10 настай монгол охин БНХАУ-д 999 юань хандивлажээ

Коронавирусийн халдвар дэлхий даяар тархан, аюулын харанга дэлдсээр байна. Монгол Улсаас Бээжин хотод сурдаг охин хятад эмч нарт хандан захидал бичсэнийг урд хөршийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолжээ.
Эцэг, эхийнхээ хамт Бээжинд амьдардаг тэрбээр захидалдаа “Сүүлийн үед Ухань хот маш хүнд хэцүү үеийг даван туулж байна. Эмнэлгийн ажилчид коронавирустэй хамгийн түрүүнд нүүр тулан тэмцэж байна. Халдвар авагсдын тоо улам нэмэгдэж, эмнэлгийнхэнд тусламж хэрэгтэй байгааг мэдээд сэтгэл ихэд өвдлөө.
Хэдийгээр би дөнгөж 10 настай, их зүйлээр тусалж чадахгүй ч өөрийн чадах бүхнээ хийх болно. Би олон улсын сургуульд сурч байгаа тул надад олон орноос ирсэн найз нар бий. Тиймээс бид нэгэн их гэр бүл гэдгийг багаасаа ойлгож мэдсэн. Зовлон бэрхшээлд хил хязгаар байхгүй учраас хамтдаа даван туулах хэрэгтэй.
Ард иргэдийн төлөө амь биеэ үл хайхран тэмцэж буй эмнэлгийн ажилчдад “Маш их баярлалаа” гэж хэлэхийг хүсч байна. Та нар хамгийн мундаг нь, зовлон удахгүй дуусна гэдэгт бат итгэж байна. Бид бүхний эрүүл энхийн ерөөлийг Ухань руу дамжуулахыг хүсч байна” гэжээ.
Мөн тухайн охин аялахын тулд цуглуулж байсан мөнгөнөөсөө 999 юанийг гурав хуваан Бээжин, Тяньжин, Хөнанд хандивлжээ. Тэрбээр яагаад хот тус бүрт 333 юань хуваан, хандивласныг нь тодруулахад “333-ын тоо сарнин алга болох гэсэн утгатай хэмээжээ. Тиймээс коронавирусийн халдвар богино хугацаанд намжаасай гэсэндээ 333-ын тоог бэлгэдсэн гэнэ.
Г.ЖАРГАЛ











