Нийгмийн

ХӨСҮТ: Гурван тохиолдолтой ойрын 61 хүний хариу сөрөг гарсан

Эрүүл мэндийн яамнаас Ковид-19 вирусийн халдварын тухай ээлжит мэдээ мэдээллийг хийж байна. Өчигдөр орой /2020.03.16/-ны 22:00 цагийн үед ЭМЯ-наас коронавирусийн гурван шинэ тохиолдол бүртгэгдсэнийг албан ёсоор зарласан билээ.

164 оронд коронавирус бүртгэгдсэнээс Номхон далайн бүсийн арлын орнуудад шинээр 14 оронд нэмж бүртгэгдсэнийг ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл хурлын эхэнд мэдээлэв.

“Монгол Улсад Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн хоёр, Берлин-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн нэг иргэнээс коронавирусийн халдвар илэрч, нийт тохиолдлын тоо дөрөв болсныг албан ёсоор мэдээллээ. Тэдгээр иргэнтэй ойрын хавьталд байсан 9 иргэнийг тусгаарласан. Мөн ирсэн даруй ХӨСҮТ рүү шилжүүлж тусгаарласан. Вирус илэрсэн иргэд бүгд эмнэлгийн байгууллагаар эмчлүүлсэн өгүүлэмжтэй байсан. Тиймээс иргэдийн хувьд эрүүл мэндийн байгууллагаар аль болох эмчлүүлэхгүй байх, утсаар зөвлөгөө авч байхыг хүсэв. Иргэдийг олон нийтийн газраар явахгүй байх, гараа сайн угаахыг дахин санууллаа. 3 болон 4 сарын хувьд биологи болон цаг уурын хувьд хүний дархлаа хамгийн их мууддаг тул иргэдийг дулаан хувцаслаж, биеийн эсэргүүцлийг сайжруулахыг хүслээ.”

Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа:

“Франц улсад 6600 гаруй тохиолдол бүртгэгдэж, 148 хүн нас барсан байна. Европ тивд Франц, Испани, Итали улсуудад коронавирусийн халдвар эрчимтэй тархаж буй тул дараах орнуудад хөл хориог тогтоож, шаардлагатай арга хэмжээнүүдийг авч байна.

Канад улсын ерөнхий сайдын мэдээлснээр, тус улсад хилийн хориг тавьж, иргэдийг гэртээ байхыг зөвлөж байна. АНУ-ын хувьд холбооны улсын хэмжээнд мөрдөгдөх хязгаарлалтын арга хэмжээнүүдийг авч эхэллээ. Тэд шаардлагатай биш бол гадуур хооллохгүй байх, арав болон түүнээс дээш иргэд цуглахгүй байх арга хэмжээнүүдийг авч байна.

Австрали улсын хувьд иргэдийг гадаадын улс орноор зорчоод ирсэн бол гэртээ 14 хоног хүртэлх хугацаагаар карантилагдах, түүнийг зөрчвөл торгох цаашлаад хорих хүртэл арга хэмжээг авахаа албан ёсоор мэдэгдсэн байна.

ОХУ нь /2020.05.01/-нийг хүртэл хилийн хоригийг тавьсан. Одоогийн байдлаар тус улсад халдварын тохиолдол 93 бүртгэгдсэн байна.

БНХАУ-д сүүлийн 24 цагийн байдлаар 21 тохиолдол бүртгэгдсэнээс 13 нь вирусийн халдвараар нас баржээ. Сүүлийн судалгаагаар Африкийн бүсэд хоёр, Европ, Америкийн бүсүүдэд тус тус нэг тохиолдол бүртгэгдсэн. БНХАУ-ын халдвар авагсдын тооноос анх удаа бусад улсууд давж эхэлжээ. ДЭМБ-аас цаашид БНХАУ-ын халдварын тохиолдлын тоог тусад нь үзүүлж, мэдээлэхээ зогсоолоо” хэмээн онцлов. ”

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал:

“Монгол улсын хэмжээнд нийт 2339 хүнийг тусгаарлаж, ажиглалтанд авснаас одоогийн байдлаар 1330 иргэнийг тусгаарлан, эмнэлгийн байгууллагад ажиглалтандаа аваад байна. Үүнээс 293 сэжигтэй тохиолдлыг шинжилэхэд дөрвөн тохиолдол батлагдсан.

Токио-Улаанбаатар нислэгээр 256 хүн ирснээс холбогдох байгууллагад тусгаарласан.

Берлин-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 231 хүн ирснээс Диализд орох шаардлагатай нэг иргэнийг Цэргийн төв эмнэлэгт тусгаарлаж, бусад иргэнийг Наранбулаг парк, Жаргалан гэх мэт зочид буудал, суваллуудад тусгаарлах арга хэмжээг авч байна.”

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү

“/2020.03.11/-нд батлагдсан Франц иргэнтэй ойр байсан 88 хүний давтан шинжилгээг хийхэд, хариу сөрөг гарсан. /2020.03.15/-нд Баян-Өлгий, болон ХӨСҮТ-д тусгаарлагдсан тус тус нэг иргэнээс вирус илрээгүй.

/2020.03.16/-д БНСУ-аас хоёр Франц улсаас ирсэн нэг иргэнтэй ойрын хавьталд байсан 111 хүнийг тусгаарласан. Онгоцоор ирсэн иргэдийн 61 хүний шинжилгээг авч гаргасан байна. Үлдсэн хавьтагчдад шинжилгээг хийж байна. Арбит тест хэмээх түргэвчилсэн оношлуураар онгоцоор ирсэн 43 хүний шинжилгээг даруй хийсэн. Үүгээр вирус илрээгүй. Коронавирусийн халдвар илэрсэн хэмээх мэдээллийг гадны эх сурвалжаас авсны дараа утсаар байнга залгахгүй байхыг хүсэж байна. Халдвар илэрсний дараа бид албан ёсоор мэдээлэх учраас хэвлэл мэдээллийн байгууллагынхан бидний ажилд төвөг удаж, ачаалал үүсгэхгүй байхыг хүсье. Бид тогтсон цагтаа мэдээлээ дүгнээд, нягтлаад мэдээлэх тул иргэд ч мөн хүлээцтэй, тэвчээртэй байж бидний ажлыг дэмжихийг хүсэж байна.”

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button