Наадмын амралтын өдрүүдэд 11 том хүн, хоёр хүүхэд усанд осолдож амиа алджээ
Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд 2026 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 20-ны өдрийн 08:00 цаг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллалаа.
Энэ хугацаанд улсын хэмжээнд гамшиг, аюулт үзэгдэл, ослын 142 удаагийн дуудлага бүртгэгдэж, төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 926 алба хаагч 194 нэгж техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэв. Алба хаагчид аюулт үзэгдэл ослоос 39 иргэний амь насыг аварч, 75 иргэнд яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэн, аюулгүй байдлыг нь хангалаа.
Нийт дуудлагын:
- 66 нь объектын гал түймэр;
- 23 нь усны осол
- 19 нь үертэй холбоотой;
- 11 нь гол, усанд гацсан, суусан;
- 1 нь ой, хээрийн түймэр;
- 22 нь газар хөдлөлт, хүчтэй салхи шуурга, төөрсөн, сураггүй болсон, зам тээврийн болон бусад ослын дуудлага байв.
Баяр, амралтын өдрүүдэд аюулт үзэгдэл, ослын улмаас нийт 19 хүн амь насаа алдсаны гурав нь хүүхэд байна. Үүнээс усны ослоор 13, объектын гал түймэрт хоёр, зам тээврийн осолд нэг, өндрөөс унасны улмаас нэг, бусад ахуйн ослоор хоёр хүн амь насаа алджээ. Тухайлбал, баяр амралтын өдрүүдэд Нийслэлийн гурван дүүрэг, зургаан аймгийн 12 суманд усны ослын 23 тохиолдол бүртгэгдэж, 11 том хүн, хоёр хүүхэд буюу нийт 13 хүн амь насаа алджээ. Мөн Сэлэнгэ аймгийн Сайхан сум болон нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт усанд осолдсон гурван иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Мөн давхардсан тоогоор 2100 гаруй хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний объектод урьдчилан сэргийлэх хяналт, шалгалт зохион байгуулж, 6000 гаруй иргэнд зөвлөмж хүргэж ажилласан байна.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.