ЭРҮҮЛ МЭНД

Б.Мөнхтуяа бүсгүйн бичсэн “Шидэт хуудас” ном дуусаж, ахин хэвлэлтэд шилжүүллээ

Eguur.mn сайт “ЭГЭЛ БУС АМЬДРАЛ: Гурав дахь хорт хавдартайгаа тэмцэж буй ээж” Б.Мөнхтуяагийн талаар нийтлэл гаргаснаас хойш түүнд туслах гэсэн сайхан сэтгэлт түмний хандивын аян тасратгүй өрнөж, бүсгүйн охиныхоо төлөө амьдрах сан гэх сүүлийн хүсэлд нь итгэлийн гэгээ цацруулсаар байна.

Хөхний хорт хавдар болон хэвлийн хорт хавдраа өөрийн болон гэр бүл, найз нөхдийн хүчээр даван гарсан түүнд гурав дахь хорт хавдар гэдэг байж боломгүй, хүлээн зөвшөөрмөөргүй үнэн байв. Гэвч тэр ахиад л, гурав дахь удаагаа хорт хавдартайгаа эвлэрч, өдөр, өдрөөр, цаг хормоор хэмжигдэх үхлийн эсрэг шүд зуун тэсэж буй. Учир нь түүнд хоргодох зүйлс даанч их, хэлд орох гэж хэд гуравхан үг хэлж шулаганаж буй танхилхан охин нь, хоёрын хоёр хавдрынх нь ард хөтлөлцөөд гарсан хань ижил нь, өдөр бүр бор шувуу шиг эрийж зогсоод харцаар нь хөдөлж, тусалж буй хэдэн дүү нар нь, хамгийн сүүлд мөрөөдлөөсөө ургуулсан үлгэрийн гурван баатартай номынх нь дараагийн цувралууд...

ӨЧИГДӨР ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ

Хандивын аян ганцхан өдрийн дотор 20 сая гаруй төгрөг цуглуулжээ. Түүнээс гадна “Mommy central”, “Сайхан бүсгүй” зэрэг ээжүүдийн группт хандивын аян эхэлж, зурагчид өөрийн дарсан хамгийн сайхан зургаа хамгийн өндөр үнээр худалдаж авах нэгэнд нь хүссэн хэмжээгээр нь угаан жаазалж бэлэглэх “чээлэнж” эхлүүлж, “Blue sky” “Metro mall” дахь номын дэлгүүрүүд номыг нь шимтгэлгүйгээр худалдан борлуулж өгөх санал тавив.

Түүгээр зогсохгүй анимэйшн зураач залуусын зургийг аннимейшн хэлбэрт хувирган зурж өгөхдөө зөвхөн хандив өргөсөн скрийншотоо л харуулахыг хүсэв.  Фитнесс, онлайн дэлгүүр, орон нутгуудаас холбогдож номыг нь худалдан борлуулж өгье, шимтгэл авахгүй гэж хүн бүр чадах чадах зүйлээрээ туслахаар мэрийв.

Үндэсний үйлдвэрлэгч “Exclusive” брэнд Улаанбаатар такси компанитай хамтран тус компанийн таксигаар үйлчлүүлсэн үйлчлүүлэгч бүрд оёход бэлэн болгосон маскны бэлдэц бэлэглэж, Б.Мөнхтуяа бүсгүйд хандив өргөхийг уриалах ажил ч эхлүүлэхээр боллоо.

Үүнээс гадна хувь хүмүүс маш их холбогдож өөрийн хүрээлэл дунд номыг нь борлуулж, ажил, албан байгууллага дээрээ хандивын хайрцаг аялуулж өгөхөө илэрхийлэв.

НОМНЫ ЗАХИАЛГАД ДАРАГДАЖ, НОМ ДУУСЛАА, АХИН ХЭВЛЭЛТЭД ШИЛЖҮҮЛЭВ

Харамсалтай нь, ингэж хурдтайгаар олныг хамрана гэж төсөөлөөгүй байсан гэр бүлийнхэнд нь номны хомсдол үүсэв. Өчигдөржин /2020.01.20/ гэр бүлийнхэн нь хэдэн тийшээ тарж үлдсэн номоо тарааж гүйсээр өнгөрөв. Хэвлэгдсэн байсан ном нь дууссан тул чанартай бөгөөд яаралтайгаар хэвлэх хэвлэлийн газар ч хайв. Ингээд эхний ээлжийн 3000 номын захиалга долоо хоногийн дараа гарахаар боллоо.

Номын хэвлэлтийг ADMON принтинг хариуцаж, ном бүрийг 3000 төгрөгийн хямдралтай үнээр хэвлэн өгөхөөр бэлэг барив. Гайхалтай.

Номууд хэвлэлтээс гарсан даруйд захиалга өгсөн хүмүүстээ аз жаргал, баяр баясалтайгаар, хариуцлагатайгаар хүргэнэ. Захиалга өгсөн хүн бүрийн нэр, утасны дугаарыг гэрийнхэн нь эрийтэл жагсааж, олон өнгөөр ялган тэмдэглэсэн байв.

ГАНЦХАН УТАСНЫ ДУГААР АЧААЛЛАА ДИЙЛЭХЭЭ БОЛИВ

Өчигдөр гарсан нийтлэлд Б.Мөнхтуяагийн бичсэн хүүхдийн номыг худалдан авч, хандив өргөхийг хүссэн хүмүүсийг дараах дугаарт холбогдоно уу гэж ганцхан дугаар бичиж өглөөг эхлүүлэв. Гэтэл дүү нь өдөрхөн эргэн холбогдоод “Утас маань тасралтгүй дуугарч байна, номоо бусдад өгөх зуур залгасан хүмүүс утсаа авсангүй гэж гомдох вий, өөр хоёр дугаар нэмж бичиж өгөөч” гэж хүслээ.

Аргагүй билээ, тэд ном авахаар захиалга өгсөн сайхан сэтгэлт хүмүүст хүргэж өгөхөөс гадна, хажуугаар нь өдөр өдрөөр үхэлтэй тэмцэлдэж буй эгчээ байн байн очиж эргэх, хооллох, ундлах, цайлахаас эхлээд өвдөж зовиурлахад нь дэргэд нь байж сэтгэлийг нь өргөх ёстой.

Иймд уншигч та бүхэн 88018046 99800668 88024457 дугаарын утсаар холбогдон номын захиалгаа өгөх боломжтой бөгөөд хэрэв утсаа авахгүй байвал тэдний ачааллыг ойлгон, дэмжээрэй. Тэд өдөр зогсохгүй, шөнө унтахгүй эгчийнхээ төлөө, бяцхан охиных нь төлөө хичээсээр л байгаа юм шүү.

Б.Мөнхтуяа БНСУ-руу явж эмчлүүлэхэд 300 гаруй сая төгрөг шаардлагатай. Үүнээс 20 сая төгрөг нь цугласан. Тэд өмнө хоёр ч хорт хавдрын ард, олон ч химийн эмчилгээ, эм тариа, хагалгааны ард гарсан тул байдаг бүхнээ барчихсан. Аав ээжүүд нь ч өмнөх хавдаруудын үед байдгаа барьчихсан. Одоо тэд байгаа ганц байраа зараад 50 сая төгрөг л өөрсдийн хэмжээнд босгох боломжтой. Иймд та бүхэн сайхан сэтгэлийн гараа сунгах аяныг гэр бүл, найз нөхөд, хамт олноороо нийлж нэгдэн дэмжихийг манай сайтын зүгээс уриалж байна.

ХАНДИВЫН ДАНС: 5133099922 Хаан банк-Б.Мөнхчимэг /төрсөн дүү/

“Өчигдөр их сайн уйлж аваад, өнөөдөр ахиад л хорт хавдартайгаа эвлэрлээ. Уйлаад юу өөрчлөгдөх билээ. Яасан өндөрт мандсан туг вэ, буулгаж ирээд салбалаад өгье гэдэг шиг өвчин намайг буулгаж ирээд, салбалж байх шиг. Гэвч өчнөөн удаа сийчүүлсэн ч үргэлж л дээшээ тэмүүлж байна. Гүрийж байна” Б.Мөнхтуяа

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Bibo
Bibo
2020-02-01 14:12

Mundag bvsgvid amjilt chi chdnaa

Холбоотой мэдээ

Back to top button