Нийгмийн

“Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төсөл”-ийн зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа

Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хооронд солилцох ноот бичиг болон Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын “Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төсөл”-ийн зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон Улсад хийх албан ёсны айлчлалын хүрээнд “Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төсөл”-ийн солилцох ноот бичигт Монгол Улсын Сангийн сайд З.Мэндсайхан, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү гарын үсэг зурсан бол зээлийн гэрээнд Монгол Улсын Сангийн сайд З.Мэндсайхан, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхийлөгч Танака Акихико нар тус тус 2026 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр гарын үсэг зурлаа.
Тус төслийг Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын “Эдийн засгийн түншлэлийн тусгай нөхцөл” (STEP)-ийн 158.3 тэрбум иений нэн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд энэхүү зээлийн нөхцөл нь 40 жилийн хугацаатай, үүнээс үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил, жилийн 1.1 хувийн тогтмол хүүтэй байна. Монгол Улс 2024 онд дунджаас дээгүүр орлоготой орны ангилалд шилжсэнтэй холбоотойгоор Япон Улсын Засгийн газраас Монгол Улсад олгож буй сүүлийн нэн хөнгөлөлттэй зээл юм.
Энэхүү төслийг анх Япон Улсын Засгийн газрын нэн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж нисэх онгоцны буудал 2021 онд ашиглалтад орсон бөгөөд уг төсөл нь Монгол, Япон хоёр орны найрсаг харилцаа, стратегийн түншлэл, харилцан итгэлцэлд суурилсан хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон томоохон бүтээн байгуулалт юм.

Гэвч сүүлийн жилүүдэд нисэх буудлын зорчигч тээврийн урсгал анх тооцоолсон хүчин чадлаас давж, цаашид тогтмол өсөх хандлагатай байгаа тул нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлж, өргөтгөх шаардлага бий болсон бөгөөд өргөтгөлийн төслийг хэрэгжүүлснээр “Чингис хаан олон улсын нисэх буудал”-ын жилд хүлээн авах зорчигчийн хүчин чадал одоогийн 1.6 саяас 5.2 саяд хүрч, 3.2 дахин нэмэгдэх боломж бүрдэх юм. Ингэснээр өсөн нэмэгдэж буй зорчигч, ачаа тээврийн эрэлтийг хангахын зэрэгцээ олон улсын худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалыг дэмжиж, Монгол Улсын эдийн засгийн идэвхжилд хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Монгол
Монгол

Маш хатуу нөхцөлтэй, Монгол Улсын агаарын орон зайгаар нь барьцаалсан гэрээг Япончууд зориуд санаатайгаар тулгаж хийж байна. Монголын арчаагүй төр засаг энэ бүхнийг нь зүгээр л ангайгаад харж байгаад гарын үсэг зурлаа. Шинэ нисэх онгоцны буудлын хөнгөлттэй зээл нь Монголын хөгжилд том гацаа үүсгэх эрсдэлийг бий болгож байна. Анх төлөвлөж баригдсан шинэ нисэх онгоцны буудал олон тэрбум ам доллараар олон жил баригдсаны эцэст жижигхэн аймгийн төвийн онгоцны буудал шиг умгар буудал баригдсан. Ахиж зээлээр өргөтгөл барих болзол нь: 150 км-н радиус дотор онгоцны буудал байх ёсгүй гэсэн Японы шаардлага асар бүдүүлэг, хэт ёс зүйгүй тулган шаардалт. Буянт ухаа дахь нисэх буудал орон нутгийн нислэг хийж болохгүй гэсэн гэрээнд Монголын төр гарын үсэг зурав. Энэхүү гэрээ нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдал, мөн Монополийн эсрэг хуулийг ноцтой зөрчсөн гэрээ болж түүхэнд үлдэнэ. Энэ гэрээг нэн даруй цуцлах ёстой.

Зочин
Зочин
Reply to  Монгол

Анх баригдсан Хөшигийн нисэх буудал нь олон тэрбум доллараар баригдаагүй. 650 сая доллараар барьж байгуулсан.

Холбоотой мэдээ

Back to top button