Эмэгтэйчүүдэд халтай, Говь-Алтайн ҮЛ БҮТЭХ ЗАСАГ ДАРГА НАР

Үнэхээр харамсалтай ч Говь-Алтай аймагт ердөө гурван сарын хугацаанд хоёр ч бүсгүй цаг бусаар амиа алдав. Өнгөрсөн хоёрдугаар сарын 18-19-нд шилжих шөнө тус аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан С.Болормаа агсан Говь-Алтайн Засаг дарга асан В.Ренчиндоржийн албан өрөөнөөс гарч яваад, хамт ажилладаг мэргэжилтнийхээ автомашинд учир битүүлгээр нас барсан. Талийгаач ид хийж бүтээх 30 насны босгон дээр хань ижил, бага насны хоёр хүүхдээ орхиод өөд болсон нь даанч харамсалтай.
Гэтэл энэ харамсалтай хэргийн дуулиан бүрэн намжиж амжаагүй байхад Говь-Алтай аймагт дахин нэг залуу бүсгүй цаг бусаар бурхан боллоо. Энэ хэрэгт дахиад нэг төрийн албан тушаалтан бүр тодруулбал, тус аймгийн Тонхил сумын засаг дарга эхнэрээ хөнөөсөн байж болзошгүй хэрэгт холбогдсон нь бүр ч хачирхалтай.
Р.ДАВААДОРЖИЙГ ГЭРЧ БОЛОН БУСАД НОТЛОХ БАРИМТ ДЭЭР ҮНДЭСЛЭН ЦАГДАН ХОРЬСОН
Говь-Алтай аймгийн Тонхил сумын Засаг дарга Р.Даваадоржийг энэ сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө эхнэр, 38 настай Б-гийн амь насыг бүрэлгэсэн байж болзошгүй хэрэгт яллагдагчаар татагдсан. Улмаар баривчилж, эл хэргийг тус аймгийн цагдаагийн газарт шалгаж байгаа юм.
Энэ тухай ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, ахмад М.Мөнхшүр:
“38 настай, эмэгтэй Б нь гэртээ гаднын нөлөөтэй нас барсан байж болзошгүй байдалтай байсан. Цагдаагийн байгууллагыг энэ хэргийг шалгах ажил өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Талийгаачийн шүүх эмнэлгийн дүгнэлт хараахан гараагүй. Уг гэмт хэрэгт түүний нөхөр 36 настай Д-г холбогдуулан шалгаж байна. Үүн дээр цагдаагийн байгууллага гэрч болон бусад нотлох баримтаар шалтгаалах зүйлүүдээр үндэслэн яллагдагчаар таслан сэргийлэх, цагдан хорих арга хэмжээ авч, хэргийг мөрдөж байна” гэв.
ТАЛИЙГЧИЙГ НАС БАРАХ ҮЕД Р.ДАВААДОРЖ ЭЭЖИЙНДЭЭ БАЙЖЭЭ
Олон нийтийн сүлжээ болон хэвлэлээр цацагдсан мэдээллүүдэд Р.Даваадоржийг талийгаач эхнэрээ удаа дараа зодож, хүчирхийлэл үйлддэг байсан, хүчирхийлэл нь даамжирснаар амь насыг нь хөнөөх хэмжээнд хүрсэн гэж хардаж буй. Мөн талийгчийг нас барах үед Р.Даваадорж ээжийндээ хоносон, өглөө эрт ажил руугаа явсан гэх мэдээллүүд тавигджээ.
Гэвч түүнийг хүчирхийлэгч эсэх, мөн эхнэрийнхээ үхэлд буруутай эсэхийг хууль хяналтын байгууллага тогтооно. Ингэхдээ харамсалтайгаар нас барсан залуу бүсгүйн үхлийг гаднын нөлөөгүй хэмээн хэргийг хав дарах вий гэх хардлага одоо ч хүмүүсийн дунд бий.
ТАЛИЙГААЧИЙН ГУРВАН ХҮҮХДИЙГ АЙМГИЙН ГБХЗХГ АНХААРАЛДАА АВЧЭЭ
Бид энэ хэргийн асуудлаар Говь-Алтай аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын түр үүрэг гүйцэтгэгч Н.Цээпилмаагаас зарим зүйлийг тодруулсан юм.
-Талийгаачийн гурван хүүхдийг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас анхааралдаа гэж дуулсан. Хэдэн насны хүүхдүүд вэ?
-2-13 насны гурван хүүхэд байгаа. Манай гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын зүгээс хүүхдүүдийн гэр бүлийнхэнтэй уялдаатай ажиллаж, шаардлагатай арга хэмжээнүүдийг авч байна.
-Энэ харамсалтай хэргийн дараа хүүхдүүд нь маш хүнд байдалд орсон байх. Хүүхдүүдийн сэтгэл санаа хэр байна вэ?
-Бид хувь хүний мэдээллийг задруулах боломжгүй. Ямар ч байсан бид шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна.
ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН БАЙРАНД КАРОАКЕ АЖИЛЛАЖ БАЙВ
Говь-Алтай аймагт дараалан гарсан эдгээр золгүй явдлуудыг болохоос өмнө бид хүчирхийлэл, хүн амины хэргүүд ихэвчлэн ядууралтай холбоотойгоор нийгмийн доод давхаргынханд түгээмэл тохиолддог гэж боддог байв. Гэтэл шил шилээ даган гарах эдгээр хэргүүдээс харахад хүчирхийлэл, хүн амины хэргүүд удирдах албан тушаалтан тэр дундаа цоожтой хаалганы цаана үйлдэгддэгийг харав.
Говь-Алтай аймаг нь хөгжил болон засаг дарга нарын явдлаараа хэзээд хар мөртэйгөөрөө алдартай. Тус аймгийн засаг дарга асан С.Гансэлэм ажлаа хүлээж аваад удаагүй байхдаа ИТХ-ын дарга тэргүүтэй хүмүүсийн хамт тамгын газрынхаа В1 давхрын цайны газрыг караокены зориулалтаар тохижуулж байсан баримтыг бид мэдээлж байсан.
ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА НАР ТӨРИЙН АЛБАН ХААГЧ, МАН-ЫН ГИШҮҮН
Мөн түүний дараа сонгогдсон өдгөө хүн амины хэрэгт сэжиглэгдээд буй В.Ренцэндорж, өмнө хэд хэдэн удаа танхайн хэрэгт холбогдож байсан гэх Р.Даваадоржийн хувьд 2016 оны орон нутгийн сонгуулиар МАН олонх болсноор одоогийн албан тушаалдаа очиж байжээ. В.Ренцэндорж болон Р.Даваадорж нар нь хоёул МАН-ын албан хаагчид.
Ямартай ч тэдний балгаар хоёр ч залуу бүсгүй ид хийж бүтээх насан дээрээ өөд болж, нялх үрс нь өнчирж үлдэв. Болсон явдлыг ухрааж талийгаачдыг хүүхдүүдтэй нь эргэн уулзуулж чадахгүйгээс хойш, хамгийн гол нь тэдний үхлийн шалтгаан болон буруутай этгээдийг үнэн зөв илрүүлж, хэрэгт нь таарсан ялыг өгөх нь чухал билээ. Дахин хэлье. Тонхил сумын засаг дарга Р.Даваадоржийг хүчирхийлэгч эсэх, мөн эхнэрийнхээ үхэлд буруутай эсэхийг хууль хяналтын байгууллага л тогтооно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүчирхийлэгч, хоолондоо тарг�##�сан бүдүүн бүдүүн м�##�игарууд
Энэ гэр бүлиин хүчирхиилэл хэрээс хэтэрлээ
ямар адилхан бандгарууд вэ
Ямар адилхан дуракууд вэ. Хүүхнүүдээ иймэрхүү царайтай эрчүүдээс холхон байгаарай