300 мянган хромбүүк, ухаалаг самбар нийлүүлэх зардлаас танасан мөнгөөр VI, VII ангийнханд "Үдийн цай" өгөхөөр болов

Засгийн газрын 2026 оны тавдугаар сарын 27-ны өдрийн 223 дугаар тогтоолоор баталсан “Нэг суралцагч-нэг компьютер, нэг анги-нэг ухаалаг самбар” арга хэмжээний хүрээнд 300 мянган хромбүүк, 15.5 мянган ухаалаг самбар, 10 мянган цэнэглэгч төхөөрөмж худалдан авах Боловсролын сайд Л.Энх-Амгалангийн "мөрөөдөл" хэрхэх нь тодорхойгүй болов.
Тавхан сарын өмнө тэрбээр "Хүүхэд бүрийг компьютертой болгох 300 мянган "Google chromebook"-ний үйлдвэрийг Монголд барина" гэсэн өөдрөг төсөөлөлтэй явж байсан нь төсвийн тодотгол дээрээс л маргаан дагуулж, асуудал дэгдээсэн.
Засгийн газраас уг хөтөлбөрийг 2026-2028 онд үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөн, нийт 787.6 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийг санхүүгийн түрээсээр авахаар 2027 оны төсвийн төсөөлөлд тусгаад байсан юм. Гэвч төсвийн хэлэлцүүлгийн явцад Г.Лувсанжамц, Ч.Анар, П.Наранбаяр тэргүүтэй гишүүд "сургууль, цэцэрлэг барихын оронд үр дүнгүй хромбүүк авахад ийм их мөнгө үрж болохгүй" гэж үзэн, санал гаргаж уг зардлыг ирэх оны төсвийн төслөөс хасуулаад буй.
Санхүүжилтийн анхны хувилбар: Боловсролын яамнаас уг хөтөлбөрийг анх танилцуулахдаа улсын төсвийн шууд хөрөнгө оруулалтаар биш, Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм лизинг” ХХК-аар дамжуулан 3-5 жилийн хугацаатай санхүүгийн түрээс хэлбэрээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан юм. Гэвч Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүгийн нөхцөл байдлаас гадна Засгийн газрын баталгаатай гадаад бондын үүргийг банк биелүүлж чадахгүй нөхцөл үүсвэл улсын төсөвт дарамт учрах эрсдэлийг хөндсөн байдаг. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкны санхүүгийн эрсдэл төрөөс тусдаа, улсын эдийн засагт огт хамаагүй асуудал биш гэдгийг өмнөх туршлага харуулна.
Тэгвэл өдгөө хромбүүк болон ухаалаг самбарын санхүүжилт хаанаас гарах нь тодорхой бус байгаа энэ үед олон улс дахь зах зээлийн үнэ хэд байдаг, бусад улсын бодит туршлагаас жишээлэн хүргэе.
Дэлхийн зах зээл дээрх үнэ ба бодит тооцоолол
Боловсролын сайдын танилцуулсан нэг компьютерыг 1.5 сая төгрөгийн үнээр тооцвол 300 мянган төхөөрөмжийн нийт үнэ 450 тэрбум төгрөг болно. Тэгвэл олон улсад сургуулийн зориулалттай энгийн хромбүүкийг бөөнөөр нь худалдан авахад ойролцоогоор 200-400 ам.долларын ханштай байна. Үүн дээр “Chrome Education Upgrade” буюу төхөөрөмжийн лицензийн нэг удаагийн үнэ 38 ам.доллар нэмэгдэж, нэгж төхөөрөмжийн үнэ 238-438 ам.доллар буюу 856 мянгаас 1.58 сая төгрөг орчим болно. Харин 65-75 инчийн интерактив самбарын дундаж үнэ 2000-6000 ам.доллар буюу 7.2-21.6 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байна.
Эдгээр жишиг үнээр тооцоолж үзвэл:
• 300 мянган ширхэг хромбүүк: 257 - 473 тэрбум төгрөг
• 15.5 мянган интерактив самбар: 112 - 335 тэрбум төгрөг
• Нийт дүн ойролцоогоор 369 - 808 тэрбум төгрөг болж байна.
Улсын төсвийн хэлэлцүүлгийн үеэр Л.Энх-Амгалан сайд “800 гаруй тэрбум гэх тэнгэрийн тоо хаанаас гарч ирснийг би мэдэхгүй, 300-350 тэрбум төгрөгт багтаахаар төлөвлөж байгаа” гэж хэлсэн. Харин олон улсын зах зээлийн дээд үнээр нь авч үзвэл 808 тэрбум төгрөг буюу сайдын хэлсэн дүнгээс хоёр дахин их байна. Доод үнээр нь нийлүүлнэ гэвэл ойролцоо тусаж болох юм.
Монгол Улсын боловсролын салбарт шийдэх ёстой олон асуудал бишгүй. Багш нарын цалин хүссэн хэмжээнд нь хүртэл нэмэгдээгүй, сурагчдын сурах бичгийн хүрэлцээ эхний улирлын байдлаар хангалтгүй, зарим сургуулиуд гурван ээлжээр хичээллэж, галлагаанаасаа салаагүй орон нутгийн сургуулиуд ч бий. Сурагчдын ая тухтай орчинд сурч боловсрох эрх зөрчигдөж байхад заавал хромбүүктэй болох хэрэгцээ хоолойд тулсан асуудал мөн бил үү. Ухаалаг самбар, хромбүүк гэдэг Монголын боловсролын өнөөгийн нөхцөлд чухлын дарааллаар хэдэд эрэмбэлэгдэх санхүүжилт билээ гэдгийг бодох л ёстой.
Компьютер тараасан зарим улсын туршлагаас юу харж болох вэ?
Манай Боловсролын сайдын яриад байгаатай адил "Нэг хүүхдэд нэг компьютер" хөтөлбөр хэрэгжүүлсэн Перу улсын туршлагаас авч үзвэл, тус улсын 318 бага сургуулийг хамарсан түүврийн судалгаагаар компьютерын тоо өссөн ч, математик, хэлний хичээлийн шалгалтын оноонд мэдэгдэхүйц ахиц гараагүй байна. Мөн 2025 онд 531 сургуулийн сүүлийн 10 жилийн үр дүнд тулгуурласан судалгаагаар компьютер ашиглах ур чадвар сайжирсан боловч сурлагын амжилт, танин мэдэхүйн чадварт мэдэгдэхүйц эерэг өөрчлөлт гараагүй гэж дүгнэжээ.
Тэгэхээр жилийн 14 хувийн хүүтэй зээлээр 300 мянган ширхэг зөөврийн компьютер, 10 мянган ширхэг цэнэглэгч, 15.5 мянган ухаалаг самбар худалдаж авахын оронд танасан төсвөөсөө 60 тэрбумаар нь зургаа, долоодугаар ангийнханд үдийн цай өгөхөөр болсон нь амьдралд ойр, бодит нөхцөл байдалдаа нийцсэн шийдвэр гэлтэй. Олон улсад хүүхдийн дэлгэцийн хамаарлыг багасгая гэж байхад бид эсрэгээр нь явж, тооцоо судалгаагүй төсөл хөтөлбөр эхлүүлдгийн наад захын жишээ энэ болов.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэдэн сургууль барьчихгүй дээ. Үдийн цай хоол хөтөлбөрт ирдэг хоолонд анхаарч үзмээр юм билээ. Тэр чигээрээ нүүрс ус.