээш барилга барих бол наад төслөө март даа!
40 50 myangan hunii suurishiltei hotiin heseg barina gedeg jijig ajil bish shuu
Улстөржилгүй хурдан шийдээд явбал хотод хэрэгтэй төсөл шиг санагдаж байна
Үнэ нь л жирийн залуу гэр бүлд хүрэх эсэх хамгийн чухал байна даа
ene tusul luivar
yamar ch tom tusul deer uls tur orj irdeg ni haramsaltai yum
odoo UB hot uneheer tolovloltoo aldchihsan ni medregddag
1м2 нь 4.8 сая₮ гэсэн. 1.8₮ бхад болох юм бишүү?
Үхсэнийх нь улс төржилт байдаг юм. МАНдотроо дээрэм хулгайгаа булаацалдаж байгаа шүү
MEGA HULGAICH YUM BNA AA
selbe deer amidardag humuust bol hamgiin ih heregtei ajil bh
Хотоо хөгжүүлье гэхээр бүгд эсэргүүцээд байвал хэзээ ч урагшлахгүй
hujaa kompani oroltsoj bga gd l shuud muulj bolohgui baih ajlaa sain hiij bval bolno
Утаа хөрсний бохирдлыг бууруулна гэдэг бол маш том давуу тал
20 minutyn hot gd sonsohoor goy l yum odoo harin heregjih ni chuhal
Гэр хороололд өсөж байгаа хүүхдүүдийн орчин үнэхээр хэцүү байдаг нь үнэн
Түгжрэл бууруулна гэдэгт хүмүүс их найдлага тавьж байгаа байх
Хэдэн хятадуудыг ажилтай байлгах гэж л мийгаа төсөл хийдэг юм билээ штээ.
Өөрсдөө бүгдийг хийх хүний хүчин чадал бий юү, өөрөө оролцож зүтгэдэг үү, зүтгэх үү !!¡!!!!!?????
Үнэн дээ. Мөнгөө ч Хятадаас зээлнэ. Санхүүжилтыг Хятадаас авна.
Dotoodiinh ni vnen bol Demjeed bushuu yvuulaach Vhsend ni Uls turjih vee ! Ugrvvd chini
Монголын хөгжилд хамгийн 6ай лай болж байга юм бол бүлэглэлүүдийн улс төржилтийн явцуу тархи
2р дайны дараа Голланд.улс.100.мянган айлын
Орон сууц барьж асуудлыг шийдсэн гэж уншсан.
Бид.энэ асуудлыг шийдэж чадах уу???
Хүн ам.цөөн орон.Ярих ихдэж.Хийх багадаж байна.!!!
Ер нь төр хувийн хэвшлийн хийж чадах юмыг хийгээд хэрэггүй шүү дээ
Төрөөс төсвийн мөнгөөр байриулж байгаа орон сууц барилгууд байж зах зээлийн барилгуудтай ижил үнэтэй байхдаа яадгийн. Хямдхан байж, зах зээлийн үнийн өсөлтийг буулгах ёсой ш дээ. Хотын захиргаа нь хувийн ААН- үүд шиг ашгийн хойноос гүйгээд, хотын дарга нь иргэддээ төсвийн мөнгөөр барьсан байшинг өндөр үнэтэй шахаж, түнтийтлээ баяжаад байх чинь луйвар шүү дээ.
Төелийг явуулаач ээ
Зочин
7000 нүхэн жорлонг ариутгаж устгасан гэж хэлж.тэрэн шиг худлаа юм байхгүй шүү.манайх хажууд нь бүтээн байгуулалтын явц бүгд харагддаг.булаал булаал явсан.энэ дарга нар дандаа худлаа ярих юмаа.
Ажил хийлгээчээ.ажилгүй суух юмуу.тэгвэл тэтгэмж ави.
20 минутын хот гэх шиг ёстой эргүүтэх юмаа нэр нь хүртэл утгагүй бэлэг дэмбэрэлгүй
Төсөл хэрэгжвэл УБ чуудад хэрэгтэй хотын хойт тал маш гоё болно доо.Сонгуулиар 100жилийн өмнөх гэр хороолол одоогийн гэр хороололын байдал огт өөрчлөгдөөгүй байна гээд харуулаад байдаг шүү дээ.Одоо өөр болгоё гэхээр төвөг төвөг гээд байгаа шиг дэмжихгүй талдаа орчихвол буруу байхаа.Төсөл хэрэгжээсэй
Яг үнэн дээ 40.50000 Монгол биш төдий тооны хятад орж ирээд байгаа юм бишүү та нар аман дээрээ дандаа худлаа ярьж ам ажил чинь зөрөөд байгаад л Ард түмэн дургүй байгаа юм шдээ
Хамгийн хэрэгтэй, иргэдэд хамгийн чухал , утаа, үмхий самхайг багасгах , Монгол иргэд өндийх ажлыг хааж боохоо болиоч Учрал сонин байгаа шүү. Туулын гүүрийг байгал сүйтгэнэ гэсэн, Усан цахилгаан станц бүр их сүйтгэх бус уу
Сайн нягталж шалгах засах ажилаа хийнэ биз..бүтээн байгуулалтыг л зогсоож болохгүй!!!Орос гацаана ,хулгайчууд гацаана ..яасан улс байдаг юм бээ...энэ төслийг л заавал хэл амгүй шиг явуулбал хөрөнгө оруулалт дахиад орж ирнэ..Туулын хурдны замаа ч маршрут өөрчлөөд явуулах хэрэгтэй..төсөв дээр нь өөрчлөлт хийгээд явна бийз..хулгай манай талдаа л байгаа штээ..
.
Хүн төвтэй хот байгуулалт ярьж байгаа нь зөв санагдлаа