ДЭЛХИЙ

БНСУ-ын оюутнууд засгийн газраасаа нэг семестрийн чөлөө олгохыг хүсэж байна

Covid-19 хэмээн нэрлэгдэх болсон шинэ төрлийн коронавирусийн халдварын тохиолдол дэлхий дахинд улам бүр нэмэгдсээр байна. Хоёрдугаар сарын 26-ны өдрийн 19.30 цагийн орчимд тус вирусээр нийт 81 мянга 259 хүн халдварлаж, 2 мянга 770 нас баржээ.

Шинэ коронавирусийн халдвар нь анхлан дэгдсэн голомт болох БНХАУ-ын Хубэй муждаа харьцангуй тогтворжоод буйг статистик харуулна. Харин эсрэгээр БНСУ-д эрчимжиж, одоогийн байдлаар тус улсад халдварын 1 мянга 261, нас барсан 12 тохиолдол бүртгэгдээд байгаа юм. Үүгээр:

  • Хятад – 78 мянга 73
  • Өмнөд Солонгос – 1 мянга 261
  • Итали – 374
  • Япон – 172
  • Иран – 139 гэсэн улсууд халдварын тоогоор эхний таван байранд эрэмбэлэгдэж байна.

Иймд Covid-19 вирусийн шинэ голомт хэмээн яригдаж буй БНСУ-ын Их, дээд сургуулийн оюутнууд нэг семестерийн чөлөө олгох хүсэлтийг Засгийн газартаа www1.president.go.kr сайтаар дамжуулан тавьж байгаа аж. Хангалттай хэмжээний оюутан саналаа өгч чадвал уг хүсэлтийг тус улсын Засгийн газар албан ёсоор хэлэлцэх юм байна.

БНСУ-д их, дээд сургуулиудын үйл ажиллагаа эхлэх хугацаа гуравдугаар сарын 9 хүртэл сунгагдаад буй. Хичээл эхлэмэгц сургуульд ирж, очих замдаа олон зуун хүнтэй шууд харьцаанд орох нөхцөл үүсэхээс эхлээд вирусийн халдвар авах эрсдэл нэмэгдэж байна гэдгийг оюутнууд өргөдөлдөө онцолжээ.

Өргөдөл хоёрдугаар сарын 25-ны өдөр байршсанаас хойш одоогийн байдлаар 12 мянга 354 оюутан дэмжиж буйгаа илэрхийлж, саналаа өгчээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button