“Z” үеийн дуу хоолой

“Z” үеийн дуу хоолой №4: Анзаардаггүй ч бид өдөр тутамдаа татварын үр шимийг хүртдэг

https://www.facebook.com/eguur.mn2/videos/278701206625557/

Eguur.mn сайтын “Z үеийн дуу хоолой” цуврал контентийн дөрөв дэх дугаар уншигчдад хүрч байна. Энэ удаагийн дугаараас контентийн баяжмал хүрээнд нийтлэлийн хамт подкаст болон товч ярилцлагын бичлэг хүрдэг болж буйг дуулгахад таатай байна.

Үүний өмнө цаг үеийн сэдэв, коронавируст халдвараас үүдсэн нөхцөл байдлын талаар Z үеийн хоёр төлөөллийн үзэл бодол, байр суурийг хуваалцсан. Z үеийн залуус өглөө бүр Эрүүл мэндийн яамны мэдээллээ үзэж, амны хаалтаа тогтмол зүүж, чартер нислэгээр эх орондоо ирж буй иргэдээ өмөөрч, коронавирусийн анхны тохиолдлыг авчирсан “Анх-Отгон”-ыг “хайрлаж” байгаа тухайгаа ярьсан нь уншигчдын талархлыг хүлээсэн.

Тэгвэл энэ удаад “Татвар төлөх нь хэнд, ямар ашигтай вэ?” сэдвийн хүрээнд залуу үеийн үзэл бодлыг сонсохоор бэлтгэлээ. Дөрөв дэх дугаарын зочдыг танилцуулъя.


Б.Буяндорж (Б.Б) 18 настай. АШУҮИС-д Хүний их эмч мэргэжлээр суралцаж буй. Түүний хувьд өмнө нь нийгмийн ухааны хичээлийг гүнзгийрүүлэн судалж байсан удаагүй.

Б.Мөнхнаран (Б.М)19 настай. АШУҮИС-ийн Лицей ахлах сургуулийг төгсөөд, гадаадын оронд тэтгэлэгтэй суралцахаар бэлдэж буй. Хими, биологийн хичээлийг гүнзгийрүүлэн судалсан түүний хувьд мөн нийгмийн ухааны хичээлийн гүнзгий ойлголт байхгүй.

Татварын тухай урьдны дэлгэрэнгүй ойлголттой залуу үеийг урьж оролцуулахаас илүү өөр салбарын хичээлийг илүүтэй сонирхож ирсэн Б.Буяндорж, Б.Мөнхнаран нарыг зочноор сонгосон нь учиртай. Зочдоор “Татвар гэж юу вэ?” гэдгийг зөв утгаар нь тайлбарлуулахаас илүү, “Татвар гэж юу юм бол?” гэсэн өөрсдийн ойлголт, цэвэр үзэл бодлыг нь сонсох зорилготой юм.

-ТАТВАРЫН МӨНГӨӨР БИДНИЙ АМГАЛАН ТАЙВАН АМЬДРАХ ОРЧИН БҮРДДЭГ-

-Татвар гэдэг үгийг сонсоход хамгийн түрүүнд ямар ойлголт бууж байна вэ?

(Б.Б): Миний хувьд төр нь иргэдийнхээ, үндэстнийхээ аюулгүй байдлыг хамгаалахын тулд зорилготойгоор татан хуримтлуулдаг мөнгөн хураамж гэж тодорхойлмоор байна.

(Б.М): Тийм шүү. Нөгөө талаар мөнгөтэй харилцаж л байгаа бол ямар нэг байдлаар татвар, шимтгэл төлж байдаг. Иймд бидний өдөр тутмын амьдралаас салшгүй нэгдмэл зүйл гэж боддог.

-Залуу үеийнхний тухайд заавал албан ажил хийж, авсан цалингийнхаа тодорхой хувийг тушааж байж татвар төлдөг гэж ойлгодог. Та хоёрын хувьд татвар төлөх нь хэр албаны, хэцүү үйлдэл бол?

(Б.М): Би НӨАТ-ын баримт өгдөг болсноос хойш татварын талаар боддог болсон гэмээр юм уу. Миний бодлоор энэ нь бид ямар нэг бараа худалдан авахдаа 10 хувийн илүү мөнгөн дүнг НӨАТ-т төлж, 2 хувийг нь буцаан авдаг гэсэн утгатай гэж ойлгодог. Тэгэхээр заавал албан хэлбэрээр биш, өдөр тутамдаа л татварын харилцаанд орж явдаг гэж харж байна.

(Б.Б): Тийм шүү. Ер дан ганц албан татвар биш, бусад олон төрлийн татвар байдаг байх. Өдөр тутамдаа л татвартай “орооцолддог” байх /инээв. Сурв/.

-Улаанбаатар хотоос гарах болоход шалган нэвтрүүлэх цэг дээр мөнгө тушааж, тасалбар авдаг шүү дээ. Энэ татварын нэг хэлбэр мөн болов уу?

(Б.М): Мөн. Энэ бол авто зам хэрэглэсний татвар гэж бодож байна.

ЕБС-д сурч байхдаа олимпиадад оролцон байр эзлэхэд шагналын мөнгөнийх нь 10 хувийг суутгаад авчихдаг байсан. Юу гэдгийг нь сайн мэддэггүй байж. Одоо бодоход бэлэн мөнгөөр орлого орж ирсэн л бол 10 хувийг нь татварт өгдөг зарчим үйлчилж байсан нь тэр бололтой. Тэгэхээр ер нь бид төрсөн цагаасаа хойш л татварын харилцаанд орж ирсэн гэмээр санагдаж байна.

-Иргэдийн төлсөн эдгээр татварын мөнгө хаана хуримтлагдаж, юунд зарцуулагддаг талаар ямар ойлголттой байдаг вэ?

(Б.М): Ер нь татварын мөнгө улсын төсөвт хуримтлагддаг. Харин энэ нь хот тохижилт, төрийн албан хаагчдын цалин гээд л улсын төсвөөс гардаг бүх зардалд зарцуулагддаг гэж ойлгодог. Зам засвар, хот цэвэрлээний ажил гээд л. Ер татварын мөнгөөр л бидний амгалан тайван амьдрах орчин бүрддэг.

-АЗ ЖАРГАЛЫН ИНДЕКС ӨНДӨРТЭЙ ОРНЫ ИРГЭД ИХ ТАТВАР ТӨЛЖ БАЙНА-

-Б.Буяндоржийн хувьд ЕБС-иа хувийн сургуульд сурч, төгссөн билүү?

(Б.Б): Би 10 жилээ улсын сургуульд төгссөн. Тэгэхээр татварын ашгийг л их хүртэж гэмээр юм уу /инээв.сурв/. Татварын мөнгөөр төрийн өмчит сургуулийн бүхий л санхүүжилт, багш ажилчдын цалин, бага ангийнхны үдийн цайны мөнгө бүрддэг шүү дээ.

-Төрийн албан хаагч гэж ярихаар зөвхөн багш нар биш эмч, цагдаа, онцгойгийн албан хаагчид ч хамаардаг?

(Б.Б): Би чинь одоо төрийн албан хаагч болох гэж байгаа хүн шүү дээ /инээв.сурв/. Эмч болно. Улсын эмнэлгийн ажилчдын цалин, төсөв мөн л татварын орлогоор босдог гэж ойлгодог. Эргээд иргэд эмч нараас эмнэлгийн тусламж, үйлчилгээгээ үнэ төлбөргүй авах боломж бүрддэг.

(Б.М): Тийм. Жишээ нь гал гарлаа гэхэд онцгойгийн алба хаагчид ирж унтраагаад, унтраасныхаа төлөө биднээс төлбөр, мөнгө авдаггүй. Харин цалин нь төсвөөс л санхүүждэг. Тэгэхээр ер татварын үр ашиг маш эргэх холбоотой байдаг юм байна.

-Өндөр хөгжилтэй орнууд өндөр татвар авдаг гэж өмнө нь сонсож байсан уу?

(Б.Б): Тийм. Тийм болохоор Америкчууд лав бага татвар авдаг муж руугаа нүүдэг юм билээ.

(Б.М): Ер нь Европын орнууд хүн амын насжилт өндөртэй. Тийм болохоор ахмад настнуудын асрамжийн газарт амьдрах зардалыг гаргахын тулд ч юм уу, эргээд авах татвар нь өндөр байдаг юм болов уу.

-2019 оны статистик мэдээг хэвлэж авчирлаа. Үүнд дэлхийн хамгийн өндөр татвартай эхний 41 орны жагсаалт байна. Жагсаалтыг Швед, Словени гэх мэт орнууд тэргүүлж байна. Манай улс багтаагүй байна. Үүнээс ямар дүгнэлт хийж болох вэ?

(Б.Б): Эдгээрийн бараг 70 хувь нь өндөр хөгжилтэй орнууд байх шиг харагдаж байна. Дагаад аз жаргалын индекс өндөртэй орнууд. Энэ нь татварын хэмжээтэй нь ч холбоотой байж болох юм.

(Б.М): Тийм шүү, аз жаргалын индекс гэдэг нэг ойлголт байдаг. Өндөр татвар авахын хэрээр аз жаргалын индекс өндөртэй, өндөр хөгжилтэй орнууд байгаа нь ажиглагдаж байна. Тэгэхээр татвар нь эргээд иргэдийн нийгмийн хангамж талдаа эерэг боломж, нөхцөлийг бүрдүүлж өгдөг байх.

-ТАТВАР БОЛ ТУСГАЙЛАН СУДЛАХ ЧУХАЛ СЭДЭВ ЮМ БАЙНА-

-ЕБС-даа татварын тухай хэр хэмжээнд заалгаж байсан бэ?

(Б.М): Миний хувьд байгалийн ухааны хичээлүүдээ илүү голчилж үзсэн болохоор энэ талын хичээлийг их хоцрогдуулж судалсан. Нэг их ач холбогдол өгч сураагүй. Гэхдээ одоо төгссөн хойноо харж байхад, бидний амьдарч буй нийгэм ямар тогтолцоотой, ямар мөнгө юунд зарцуулагдаж байгааг судлах нь чухал гэдгийг ойлгож байгаа.

(Б.Б): Би ч бас нийгмийн ухааны хичээлдээ тийм ч сонирхолгүй байсан. Иймд татварын талаар дэлгэрэнгүй ойлголттой болж чадаагүй.  

-Тэгэхээр ер нь татвар төлөхийн үр ашгийг юу гэж харж байна вэ?

(Б.М): Мэдээж өдөр тутамдаа үр ашгийг нь мэдэрч явдаг талаар сая ярилцлаа. Гэхдээ бас яг 100 хувь мэдэрч чаддаггүй гэж бодож байна. Хүмүүс ярьдаг шүү дээ, төрийн шат шатны албан тушаалд “цавчаа” орж, төсөв мөнгө зөв зүйлдээ зарцуулагддаггүй гэж. Хэрэв бидний төлсөн татварын мөнгө юунд зарцуулагдаж буйг ил тод болгож өгвөл татвараа хариуцлагатай төлөх сэдэл бий болох болов уу.

(Б.Б): Нэг талдаа тийм. Татвар төлөхийн ач холбогдлыг яг одоогийн цаг үеийн нөхцөл байдал илүүтэй мэдрүүлж байна. Цар тахлын үед татварын мөнгөөр буюу улсын төсвөөр гудамж талбайг цэвэрлэж, ариутгаж байгаа байх. Эмч нарын хамгаалалтын хувцас, оношлуур, эм тарианы мөнгө гээд л. Тэгэхээр ер өдөр тутамдаа л татварын үр ашгийг хүртэж, амьдардаг гэмээр юм байна. Байнга мэдэрсээр байгаад дасчихсан, анзаарахаа байчихсан гэмээр.

-“Z” үеийнхэндээ хандаж юу гэж хэлмээр байна?

(Б.М): Амьдарч буй нийгмийнхээ бүтэц, тогтолцоог сайтар судлах нь зөв юм байна. Жишээ нь татварын мөнгө юунд зарцуулагддаг, татвар төлөх нь яагаад чухал гэдгийг нэг удаа ч болов ул суурьтай бодож үзэх хэрэгтэй санагдлаа. Татварын үр шим төдийлөн гарт баригдах хэлбэрээр мэдрэгддэггүй ч, ерөөс бидний амьдралын орчинг бүрдүүлж байдаг юм байна. Тусгайлан авч үзэж, судлах хэрэгтэй сэдэв гэдгийг энэ контентод оролцоод мэдэрлээ.

(Б.Б): Манай үеийнхэн хариуцлагатайгаар, иргэний үүргээ биелүүлж татвараа төлөхөөс зайлсхийдэггүй байгаасай гэж бодож байна. Эргээд ирэх үр шимийнх нь талаар бид цөөн хором ч гэсэн ярилцахад маш чухал зүйл гэдгийг нь ойлголоо.


Z үеийн залуу хоёр төлөөлөл татварын талаар ийм ойлголттой байна. Хэдий яг ямар албан татварт орлогынхоо хэдэн хувийг төлөх тухай нарийвчилсан мэдлэг дутмаг ч ер татварыг тогтолцооных нь хувьд зөв ойлгодог аж. Тэд үеийнхнээ татварын талаарх сэдвийг тусгайлан судлах, нарийн мэдлэг мэдээлэлтэй болох, цаашлаад хариуцлагатай татвар төлөгч байх тал дээр уриалж байна.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: С.БОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-05-02 11:12

одооны хүүхдүүд үнэхээр мундаг шүү

Зочин
Зочин
2020-05-28 12:24

Nice! goodluck

Холбоотой мэдээ

Back to top button