Алтай суманд шүлхийгээр халдварласан 605 үхрийг устгалд оруулж, Баян-Өлгий, Увс хооронд хөдөлгөөн хязгаарлав
Мал амьтны гоц халдварт шүлхий өвчний тархалтаас урьдчилсан сэргийлэх үүдээс Баян-Өлгий, Увс аймгийн хооронд орох, гарах авто замын хөдөлгөөнийг тавдугаар сарын 31-нээс эхлэн тодорхойгүй хугацаагаар хязгаарласан байна. Тодруулбал, Увс аймагтай хил залгаа Баян-Өлгий аймгийн Алтай суманд шүлхийн халдвар гарч, 605 үхэр сүргийг устгалд оруулаад байгаа юм.
Энэ удаа тархаад буй шүлхий өмнө нь манай улсад бүртгэгдэж байгаагүй SAT-1 омгийнх учираас хавар хийсэн шүлхийн АО омгийн вакцин урьдчилан сэргийлэх боломжгүй. Мөн хоруу чанар, тархалтын чадвар өндөр, халдварласан малыг 100 хувь устгалд оруулахаас өөр аргагүйд хүрчээ.
Түүнчлэн шинэ омгийн шүлхийн баталгаажсан вакциныг татан авах наад талын хугацаа долдугаар сарын 15 гэх албаны мэдээлэл байна. Увс аймаг 225,8 мянган үхэр, нэг сая 58 мянган ямаа, 1 сая 143 мянган хоньтой нийт хоёр сая 300 мянган тоо толгой мал халдварлах эрсдэлтэй гэсэн үг. Иймд шүлхийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор хөдөлгөөний хязгаарлалт хийгээд байна.
Мөн Баян-Өлгийгөөс ноолуур ачиж ирсэн Увс аймгийн иргэдийг тусгаарлаж, ариутгажээ. Тус аймагт зорчиж байсан иргэдийг машин техникт нь ариутгал хийж оруулах зохицуулалт хийгдэж байгаа аж.
Д.ХАДААН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.