Иргэд шүүхэд биеэр очихгүйгээр, цахимаар үйлчилгээ авах боломжийг бүрдүүлнэ

Өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Г.Даваадорж, ШЕЗ-ийн Шүүхийн цахимжилтын төвийн захирал Т.Мөнхбаяр нартай уулзаж, “Цахим шүүх 2.0” системийн хөгжүүлэлтийн явцтай танилцлаа.Шүүх эрх мэдлийн байгууллагууд 1989 оноос хойш мэдээллийн технологи нэвтрүүлж, өдгөө 20 гаруй систем ашиглаж байгаа ч өнөөгийн шаардлагыг бүрэн хангаж чадахгүй байна. Тиймээс ШЕЗ-өөс шүүхийг цахимжуулах бодлого баталж, УИХ-аас шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэснээр “Цахим шүүх 2.0” цөм системийн хөгжүүлэлт 2024 оноос эхлээд байгаа юм.Уулзалтын үеэр дараах асуудлуудад анхаарал хандуулж, санал солилцлоо:

Ил тод байдал: Шүүгч, прокурор, өмгөөлөгч нарыг коджуулж, мэдээллийг нь нээлттэй болгох. Ингэснээр иргэд өмгөөлөгч сонгохдоо тухайн өмгөөлөгчийн мэдээлэл, туршлагатай бүрэн танилцаж сонголтоо хийх боломж бүрдэнэ.
Иргэдийн чирэгдлийг бууруулах: Нэхэмжлэл гаргах, нотлох баримт илгээх, тэмдэгтийн хураамж төлөх, хавтаст хэрэгтэй танилцах, шүүх хурлын тов харах зэрэг үйлчилгээг иргэд заавал шүүх дээр очихгүйгээр цахимаар авах боломжийг яаралтай бүрэн нэвтрүүлэхийг санууллаа.
Шүүхийн процессын хяналт: Шүүх хурал хойшлох шалтгааны 50 гаруй хувийг өмгөөлөгчийн "хурал давхцсан" гэх шалтгаан эзэлдэг байна. Иймд цахим системээр тухайн өмгөөлөгч хаана, ямар хуралд оролцож байгааг хянах, давхцлыг арилгах нь чухал болохыг онцоллоо.Түүнчлэн шүүх эрх мэдлийн байгууллагууд нэгдсэн дата төвтэй болох, мэдээлэл солилцооны дэд “ХУР” системтэй болж дотооддоо мэдээллээ солилцдог байх, харин төрийн бусад байгууллагаас мэдээлэл авахдаа үндсэн мэдээлэл солилцооны нэгдсэн систем “ХУР”-аар дамжуулдаг байх чиглэлээр ярилцлаа. Шүүхийн үйлчилгээ цахимжсанаар иргэдийн цаг хугацаа, зардлыг хэмнэхээс гадна шүүхийн ил тод, нээлттэй байдал эрс нэмэгдэх юм.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.