"Эгч минь эмнэлгээс гараад ирэхэд гэр орон, өмсөх хувцас хунар юу ч байхгүй болсон"

Баавгайд бариулсны улмаас ГССҮТ-д эмчлүүлж буй 55 настай Н-ийн ар гэрийнхэн хандивын аян эхлүүлжээ
Баянзүрх дүүргийн 35 дугаар хороонд энэ сарын 8-нд нэг эрэгтэй баавгайд бариулж амиа алдсан бол 55 настай Н хэмээх эмэгтэй хүнд гэмтэж, ГССҮТ-д хагалгаанд орж, эмчлүүлж байгаа. Өнөөдөр дээрх иргэний ар гэрийнхэн болон улсын харцага Г.Ганхуяг нар мэдээлэл хийж, нөхцөл байдлын талаар танилцууллаа.
Улсын харцага Г.Ганхуяг "Би баавгайд бариулсан айлын нөхцөл байдалтай танилцсаны хувьд ар гэрийнхэнд нь тусалж, дэмжээд явж байгаа. Баавгай бол аймшигтай араатан амьтан гэдгийг ойлгох хэрэгтэй. Оросоос үхэр шиг том биетэй баавгайнууд Монголд олноор орж ирсэн талаар мэргэжилтнүүд ярьж байна. Тэр баавгайнууд Монголын жижиг биетэй баавгайнуудыг айлгасан учир суурин бүс рүү нэвтэрч бууж ирж байгаа гэдэг. Иймээс тэдгээр том биетэй баавгайг агнах квот тогтоож өгч, мэргэжлийн анчдаар агнуулах боломжтой талаар анчдын хүсэлтийг уламжилж байна" хэмээв.
Эмнэлэгт эмчлүүлж буй иргэн Н-ийн дүү нар "Манай эгч үнэхээр хүнд байдалтай эмнэлэгт хэвтэж байна. Сэтгэл санаа нь үнэхээр хэцүү, маш их айдас түгшүүтэй байгаа. Тэр өдөр яаж гол гараад хажуу айл руу гүйж очсоноо санахгүй байна. Баавгайн шүд ороод гавлын яс нь цөмөрсөн. Тархины судас нь маш их гэмтэлтэй, дараагийн хагалгаанд орохоор хүлээгдэж байгаа. Эмнэлгээс гараад ирлээ гэхэд одоо гэр орон, өмсөх хувцас хунар юу ч байхгүй болсон" хэмээв.
Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны дарга гэр өгөхөөр шийдсэн гэнэ. Гэхдээ эгч нь одоо цочрол айдсаасаа болоод дахиад гэрт амьдарч чадах, эсэхийг мэдэхгүй гээд "Баавгайнд бариулж нэг хүн нас барж, нэг нь эмнэлэгт эмчлүүлж байхад Байгаль орчны яам бидэнтэй огт холбоо бариагүй, яаж байна, яах уу ийх үү гэж ер асуугаагүй. Ахан дүүс, хамаатан садан нь эмнэлгийн бүх зардлыг гаргаад явж байна. Эгчийнхээ эмчилгээ болон орон гэрийн асуудал, мөн нас барсан талийгаачийн ар гэрийнхэнд туслах үүднээс хандивын аян нээж байгаа. Та бүхэн минь туслаарай" хэмээн уриаллаа.
Г.САНСАР












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.