Ц.Сандаг-Очир: Уул уурхайгаас үүдэж эвдэрсэн 54 мянган га газрыг 2030 хүртэл нөхөн сэргээнэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар уул уурхайн олборлолтоос үүдэлтэй эвдэрсэн газар нутгийг нөхөн сэргээх төлөвлөгөөг баталлаа. Энэ талаар БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир "Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 54 мянган га газар нутаг уул уурхайгаас, хууль бус олборлолт, зам тээвэр, барилга байгууламжаас болж эвдэрсэн гэсэн судалгаа байна. Эдгээр газрыг 2026-2030 хүртэлх хугацаанд нөхөн сэргээнэ" гэв
Мөн тэрбээр "Ерөнхий сайдын зургаадугаар сарын 3-нд гарсан албан даалгаврын дагуу манай яам, АҮЭБЯ, Экологийн цагдаатай хамтран ажлын хэсэг Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Хяналт шалгалтын үр дүнг энэ долоо хоногт Шадар сайдад танилцуулна.
Хамтарсан ажлын хэсэг цаашид Өмнөговь, Архангай, Өвөрхангай, Төв, Дорноговь зэрэг уул уурхайн лиценз олноор олгогдсон аймагт хяналт шалгалтын ажлыг үе шаттай хийнэ. Ингэснээр эвдэрсэн газрыг нөхөн сэргээх, хариуцлагатай уул уурхайг бий болгоно. Ганц нэг хариуцлагагүй байгууллагаас болж олон улсад нийтдээ Монголын уул уурхай хариуцлагагүй мэт харагдуулж болохгүй. Цаана нь улсын эдийн засаг, экспортын яригдана. Алт хэчнээн өндөр үнэ хүрсэн ч уул уурхайн олборлолтод тавин хяналт шаардлагыг сулруулахгүй.
Наймдугаар сард манай улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах гэж байна. Энэ хүрээнд олон улсын хэлэлцээрүүдийн өмнө 2030 он гэхэд нийт газар нутгийнхаа 30 хувийг тусгай хамгаалалтад авна гэсэн амлалт, зорилттой ажиллаж байна" гэлээ
Д.ХАДААН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.