ҮХЦ | Д.Цогтбаатар: Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд "нэг удаа, зургаан жил" гэдэг үг, үсэг байхгүй
Найман гишүүний бүрэлдэхүүнтэйгээр өглөө 09.30 цагаас эхэлсэн ҮХЦ-ийн Их суудлын хуралдаан 10.40 цагт завсарлалаа. УДШ-ийн Ерөнхий шүүгч улиран томилогдох эсэх маргааныг шийдвэрлэсэн цэцийн тогтоолоо 13.30 цагт танилцуулна.
Тодруулбал, 2021 онд УИХ-аас батлан мөрдөж буй Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүх санал болгосноос хойш Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа томилно” гэж заасан байдаг. Тэгвэл уг заалт дахь “... зөвхөн нэг удаа ...” гэсэн нь ҮХЦ-ийн 2016 оны арвандугаар сарын 02-ны өдрийн 12 дугаар дүгнэлтээр хүчингүй болсон заалтыг агуулгаар нь дахин сэргээж, Үндсэн хуулийн 51 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн эсэх маргааныг шийдвэрлэх юм байна. Энэ талаарх мэдээллийг иргэнээс ирүүлсэн аж.
Тэгвэл Үндсэн хуулийн 51.2-т хэрхэн заасныг тодруулъя . Тус заалтад "Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчдийг УИХ-д танилцуулснаар, бусад шүүхийн шүүгчдийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосноор тус тус Ерөнхийлөгч томилно. Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор гишүүдийнх нь дотроос зургаан жилийн хугацаагаар Ерөнхийлөгч томилно" гэжээ.
Өөрөөр хэлбэл, ҮХЦ-ийн их суудлын хуралдаанаас "...зөвхөн нэг удаа.." гэдэг нь Үндсэн хууль зөрчиж байна гэж дүгнэвэл Шүүхийн тухай хуулийн тус заалтыг Үндсэн хуульд нийцүүлэх ажил явагдана гэсэн үг.
Цэцийн хуралдаанд мэдээлэл гаргагч иргэн Нацагдорж, УИХ-ын итгэмжилсэн төлөөлөгч Д.Цогтбаатар нар оролцлоо.
Хуралдааны эхэнд,
Иргэн Нацагдорж: Гаргасан мэдээлэл гурван хэсэгтэй.
Нэгт. УИХ-ын чуулганаар тогтоосон хугацаа. Гурван албан тушаалтанд буюу Монгол Улсын Ерөнхийлөгч, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүн, ҮХЦ-ийн дарга дээр. Бусад албан тушаалтан дээр ҮХЦ-ээс хугацаа тогтоогоогүй байна.
Хоёрт. Энэ асуудлаар ҮХЦ 2016 онд дүгнэлт гаргасан. Шүүхийн тухай хууль болон Үндсэн хууль зөрчсөн байна хэмээсэн. Дүгнэлтийг УИХ хүлээж авч хүчингүй болгосон.
Гуравт. ҮХЦ-ээр хүчингүй болгосон заалтыг дахин сэргээх юм бол ҮХЦ Их суудлын хуралдаанаар хүчингүй болгоно. Нэгэнт 2011 оны шүүхийн тухай хуульд байсан "нэг удаа" гэдгийг 2021 онд хуульчлахдаа "зөвхөн" гэж тодруулж, нарийвчлан оруулж ирсэн нь Үндсэн хууль зөрчиж байна гэж үзсэн. Тиймээс ҮХЦ-ийн Их суудлын хуралдаанаар хэлэлцэж хүчингүй болгож өгнө үү.
УИХ-ын итгэмжилсэн төлөөлөгч Д.Цогтбаатар: Бид өөрсдийнхөө тайлбарыг бүрэн гаргаад өгчихсөн. Мэдээлэл өгөхөд, "2021 онд хууль баталж оруулж ирэхдээ Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд "нэг удаа зургаан жил" гэдэг үг үсэг байхгүй юм билээ. Засгийн газрын оруулж ирсэн санал, португалыг нөхөж үзсэн. Яагаад нэг удаа, зураан жил гэдэг томьёололтой оруулж ирсэн бэ гэвэл эрх зүйн хувьд тайлбар үндэслэл үзэхэд юу ч байгаагүй. Зүгээр УИХ дээр л өөрчилчихсөн. Нарийвчилсан зохицуулалттай заалтууд дээр УИХ дангаараа ямар ч тайлбаргүйгээр бүртгэж, өөрчилсөн. ҮХЦ-ийн шийдвэр хүчинтэй байгаа. Үүнийг өөрчлөх ямар ч үндэслэл гаргалгүй ҮХ зөрчсөн хууль оруулж ирээд баталчихсан байна. Тэр агуулга харагдаж байна билээ.
Үргэлжлүүлэн ҮХЦ-ийн гишүүдээс оролцогч талуудаас асуулт асууж, хариулт авлаа. Мөн мэтгэлцээний үед асуулт байгаа эсэхийг асуухад байсангүй. Ийн хуралдаан цаг гаруй үргэлжилж, ҮХЦ-ийн найман гишүүн тус асуудал дээр хэлэлцэхээр завсарлага авч 13.30 цагт шийдвэрээ танилцуулахаар боллоо.
ҮХЦ-ээс гаргасан шийдвэрийг бид эргэн мэдээлэх болно.
О.ОНОН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.