УЛС ТӨРУлс төрийн халуун сэдэв

Оюутолгойн ногдол ашиг гэх ₮3 их наядын мөр хаашаа хөтөлнө вэ

Ерөнхийлөгчийн сонгуультай 2027 оны улсын төсвийн хамгийн анхаарал татах орлогын нэг нь Оюутолгой төслөөс Монголын талд ногдох ногдол ашиг болж байна. Засгийн газраас өргөн барьсан төсвийн орлогын тооцоонд Оюутолгойн төрийн эзэмшилд ногдох ногдол ашгаас гурван их наяд төгрөгийг 2027 онд төсөвт төвлөрүүлэхээр тооцсоныг сөрөг хүчнийхэн болоод эдийн засагчид, хуульчид нэлээд шүүмжилж буй. 

“Алаагүй баавгайн арьсыг арвуулаа хуваана” гэгчээр ирэх жил манайд яг орж ирэх, эсэх нь тодорхойгүйбайгаа ногдол ашгийнхаа ₮2 их наядаар нь 300мвт-ын хүчин чадалтай ДЦС шинээр барих, улигт 10 аймгийн дулааны цахилгаан станцаа гүйцээх гэхчлэн эрчим хүчний 17 төсөл (₮1.8 их наяд), боомтын шинэчлэлийн дөрвөнтөсөл (₮212 тэрбум),  Аж үйлдвэрлэлийн паркийн хоёр төсөл (₮33 тэрбум) хэрэгжүүлнэ гээд хаа гуяар нь хуваагаад хэдийн төсөвт тусгасан тухай Ж.Энхбаяр сайд хэлнэ лээ.

Гэтэл ердөө хэдхэн хоногийн өмнө Сангийн сайд З.Мэндсайхан болохоор ногдол ашиг хуваарилах асуудлыг нэг удаагийн хуулиар зохицуулж, багш, эмч нарын цалингийн нэмэгдэл, ахмадын тэтгэврийн зөрүүг багасгахад зарцуулна хэмээн мэдэгдсэн. Нэг кабинетад зэрэгцээд сууж байгаа хоёр сайд нь хоорондоо зөрүүтэй мэдээлэл өгсөн нь хачирхалтай. Ямартай ч ₮3 их наядын ногдол ашгийнхаа нэгийг нь Үндэсний баялгийн санд төвлөрүүлэхээр төлөвлөжээ, Н.Учралын Засгийн газар. 

Манай төсөөллийн төлөвлөгөөг “Рио тинто” одоогоор баталгаажуулаагүй   

Хамгийн эхний асуулт бол “₮3 их наяд төгрөгийг яг яаж зарцуулах вэ” биш, “Оюутолгойн ногдол ашиг гэх 830 сая ам.доллар буюу ₮3 их наяд төгрөг 2027 онд үнэхээр Монголд орж ирэх үү” гэдэг юм. 

Монгол Улсын Засгийн газар “Рио тинто” группийн удирдлагуудтай хийсэн удаа дараагийн хэлэлцээрийн үр дүнд Хувь нийлүүлэгчдийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахаар талууд тохиролцон, менежментийн зардлыг хоёр дахин бууруулах, зээлийн хүүг SOFR+6.5 хувиас SOFR+4.0 хувь болгох, Талуудын хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг хөндөн ярилцах хугацаа долоон жил байсныг гурав болгож өөрчлөхөөр болсон билээ. 

Тэгэнгүүт одоогийн Засгийн газрын тэргүүн 2027 оны төсөвт Оюутолгойгоос ₮3 их наядын ногдол ашиг авахаар төлөвлөсөн гэж албан ёсоор мэдээлсэн боловч сүүлийн хэлэлцээрийн тухай “Рио тинто”-гийн албан сайтад ямар ч мэдээлэл гараагүй.

Өнгөрсөн зургаадугаар сарын хэлэлцээрийн дараах “Рио”-гийн албан мэдэгдэлд ч “Монгол Улсад 2027 онд ₮3 их наядын ногдол ашиг хуваарилна” гэж мөнгөн дүн, цаг хугацаа гэх мэт тодорхой зүйл дурдаагүй, зөвхөн shareholder distributions-ийг урагшлуулах талаар тохирсон л гэж бий. 

Тэгэхээр ₮3 их наяд бол Монголын талын төсөөллийн төлөвлөгөө болохоос “Рио тинто”-гийн нийтэлсэн баталгаатай мөнгөн дүн одоогоор биш гэж үзэхэд гэмгүй. Учир нь Оюутолгойн ногдол ашгийн ₮3 их наядын тооцоо ямар үндэслэл, ямар мөнгөн урсгал, ямар төлөлтийн хуваарь дээр тулгуурлаж байгааг эхлээд тодорхой болгох шаардлагатай. Хэрэв ногдол ашиг ₮3 их наяд хүрэхгүй бол нөгөө олон төлөвлөсөн хоёр их наядын хөрөнгө оруулалтын ажлуудаа яах вэ гэдэг асуулт ч хөндөгдөнө.

₮3 их наядыг яагаад 1+2 гэж хуваах болов

 Засгийн газрын 2027 оны төсвийн төсөлд Оюутолгойн төрийн эзэмшилд ногдох ногдол ашгаас ₮1 тэрбумыг Хуримтлалын санд, үлдэх ₮2 тэрбумыг улсын төсөвт ногдол ашгаар төвлөрүүлж, эрчим хүчний салбарын тулгамдсан асуудлыг санхүүжүүлэхээр тусгасан. Эндээс л хуулийн гол асуулт, маргаан гарч ирээд буй юм.

Одоогийн Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 11.1.2-т Хуримтлалын сангийн эх үүсвэрийг тодорхойлохдоо төрийн эзэмшлийн хувьцаанд ногдох ногдол ашгийг тодорхой зарчмаар Хуримтлалын санд хуваарилахаар заасан. Тухайлбал, төрийн эзэмших хувьцаа 34 хувь хүртэл бол төрийн эзэмшилд ногдох бүх ногдол ашгийг Хуримтлалын санд төвлөрүүлэх хуультай. Гэтэл Засгийн газар ₮3 их наядын нэгийг нь Хуримтлалын санд, хоёр их наядыг нь улсын төсөвт татан төвлөрүүлэхээр тооцоолсныг АН-ынхан байж болшгүй үйлдэл хэмээж буй. 

Одоо хүчин төгөлдөр мөрдөж буй хуулийн 11.1.2-т заасанчлан ногдол ашгийн эх үүсвэрийг бүгдийг нь Хуримтлалын санд төвлөрүүлэхгүй, хуваарилсны дараа "үлдэх хэсэг" хэсэг дээр тоглолт хийн 1+2 гэж салгах гээд буй эрх зүйн үндэслэл байгаа юу. Эсвэл Үндэсний баялгийн сангийн тухай хуульд өөрчлөлт оруулаад, 11.1.2 дахь “бүх ногдол ашиг”-ийг Хуримтлалын сангаас гаргах биш, харин Хуримтлалын санд хуваарилаад "үлдэх хэсгэг"-ийг 12.10-аар дамжуулж улсын төсөвт төвлөрүүлэх замыг засах санаархлаа парламентаар гүйцэлдүүлэх үү.  

Үндэсний баялгийн сангийн тухай хуулиа эхлээд өөрчлөх үү, төсвөө түрүүлж батлах уу 

Засгийн газар 2026 оны наймдугаар сарын 20-нд 2026 оны төсвийн тодотгол болон бусад дагалдах төслүүдийн хамт УИХ-д өргөн мэдүүлэхдээ Үндэсний баялгийн сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг анх “хавчуулжээ”. 2026 оны төсвийн тодотголын хэлэлцүүлэг үргэлжилж буй бөгөөд 2027 оны төсвийн төслүүдийг УИХ анхны хэлэлцүүлгээр мөн оруулаад, дараагийн шатанд нь шилжүүлсэн. 

Улс төрийн энэ их дүйвээн дунд Засгийн газар Үндэсний баялгийн сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг давхар өргөн барьсан нь Оюутолгойгоос авах ₮3 их наядын ногдол ашгаа иргэдийнхээ эрүүл мэнд, боловсрол, орон сууцанд зориулах Хуримтлалын санд бүгдийг хийхгүй, гуравны хоёр буюу ₮2 их наядыг нь улсын төсөвт ногдол ашгийн орлого хэлбэрээр төвлөрүүлэх эрх зүйн боломж бий болгох, улмаар 2027 оны төсөвт түүнийгээ зарцуулах зорилготой байж. Тэгэхээр хэрэв УИХ дээрх багц хуулиудыг тэр чигт нь баталбал Засгийн газар хууль зөрчсөн гэж шууд дүгнэхэд учир дутагдалтай болох нь. 

Гэхдээ Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн өөрчлөлт 2027 оны төсөв эцэслэн батлагдахаас өмнө хүчин төгөлдөр болж чадах уу. Нөгөөтээгүүр, хэрэв хууль өөрчлөгдөхөөс өмнө ирэх жилийн төсөв батлагдвал ₮2 их наядын орлогыг ямар хүчин төгөлдөр эрх зүйн зохицуулалтад тулгуурлан төсөвт тусгах вэ гэдэг асуулт бас урган гарна. Түүнчлэн Үндэсний баялгийн сангийн тухай хуульд өөрчлөлт орохгүй бол өнөөх ₮2 их наядаа бас хэрхэх вэ.

Одоогийн Үндэсний баялгийн сангийн тухай хуульд Хөгжлийн сан нь урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт туссан эдийн засаг, нийгмийн үр өгөөж бүхий хөгжлийн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой гэж заасан.

Тэгэхээр “Үлдэх ₮2 их наядаа Хөгжлийн сангаар дамжих уу, эсвэл шууд улсын төсвийн орлого болж, улсын төсвийн хөрөнгө оруулалт болон бусад зарлагаар зарцуулах уу гээд толгойны өвчин болсон асуултууд шил шилээ дарсаар. 

Явж явж бид эндээ баахан бужигнаад хэрүүл уруултай хуулиудаа өөрчлөөд автал ₮3 их наядын ногдол ашиг “Рио”-гоос орж ирэхгүй бол “галын хайч ч үгүй хоцорлоо доо” гээд сууж байх уу.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Л. Ганчимэг

Ерөнхий редактор Л.Ганчимэг Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. "Өнөөдөр" сониноос ажлын гараагаа эхэлж, хэвлэл мэдээллийн салбарт өдгөө 17 дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button