Энэ зун баруун аймгуудын нутгаар хур бороо бага орно
ЦУОШГ-ын мэдээлснээр, энэ зун баруун аймгуудын нутгаар хур тунадас харьцангуй бага, олон өдөр үргэлжилсэн халуун байх төлөв гарчээ. Иймээс иргэд эрүүл мэнддээ анхаарч, харшил, зүрх судасны өвчин болон наршихаас урьдчилан сэргийлж, малчид малын бэлчээр, усны нөөцдөө анхаарахыг зөвлөв.
Харин төвийн аймгуудын нутгаар 7, 8 дугаар сард агаарын температур дунджаас дулаан, хур тунадас олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй. Түр зуурын усархаг аадар, аянга цахилгаан, нөөлөг салхины аюултай үзэгдлийн эрсдэл ихсэж, голын усны түвшин нэмэгдэх нөхцөл бүрдэж болзошгүй байна. Түүнчлэн говь, зүүн аймгуудын нутгаар хур тунадас их, сэрүүн, салхитай байх төлөвтэй тул байгалийн болзошгүй гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулжээ.
Долоодугаар сард агаарын дундаж температур Дорнод, Сүхбаатар, Дорноговийн нутаг, Өмнөговь, Хэнтийн зүүн хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй бол сарын нийлбэр хур тунадас Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтайн нутгаар олон жилийн дунджаас бага, Дорноговийн нутаг, Өмнөговийн зүүн, Сүхбаатарын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.
Агаарын дундаж температур наймдугаар сард Өмнөговь, Дорноговийн ихэнх хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх бол нийлбэр хур тунадас Баян-Өлгий, Увс, Ховдын нутаг, Завханы ихэнх, Говь-Алтайн баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас бага, Өмнөговь, Дорноговь, Дорнод, Сүхбаатарын нутаг, Хэнтийн зүүн, Дундговийн зүүн өмнөд хэсгээр дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөв гарчээ.
Есдүгээр сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй бол нийлбэр хур тунадас Дорноговь, Дорнод, Сүхбаатарын нутаг, Өмнөговийн ихэнх, Дундговийн өмнөд, Хэнтийн зүүн хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас бага орох төлөвтэй байгаа аж.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.