ЭРҮҮЛ МЭНД

Франц улсад эмнэлгийн ажилтан халдвар авсан тохиолдол бүртгэгджээ

Өнөөдрийн /2020.02.03/ Эрүүл мэндийн яамны мэдээллийн үеэр ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа мэдээлэл өглөө.

Тэрбээр “Дэлхийн хэмжээнд коронавирусийн халдвар авсан хүний тоо нэмэгдсээр байна. Өнөөдрийн байдлаар 17 мянга, нас барсан тохиолдол 45-аар нэмэгдсэн ч, нас баралтын түвшин 2.1 хувьтай буюу хэвээр байна. Өчигдрийн байдлаар БНХАУ-аас гадна 4 улс орон халдварын тохиолдол бүртгэгдсэн. Үүнд ОХУ-д хоёр, Швед, Испанид тус бүр нэг, Англид мөн хоёр тохиолдол бүртгэгдсэн. Сүүлийн 24 цагийн байдлаар нэмж халдвар авсан хүн бүртгэгдээгүй байна. БНХАУ-аас гадна нас баралтын анхны тохиолдол Филиппин улсад бүртгэгдсэн бөгөөд анхны батлагдсан тохиолдолтой хавьтал буюу анхны тохиолдлоосоо халдвар авсан байна.

БНХАУ-аас гадна Эрүүл мэндийн ажилтан халдвар авсан анхны тохиолдол Франц улсад гарсан бөгөөд энэ нь тус эмнэлгийн халдвар хамгааллын дэглэм, хувийн халдвар хамгааллын нөөц хангамжийг бүрдүүлэх түүнийг зөв хэрэглэх ёстой болохыг харуулж байна.

Шведийн нэг батлагдсан тохиолдол бий. Нэгдүгээр сарын 24-нд Ухань хотоос аялж ирээд дөрөв хоногийн дараа шинж тэмдэг нь илэрсэн. Энэ хугацаанд урьдчилан сэргийлэх зорилгоор өөрийгөө тусгаарлаж, эмнэлэг дуудахдаа “Би 14 хоногийн хугацаанд Ухань хотод аялсан юм” гэдгээ хэлсэн. Үүний хүчинд эмнэлгийнхэн бүрэн бэлтгэлтэй, халдвар хамгааллын дэглэмийн дагуу өвчтөнийг тусгаарласан нь цаашид олон хүн хавьтал болохоос сэргийлж чаджээ.

Манай улс ч голомттой бүс нутгаас ирсэн бол өөрийгөө тусгаарлаж, аль болох гадагш гарахгүйгээр, хувийн хамгаалах хэрэгслийг зүүж байхыг зөвлөж байгаа. Хэрэв амьсгалын замын өвчний шинж тэмдэг илрэх юм бол 24 цагийн ажиллагаатай 80086829 гэсэн утсанд мэдээлэх шаардлагатай. Хэрэв эмнэлгийн байгууллагад өөрөө хандах юм бол заавал амны хаалт зүүсэн байх ёстойг анхааруулж байна” гэлээ.

Т.САНТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Back to top button