ДЭЛХИЙ

УХАНИЙ ОРШИН СУУГЧИД: Хөл хорионд байснаас гэртээ үхсэн нь дээр

Өчигдөр буюу хоёрдугаар сарын 04-нд коронавирусийн гол төв болох Хубэй мужийн ойролцоо амьдарч байсан Юан Чен хэмээх 16 настай хөгжлийн бэрхшээлтэй хүү аав, ахыгаа хөл хорионд байх үед гэртээ өөд болсон билээ.

Тэд хоёр долоо хоногийн хугацаанд хөл хорионд байсан бөгөөд, хүү энэ хугацаанд ердөө хоёр удаа хооллосон байна. Эцэг нь албаны хүмүүст тархины саажилттай хүүгээ ганцаараа байгааг удаа дараа мэдэгдэж байсан ч, Хуажяхэ хотын удирдлагууд үл тоосон нь олны унтууцлыг ихэд хүргээд байгаа юм.

Эл явдлаас хойш хөл хорио тогтоод байгаа хотуудын оршин суугчид эсэргүүцэл үзүүлж, хөл хорио гэдэг нь “Үхэх хүртэл хорих газар” хэмээн бухимдаад байна.

Ухань хотын оршин суугч, 33 настай гэрийн эзэгтэй Вэнжун Ванг (Wenjun Wan) Их Британийн BBC мэдээний сурвалжлагчид өөрсдийн гэр бүлд тохиогоод байгаа эмгэнэлт явдлыг дэлгэжээ.

Бүсгүй хэлэхдээ: “Коронавирусийн дэгдэлт эхэлснээс хойш авга ах минь нас барж, аав ээж нагац эгч нарт өвчний шинж тэмдгүүд илэрч, биеийн байдал нь үнэхээр муу байна. Шинжилгээ болон рентген зургаар тэдний уушги хэдийн өвчилсөн бөгөөд одоо амьсгалахад ч маш хүндрэлтэй байгаа. Аав маань өчигдөр 39.3 хэм хүртэл өндөр халуурч, амьсгалж чадахгүй байсан учир түүнийг хүчил төрөгчийн аппаратад 24 цагийн турш гэртээ асарч байна. Тэдний биеийн байдал үнэхээр муу байхад эмч, болон эмнэлгийн тусламж ирэхгүй, зөвхөн хөл хорио тогтоож, өвчний явцыг түргэсгэж байна. Бидэнд хэн ч туслахгүй байна шүү дээ” хэмээн онцолжээ.

Түүнчлэн, миний авга ах үнэндээ хорио цээрийн газарт нас барсан. Учир нь хүнд шинж тэмдэгтэй хүмүүст эмчлүүлэх эмнэлгийн газар гэж үгүй. Аав маань зохих ёсны эмчилгээг хийлгэнэ гэдэгт найдаж байна. Гэвч хэн ч бидэнтэй холбогдож, туслахгүй юм. Би хэдий аавыгаа эмчлүүлэхийг хүсэж, зохих хүмүүст нь хандсан ч тэд надад хариу өгсөнгүй. Хэрэв биднийг эмчилж, гэрт минь буцаадаггүй л юм бол бид хөл хорионд орохгүй. Түүний оронд гэртээ үхсэн нь дээр” гэжээ.

БНХАУ-д хэдийгээр эмнэлгийн түргэн тусламж, үйлчилгээн дээр анхаарч, шинээр эмнэлэг хүртэл барьж, өвчтөнөө авсаар байгаа боловч, энэ нь хүрэлцээгүй байгаа юм. Учир нь өдрөөс өдөрт өвчний тархах хүрээ ихсэж, шинж тэмдэг нь дордсоор байгаа учир эмнэлгүүд хөнгөн өвчтөнийг эдгээх хүртэл арга хэмжээнүүдийг авч, харин хүндэрсэн өвчтөнүүдээ хөл хорио тогтоож байгаа аж. Үнэндээ хөл хорио гэдэг нь чимээгүй үхэл болохыг бүсгүй хэлж, түүнтэй ижил зовлонтой олон мянган гэр бүлүүд байгааг ч нуусангүй.

Харин албаны эх сурвалжуудын шинэчлэгдсэн мэдээллээр, тус халдвараар өвчилсөн хүмүүсийн тоо 24363-т хүрсэн нь өчигдрийн үзүүлэлтээс даруй 3889-өөр өссөн үзүүлэлттэй байна. Хэдий тийм ч, бүрэн эдгэрсэн хүмүүсийн тоо нас барсан 431 хүмүүсийн тооноос үнэмлэхүй их буюу 892 болсон нь хүмүүст шинэ итгэл найдварыг төрүүлээд байгаа юм.

О.ЭНЭРЭЛ

ЭХ СУРВАЛЖ: bbc.com

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Back to top button