НИЙГЭМ

Ц.Байгалмаа: Улс төрд эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн асуудал, туулах зам тэс ондоо

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Байгалмаатай ярилцлаа.

-Өнөөдөр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Монгол Улсад эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь нь тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд хэрхэн нөлөөлж байна гэж та харж байна вэ?

-Бүс нутгийн хэмжээнд жендерийн тэгш байдлыг хангасан байдал хэвийн гэж үздэг. Хууль тогтоомжийн хүрээнд ч зарим нэг заалтыг эс тооцвол хязгаарласан зүйл байдаггүй. Гэхдээ бодит амьдрал дээр эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоо яригдахаар энэ талаар сайжруулах зүйлс багагүй бий.  

-Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт улс орны хөгжил дэвшилд ихээхэн хамааралтай байдаг гэдэг? 

-Өнөөгийн нийгэмд эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн түвшин эрэгтэйчүүдийнхээс үл ялиг бага байна. Ижил ажил, хөдөлмөр эрхэлдэг эрэгтэй, эмэгтэй ажилтны дундаж цалин ажил эрхэлсэн жил болон салбарын онцлогоос хамаараад эмэгтэйчүүдийн дундаж цалин эрэгтэйчүүдийнхээс 100 мянган төгрөгөөр бага байна. ОУВС-гийн захирал Кристин Лагардын ярилцлагад дурдсанаар хөдөлмөр эрхлэлтэд жендерийн ялгаатай байдлыг халж, тэгш оролцоог хангаснаар дэлхийн эдийн засаг 35 хувиар өсөх боломж байна гэсэн байдаг. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд бид нийгмийн хэм хэмжээгээ өөрчлөх, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтэд хандаж байгаа ойлголтыг зөв болгох, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах шаардлагатай.

-Нийгэм дэх мэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлснээр эерэг тал олон гардаг гэдэг шүү дээ.

-Тийм. Нийгэмд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлснээр эдийн засагт үр нөлөөтэйгөөс гадна нийгэмд үзүүлж байгаа ачааллаас хуваалцаж болох ба цаашлаад боловсрол, нийгмийн тэгш хүртээмжтэй байдал хангагддаг. Өөрөөр хэлбэл, нийгмийн анхан шатны нэгж болох өрх гэрт нийгмийн тэнцвэрт байдал үүсэх юм.

-Та нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч шүү дээ. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс аливаа зүйлд хандах хандлага ямар нэгэн асуудлыг хүлээн авч шийдвэрлэх мэтэд ялгарах зүйл ажиглагддаг уу?

-Нийслэлийн ИТХ-ын 45 төлөөлөгчийн 10 нь эмэгтэй төлөөлөгч байна. Эмэгтэй төлөөлөгчдийн хувьд, аливаа ажилд илүү бодитой ханддаг. Мөн иргэдээс ирсэн санал хүсэлтэд хойноос нь хөөцөлдөж явдаг, маш няхуур хандах нь ажиглагддаг.

Олон улсын хувьд авч үзвэл, НҮБ-аас дэвшүүлсэн 17 зорилтод төсвийн төлөвлөлтийг хийхдээ жендерийн мэдрэмжтэй төлөвлөлт хийгээсэй гэсэн асуудлууд хөндөгдсөн байсан. Тодруулбал, намайг олон улсын сургалтад сууж байх үеэр нэгэн сонирхолтой жишээ яригдаж байсан нь хотын тохижилтын тухай байсан юм. Хотын тохижилтын ажил хийгдэхэд тоглоомын талбай, сагсны шийд гэх мэт зүйлийг зохицуулж өгдөг. Гэтэл ихэнх тохижилт эрэгтэй хүүхдэд зориулж хийгдсэн байдаг гэнэ. Охин хүүхдийн нийгмийн харилцаанд орох, тоглох нөхцөл дутагдаж байдаг гэх мэтчилэн бүх салбарт жендерийн мэдрэмжтэй байдал нэн чухал хэрэгтэй байдаг.

-Таныг АНУ болон Японд ажиллаж байсан гэсэн. Эдгээр улс орнуудад жендерийн асуудлыг хэрхэн авч үздэг вэ?

-Азийн орнуудын хувьд эцгийн эрхт ёс давамгайлснаараа онцлог байдаг. Япон улсад сурч, ажиллаж байсныхаа хувьд Япон улсыг жендерийн хувьд төрийн бодлогоороо хоцрогдмол гэж үздэг. Учир нь миний ажиллаж байсан инженерийн их сургуулийн нийт багшийн 0,2 хувь нь эмэгтэй байсан. Мөн оюутнуудын ихэнх хувийг эрэгтэй хүүхэд эзэлж байсан. Япон эрэгтэй хүүхдүүд эмэгтэй хүнийг ээжээрээ төсөөлдөг. Ээж хүний гол үүрэг бол асрах, хамгаалах, санаа тавих байдаг. Гэтэл би очоод багшлахдаа оюутнуудаа чиглүүлэх, манлайлах, удирдах байдал үзүүлэх нь тэдгээр хүүхдүүдэд шоконд орох асуудал ч ажиглагдаж удаатай.

Гэхдээ сүүлийн жилүүдэд Японы Засгийн газраас жендерийн асуудалд түлхүү анхаарч байна. Тухайлбал, эмэгтэйчүүдийг ажилд авбал тухайн аж ахуйн нэгжид татварын хөнгөлөлт үзүүлэх, цэцэрлэгт хүүхдүүд авахдаа аав, ээжийнх нь ажил эрхлэлтийн байдлыг харгалзан үздэг гэх мэтчилэн арга хэмжээ авч байна. Үүнийг Японы эрэгтэйчүүд ихээхэн дэмжиж байгаа ба нийгэмд ижил үүрэг хүлээмээр байна гэдэг асуудлыг шаарддаг юм. Жишээлвэл, ганц бие эрэгтэйчүүд эхнэрээ сонгохдоо бие даасан мэргэжил эзэмшсэн байдлыг харж байна гэсэн судалгаа гарсан байна. Үүнд, сувилагч, төрийн албан хаагчдыг дурдаж болно.

Монгол Улсын хувьд ихэнх эмэгтэйчүүд хүүхдээ өсгөх, ар гэрээ авч явах үүргийг түлхүү хүлээдэг. Гэхдээ энэ үүргийг төрийн бодлогоор ижил тэгш байхаар хангах хэрэгтэй гэж бодож байна. Нийслэлээс 12 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүдийн  ажлын цагийг нэг цагийг багасгаж ажиллахаар захирамж гарсан. Тэгвэл яагаад эрэгтэй хүнийг бас эрт хариад хүүхдээ харах боломжийг олгохгүй байгаа юм бэ гэж надад бодогдсон. Мөн тэтгэврийн насны зохицуулалтаас харахад улс төрчид тэтгэврийн насыг богиносгох нь сайн гэж боддог. Мөн эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийг бодвол 5 жилийн наана тэтгэвэрт гардаг. Энэ нь эмэгтэйчүүдээ дэмжээд байгаа юм шиг мөртлөө өнөөдрийн цаг үед, залуучуудын сэтгэлгээний онцлогийг харсан ч жендерийн асуудалтай юм шиг санагдсан. Цаашдаа жендерийн асуудал уламжлалт нийгмийн хэм хэмжээ тэгш байлгах боломжийг залуу үеүддээ гаргах ёстой гэж бодож байна.

-МАН-ын хувьд эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог хэр хангадаг вэ. Яагаад Монгол эмэгтэйчүүд боловсрол эрүүл мэндийн хувьд бусдаас илүү боломжтой мөртлөө удирдах шийдвэр гаргах түвшинд гарахгүй байна?

-Миний хувьд МАН-ын дэд даргын ажлыг гурван жил хашсан. Тиймээс улс төрд яваа эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн туулах зам, асуудал тэс ондоо гэдгийг ойлгоосой гэж хүсдэг. Хоёрдугаарт, улс төр их бохир. Улс төрд хүрээлэлтэй байх ёстой, санхүүгийн чадвартай байх ёстой, намд олон жил байсан байх ёстой гэх мэтчилэн асуудал шаардлагуудтай тулгардаг. Хүүхэд гаргасан эмэгтэй хүний хувьд эдгээр шаардлага нь боломжгүй байдаг. Мөн судлаачид болон эмэгтэйчүүдийн эрхийн байгууллагуудын авч үзсэнээр эмэгтэйчүүд улс төрд бага оролцдог шалтгаан нь улс төрийн процесс дахь бэлгийн гадуурхал, сонгуулийн тогтолцооны алдаа юм. Гэр бүлийн хүчирхийлэл, ажлын байрны бэлгийн дарамт зэрэг эмэгтэй хүнтэй холбоотой асуудлыг удирдах түвшинд байгаа эрэгтэйчүүд ч дугарах хэрэгтэй. Үүний дуу хоолой болсон Metoo, HeForShe гэх мэт хөдөлгөөнүүдийг дурдаж болно. Эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэхэд эрэгтэйчүүд нь ч тэр эмэгтэйчүүдийн тэгш байдлыг хамгаалахад оролцоотой байгаарай хэмээн уриалж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-03-08 16:23

Бөгсөөрөө

Зочин
Зочин
2020-03-08 18:59

Ёстой тэнэг авгай. Миеээгийн долоогч

Зочин
Зочин
2020-03-09 19:02

Ёстой сайн ярилцлага болжээ. Амжилт мундаг эмэгтэй шүү. Эмэгтэйчүүдийн оролцоо чух�##� шүү

Зочин
Зочин
2020-03-09 20:35

Жирийн эмэгтэйн амьдр�##�ыг МАН-ын хүүхэн мэдэхгүй. Эд нар амьдр�##� мэдэхгүй

Холбоотой мэдээ

Back to top button