ЭМЯ: Монгол Улсад “Imported Case” буюу гадны орноос зөөвөрлөгдөж орж ирсэн тохиолдол бүртгэгдлээ
Өнөөдөр /2020.03.10/ Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавирусийн халдварын талаар цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Үүгээр тус яамны Тандалт, судалгааны албаны дарга Д.Нарантуяа манай улсад тус вирусийн анхны халдвар бүртгэгдсэн гэдгийг албан ёсоор мэдээлэв. Тэрбээр,
“Бид гуравдугаар сарын 8-нд Дорноговь аймагт франц иргэнийг сэжигтэй тохиолдолд тооцон, тусгаарласан талаар мэдээлсэн. Түүний шинжилгээний хариу эерэг гарсан байна. Үүнийг “Imported Case” буюу гадны орноос зөөвөрлөгдөж орж ирсэн тохиолдол тооцож байна” хэмээсэн юм.
Үргэлжлүүлээд ДЭМБ-ын ажилтан Б.Ариунтуяа:
“Өнгөрсөн 24 цагийн дотор шинэ коронавирусийн халдварын тохиолдол дэлхИЙ дахинд 100577 тохиолдол болж, 98 хүн нас барлаа. БНХАУ-д 23 хүн нас барж, 45 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Тул улсад Иран, Итали орноос зөөвөрлөгдөж орж ирсэн тохиолдол гараад байна.
Нийт тохиолдлын 93 хувь нь дөрвөн улсад бүртгэгдсэн. Хятад улсын хувьд нөхцөл байдлыг тогтоон, барьж чадлаа гэж хэлж болно” гэв.
Мөн ЭМЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Н.Янжмаа тус вирусийн эсрэг вакцин бүтээх ажлын явцын талаарх мэдээллийг өгсөн юм.
“Вакцин үйлдвэрлэхээр биотехнологийн нэр хүнд бүхий томоохон компаниуд шуурхай ажиллаж буй. Вирусийн генийн дарааллыг олон нийтэд хуваалцсанаас хойш энэ ажил эрчимжсэн. Дэлхий дахинд халдвар тархсан үед бэлэн байдлыг хангах зорилгоор олон улсын түншлэлийн сан байгуулагдсан. Үүнд хэд хэдэн улс, байгууллагууд хандив өргөж эхлээд байна. Энэ сангаас 66 сая ам.долларыг вакцин гаргах ажилд зарцуулсан. Компаниуд дөрөвдүгээр сард вакцины эхний хувилбарыг гаргаж, амьтан дээр туршина гэдэг мэдээллийг өгсөн. 12-18 сарын дотор бүтээж чадвал дэлхийн рекорд болно гэж үзэж байгаа” гэлээ.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.