УЛС ТӨР

БНХАУ-д 50 мянган ам.долларын тусламж үзүүлэв

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзлаа. Уулзалтад БНХАУ-ын Элчин сайдын яамны Элчин зөвлөх Яан Чиндун, Элчин сайдын яамны атташе Ши Жэ болон НЗДТГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Чинзориг нар байлцав.

Уулзалтын эхэнд хотын Захирагч С.Амарсайхан Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсонд баяр хүргээд, цаашид БНХАУ, Монгол Улс хоорондын стратегийн түншлэл, эдийн засгийн харилцааг өргөжүүлж харилцан үр ашигтай хамтарч ажиллахад таатай байгаагаа хэллээ. Тэрбээр “Дэлхийн  хэмжээнд хүн төрлөхтнийг сорьсон халдварт өвчин дэгдэж олон хүний амь нас эрсдэж байгаад гүнээ харамсаж байна. Ах дүүгийн харилцаатай олон жилийн хамтын ажиллагаатай хөрш орнуудын хувьд бүх талаар дэмжиж ажиллах болно” хэмээн хэллээ.

Элчин сайд ноён Цай Вэньруй хотын Захирагчид хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлж ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Тэрбээр “Цаашид хоёр улсын хамтын ажиллагааг улам бат өргөжүүлж, харилцан үр ашигтай бодлогыг баримталж ажиллах болно. Би 10 жилийн дараа Монголд Улсад ахин ирэхэд эдийн засаг, дэд бүтэц хурдтай хөгжиж байгаа нь харагдаж байна. Улаанбаатар хотод олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, стратегийн хэлэлцээрийг үргэлжлүүлэн хөгжүүлэх  болно” гэв.

Уулзалтын төгсгөлд хотын Захирагч С.Амарсайхан Ухань хотод дэгдээд буй коронавирусын өвчлөлтэй тэмцэж буй Хятадын ард түмэнд сэтгэлийн хандив өргөж байгаагаа дуулгаад, Улаанбаатар хотын зүгээс 50 мянган ам.долларын мөнгөн тусламж өгч буйг гардуулаа.

Элчин сайд Чай Вэньруй титэмт нянгийн өвчлөлтэй тэмцэхэд БНХАУ-ын даргын шууд удирдлага дор цаг тухайд нь онцгой арга хэмжээг авч буйг дурдаад, энэхүү өвчинг эдгээх аргыг олно гэдэгт бүрэн итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Мөн хүнд хэцүү энэ цаг үед БНХАУ-ын стратегийн түнш Монгол Улс, түүний ард түмэн чин сэтгэлээсээ дэмжиж буйд гүнээ талархаж байгаагаа илэрхийлээд энэхүү халуун сэтгэлийг Хятад Улсын төр, ард түмэн хэзээ ч мартахгүй гэдгийг цохон тэмдэглэв гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэсээс мэдээлэв.

Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. арай бишээ худлаа тэгж далдганж яадаг юм бэ хужаа нар монгол вирусээ тараах гэж ядаж байхад хятадад тусалдаг тэр хэнбэ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button