НИЙГЭМ

"Бусад орнууд аврал эрж байхад нүүдэлчин үндэстэн хэрхэн ажиллаж буйг анхаарууштай”

Монгол Улс коронавирусийн эсрэг ямар арга хэмжээ авч, хэрэгжүүлж буй, нөхцөл байдал ямар байгаа талаар Forbes.com-д сонирхолтой нийтлэл нийтлэгджээ.

Монгол Улс COVID-19-ийн гурван тохиолдлыг зарлалаа. Нийт 4: Тэд коронавирусын эсрэг хэрхэн урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан бэ?

Хятадтай хил залгаа, энэ цар тахал хамгийн хурдацтайгаар тархан залгих магадлал өндөр Монгол Улс хэрхэн COVID-19-ийн дөрөвхөн тохиолдол илэрдэг билээ? Тэгэхээр, их хурдтай л ажиллажээ.

Өнгөрсөн долоо хоногт буюу 3-р сарын 9-ний өдөр илэрсэн анхны тохиолдлыг Дорноговь аймагт ажиллах зорилгоор хилээр орж ирсэн Францын иргэнд өвчний шинж тэмдэг дөнгөж илэрч байхад нь илрүүлж олон нийтэд мэдээлсэн.

Гуравдугаар сарын 2-ны өдөр Францын Аэрофлотын нислэгээр Москвагаас дамжин нисэж ирсэн тэр иргэнд ердөө 5 хоногийн дараа вирусын шинж тэмдэг илэрсэнд Хятад, Өвөр Монголтой хил залгаа эл аймагт COVID-19-т шинжилгээ хийж, хариу нь эерэг гарчээ. Тэрбээр Улаанбаатар хотын Халдварт өвчин судлалын үндэсний төвд тусгаарлагдан эмчилгээ хийлгэхээр шийдсэн бөгөөд биеийн байдал нь тогтвортой, эрүүл байгаа аж.

Анхны халдварлагчтай ойрын хавьтлын 207 хүн бүгд коронавирусын халдвар аваагүй “сөрөг” гарсан талаар Монцамэ агентлаг "Францын иргэнтэй ойр харьцсан хоёр иргэн Дорноговь аймгийн нутгийг орхин гарсан. Эрүүл мэндийн байгууллагаас илгээсэн зөвлөмжийг эс хэрэгссэн хоёр иргэнд хуулийн дагуу хариуцлага тооцно” гэж Улсын Онцгой комиссын гишүүд мэдэгдэв.

Энэ мэдэгдлээс Монголын төр асуудлыг ямар нухацтай авч үзэж байгаа нь илт. Маш нухацтай шүү.
Гэхдээ л, халдвар тээгч тус улсад хэдийнээ нэвтэрчихсэн тул оройтсон хэмээн, зарим монголчууд, Монголд амьдардаг гадаадын иргэдийн дунд хурцадмал байдал үүсч байв. (Хурцадмал байдал дараахан нь намжиж, монголчууд түүнд бүр “Анх-Отгон” /Эхнийх-Сүүлчийнх/ гэсэн нэр хүртэл өгчээ.

Харамсалтай нь тэр сүүлчийнх байсангүй. Франц, Герман улсаас гадаадад ажиллаж, сурч байсан Монгол иргэдээ буцаан авчирсан тусгай нислэгийн гурван зорчигчоос халдвар илэрсэн хариу өнөөдөр гарлаа. Зорчигчдыг Монголд газардсаны дараа тусдаа тусгаарлан, халдвартай гарсан учир шаардлагатай эмчилгээг үзүүлж эхэлсэн байна.

Гэхдээ эдгээр тохиолдлууд илрэхээс өмнө, ДЭМБ цар тахал гэж зарлан, засгийн газрууд “яаралтай, ноцтой” арга хэмжээ авч ажиллах шаардлагатайг анхааруулахаас аль эрт, Монголын засгийн газар яг ингэж шуурхай хориг арга хэмжээ авч сайн ажиллаж чадсан юм. Энэ нь төрөөс ард түмнээ хамгаалах хамгийн шилдэг арга мөн болох нь одоо батлагдаж байна.

Цаг агаарын хэм 0-с доош хөлдөх хэмд хүмүүс олон давхар дулаан хувцастай явж байааг хэлэх нь зүйтэй. Харин дулаарч эхлэхэд Монголд тохиолдол нэмэгдэх эсэх нь сонирхол татаж байна.

Монгол Улс аль өнгөрсөн 1-р сараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч эхэлснээр Хойд Солонгосын дараа Хятадтай хилээ хаасан хоёр дахь орон болжээ. Хятадад анхны тохиолдлыг 2019 оны 12-р сарын 31-нд зарласнаас хэдхэн долоо хоногийн дараа буюу 2020 оны 1-р сарын 27-нд Монголын засгийн газар Хятадтай хилээ хаахаа мэдэгдэв. Сургууль, цэцэрлэгүүд тэр өдрөө (1-р сарын 27) хаагдав. Улс даяар бүх олон нийтийн арга хамжээг цуцлах мэдэгдэл ар араасаа гарч, ирэх өдрүүдэд болох байсан бүх нийтийн арга хэмжээ, цугларалт, хамгийн өргөн дэлгэр тэмдэглэдэг Цагаан сар буюу Монголын сар шинийн баяр, тэрчлэн Хөвсгөл дахь Мөсний баяр, мөн Бүргэдийн наадам, Өмнөговь дахь Тэмээний баяр, 3-р сарын сүүлчээр тохиодог Наурызын баяр зэргийг албан ёсоор цуцлахаа зарлав. Энэ нь орон нутгийнхан, тэдний олдог долларын орлогод цохилт болж байгаа нь мэдээж юм.

Олноор цугларахаас сэргийлэх, аль болох тусгаарлах шаардлагаас үүдэн 2-р сарын 19-нд зургаан аймгийн нутаг дэвсгэрт Цагаан сараар (2-р сарын 21-27-нд) авто зам болон бусад тээврийн хэрэгслийг түр зогсоох, хаах тухай зарлав. Улс оронд чухал ач холбогдолтой баярын үеэр хөдөлгөөний урсгалыг хязгаарлах нь шаардлагатай арга хэмжээ мөн. Хориглохоос өмнө Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг машины зам дагуу хянаж, бүх зорчигчдын биеийн халууныг хэмжигчээр шалгаж байсан ба миний бие ч шалгуулж байв. Гэхдээ нийтийн тээврийг бүрмөсөн хориглолгүй, автобусыг хотын төв чиглэлд "оргил" цагаар явуулж байлаа. АНУ- д “Зөвхөн өвчилсөн бол маск зүү” гэж зөвлөсөн бол, Улаанбаатар хотод нийтийн тээврээр явахдаа заавал маск зүүхийг шаардаж байна. Төрийн албан хаагчид, ТВ нэвтрүүлэгчид ч хэвлэлийн бага хурал, мэдээллийн нэвтрүүлэг дамжуулахдаа маск зүүж байгаа.

Өдөр бүр 11 цагт өвчний байдлын тухай мэдээлэл цацаж, дараагийн алхмын талаар иргэдэд мэээлэхийн зэрэгцээ гудамжинд товхимол тарааж, хэрхэн халдвараас сэргийлэх талаар зөвлөгөө өгч байна.

Мөн энэ тахлын улмаас хэдийнээ цочирдож, үймэлдэхээр газар байтал, хүнсний дэлгүүрүүд хоол хүнс, бараа бүтээгдэхүүнээр дүүрэн байна. Тохиолдол илэрсэн эхний өдөр ялангуяа махан бүтээгдэхүүний үнэ эрс нэмэгдсэн ч буцаж хэвийн болсноос гадна ариун цэврийн цаасны хомсдол огт үүссэнгүй.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга энэ дэгдэлтийн дараа Хятад улсад айлчилсан анхны төрийн тэргүүн болж, Хятад улсын дарга Си Зиньпин, Ерөнхий сайд Ли Кэчян нартай уулзан, эв нэгдэл, дэмжлэгийн бэлэг болгон 30000 хонь бэлэглэв. Монгол Улсад буцаж ирмэгцээ Ерөнхийлөгч сайн дураараа өөрийгөө тусгаарласан болно. Харин энэ үед АНУ-ын Засгийн газар Монгол Улсыг аялал жуулчлалын 3-р түвшний аюултай жагсаалтад оруулав.

Буянт Ухаа (Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлаас) нисэх үед маск заавал зүүх ёстой гэсэн шаардлага тавьсан ба хагас сар шахмын өмнө Монголоос явахад маань маскгүй бол онгоцны буудалд оруулахгүй гэсэн шаардлага тавьж байв. Би хорио цээрийн дэглэм зөрчөөгүй, халдвар тусаагүй гэсэн ч заавал зүүх шаардлагатай болсон тул, ам хамраа тагласан маск зүүснээр нисэх онгоцны буудлын автомат хаалган дээрх хамгаалалт, биеийн халуун шалгагчдыг нэвтрэн онгоцондоо суусан билээ. Гэхдээ Монголоос явж чадсан ч буцах маань ойрын хугацаанд бүтэшгүй, хэзээ гэдэг нь тодорхойгүй байна. Гадаадад байгаа монголчууд ч мөн адил мөд буцаж чадахгүй болжээ. Учир нь 3-р сарын 10, 11-д Монгол Улс гаднаас ирэх бүх нислэгийг 3-р сарын 28 хүртэл түр зогсоосон ба өчигдөр буюу 3-р сарын 15-ны байдлаар Туркийн агаарын тээврийн компаний нислэгүүдэд хориг тавьснаар 4-р сарын 4-нд Истанбул-Улаанбаатар чиглэлээр явах байсан нислэг маань цуцлагдаж, Истанбулаас 5-р сарын 2-ны нислэгээр ирэх болов. Тэр хүртэл болох биз гэж найдахаас өөр замгүй.

Хил хязгаарлагдсаны улмаас Транссибирийн төмөр замын аялал 1-р сараас эхлэн цуцлагдсан тул зорчигчид ахин зохицуулалт хийж байгаа нь 3-р сарын 28-ны өдөр хүртэл үргэжилж таарна.
3-р сарын 12-нд Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яам сайн дурын үндсэн дээр АНУ руу буцаж болох нислэг зохион байгуулахаа мэдэгдсэн ч хэдэн хүн, ямар нислэгээр, хаашаа, хэзээ, ямар үнээр гэдэг нь тодорхойгүй, гагцхүү буцах хүмүүс нь тасалбараа худалдан авах ёстой болох нь тодорхой байна.

Их Британийн элчин сайдын яамнаас мөн адил нислэгийг явах хүсэлтэй Их Британийн иргэдэд зохион байгуулж байгаа ба 3-р сарын 15-ны УБ- Москва нислэгийн энгийн тийз 432 доллар, 3-р сарын 15-ны УБ-Берлин нислэг энгийн тийз 540 доллар, 3-р сарын 16-ны УБ-Токио 426 доллар гэнэ.
Өнөөдрөөс эхлэн авто замыг нээж байгаа ба нэвтрэгсдээс биеийн байдал, болзошгүй эрсдэлийн талаар асуумж авч байна.

Сүм хийд, баар, шөнийн цэнгээний газар, саун, мотель, йога, бүжгийн клуб, аялал жуулчлал гэх мэт янз бүрийн спорт, соёлын байгууллагуудыг 3-р сарын 30-ныг хүртэл хаасан байгаа ба зоогийн газрууд 22.00 цаг хүртэл ажиллах хязгаарлалттай. Гуравдугаар сарын 10-наас хойш хаагдсан олон нийтийн худалдааны төвүүд, тухайлбал Нарантуул зах зэрэг одоо буцан нээгдэж байна.

АНУ нь буцаж очсон иргэдээ хянах, шинжилгээ авах гэж зүдэрч байх зуур, Вашингтон Пост зэрэг дээр цар тахлыг хэрхэн “буруу” зохицуулж байгаа талаар л нийтэлж байна. Америк болон бусад орнууд ард иргэд айн түгшиж төр засгаасаа аврал эрэх цагт хэрхэн энэ нүүдэлчин үндэстэн маш шуурхай, өндөр үр дүнтэйгээр ард түмнээ хамгаалж чадаж байгааг анхаарууштай.

Орчуулсан: Дэлгэр Мэргэдэй

https://www.facebook.com/delger.mergedei9/posts/10159444174317538
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button