ММСУХ: “Их хурд-8” уралдаанаар зөвхөн морьд уралдахгүй өргөн дэлгэр соёлын наадам болно

Монголын морин спорт уяачдын холбооноос “Их хурд 8” уралдаан, “Монгол туургатны морьтны өв соёл наадам”-ын талаар мэдээлэл хийлээ.
Гурван жил тутамд зохион байгуулдаг шигшмэл хурдан морьдыг шалгаруулах “Их хурд-8” уралдаан энэ жил найм дахь удаагаа энэ сарын 20, 21-нд Хүй долоон худагт болно. Өмнөх уралдаануудыг ганцхан өдөрт багтаан хийдэг байсан бол энэ жил хоёр өдөр зохион байгуулахаар болжээ. Учир нь, зөвхөн шигшмэл хурдан морьдыг шалгаруулахаас гадна “Монгол туургатны наадам” хэмээн өргөн хүрээнд зохион байгуулахаар болсонтой холбоотой гэнэ.
-“ИХ ХУРД-8” УРАЛДААНААС ГАДНА САЙХАН ХОС МОРЬТОН, ГИЙНГОО МАРЗААН, ХҮҮХДИЙН БАРИЛДААН ЦАМ ХАЙРАХ ЁСЛОЛ БОЛНО-
Адууны өв соёлыг сурталчлах фестиваль, “Сайхан хос морьтон”, “Гийнгоо марзаан”, “Сайхан айраг”, “Хуурнин шуугигч” хүүхдийн барилдаан, “Адуучин” тэмцээн цам харайх ёслол зэрэг олон олон тэмцээн уралдаан, үйл ажиллагаанууд болно. Түүнчлэн “Их хурд-8” уралдаан нь Азарга, Их нас, шилмэл гэсэн гурван төрөлд уралдана.
“Хуурнин шуугигч” хүүхдийн барилдааны хувьд унаач хүүхдүүдийн дунд зохион байгуулж байгаа бөгөөд улсын чанартай томоохон тэмцээн болно. Иймд хүүхдээ барилдуулахаар ирж буй эцэг эхчүүд хүүхдийнхээ 7-9 настайг нотлох бичиг баримтаа авчрахыг зөвлөлөө.
-“ИХ ХУРД-8” Д УРАЛДАХ МОРЬДЫГ АЙМГИЙН ХОЛБООДООР ДАМЖУУЛАН БҮРТГЭНЭ-
Их хурд уралдаанд засгийн газрын тогтоолоор уралдсан аймаг бүсийн уралдаанд эхний тавд, улсын тэмцээнд эхний аравт хурдалсан морьд уралдах боломжтой гэв. Мөн морьдыг 19-ны өдөр бүртгэх аж. Долоодугаар сарын 20-нд азарга болон шигшмэл морьдын уралдаан болно. Харин 21-ны өдөр их насны морьдын уралдаан болон бусад үйл ажиллагаанууд болох ажээ.
Б.ТОГТУУН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.