Орон сууцны үнэ жилийн дотор 7.6 хувиар өсөж, хуучин байрны үнэ шинээс давжээ
Орон сууцны үнийн индекс (2023 оны I сар = 1.0) 2026 оны есдүгээр сард 1.47 болж, өмнөх оны мөн үеэс 7.6 хувиар, өмнөх сараас 1.3 хувиар өссөн байна. Энэ үнийн өсөлтийг голчлон хуучин орон сууц тэтгэж байна.
Хуучин байрны үнэ илүү хурдан өсөв
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад шинэ орон сууцны үнэ 3.7 хувиар өссөн бол хуучин орон сууцны үнэ 8.8 хувиар өсчээ. Өмнөх сартай харьцуулахад ялгаа нь бүр тод харагдаж байна. Шинэ орон сууцны үнэ 0.2 хувиар буурсан бол хуучин орон сууцны үнэ 2.0 хувиар өссөн байна.
Үүний үр дүнд хуучин орон сууцны нэг м² талбайн дундаж үнэ 4.86 сая төгрөг болж, шинэ орон сууцныхаас (4.78 сая төгрөг) өндөр гарлаа.
Хамгийн үнэтэй нь Сүхбаатар, хамгийн хямд нь Сонгинохайрхан
Шинэ орон сууцны нэг м²-ийн үнэ Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.52 сая, Сонгинохайрхан дүүрэгт хамгийн бага буюу 3.63 сая төгрөг байна. Хуучин орон сууцны хувьд энэ үзүүлэлт Сүхбаатар дүүрэгт 5.92 сая, Сонгинохайрхан дүүрэгт 3.35 сая төгрөг байна.
Байршлаар нь авч үзвэл Сүхбаатарын талбай, 220 мянгатын орчимд нэг м² нь 7.99 сая төгрөг байгаа нь хамгийн үнэтэй, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооллын орчимд 3.31 сая төгрөг байгаа нь хамгийн хямд байна. Энэ хоёрын үнийн зөрүү бараг 2.4 дахин их байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн орчмын шинэ орон сууцны нэг м²-ийн үнэ 8.28 сая төгрөгт хүрчээ.
Захын дүүрэгт үнэ хурдан өсөж, төвд саарч байна
Жилийн өсөлт хамгийн өндөр байсан нь Сонгинохайрхан дүүргийн шинэ орон сууц юм. Энд үнэ 14.8 хувиар буюу нэг м² тутамд 468.4 мянган төгрөгөөр нэмэгджээ. Хуучин орон сууцны хувьд Баянзүрх дүүрэгт үнэ 10.2 хувиар буюу 428.9 мянган төгрөгөөр өссөн нь хамгийн их байна.
Харин зарим төвийн дүүрэгт шинэ орон сууцны үнэ буурсан байна. Чингэлтэй дүүрэгт 10.8 хувь, Хан-Уул дүүрэгт 1.4 хувь, Сүхбаатар дүүрэгт 0.8 хувиар тус тус буурчээ.
Түрээсийн үнэ сард 1.4–3 сая төгрөг
Туршилтын тооцоогоор нийслэлд нэг сарын түрээсийн дундаж үнэ 1 өрөө байранд 1.38 сая, 2 өрөө байранд 1.97 сая, 3 өрөө байранд 3.04 сая төгрөг байна. Түрээс Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 1–3 өрөө байр 1.65–3.63 сая төгрөг, Сонгинохайрхан дүүрэгт хамгийн хямд буюу 1.10–1.71 сая төгрөг байна. Сүхбаатарын талбай, 220 мянгатын орчимд 3 өрөө байрны түрээс сард 4.67 сая төгрөгт хүрч байна.
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо
Г.МИШЭЭЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.