НийгмийнСурвалжилга, НийтлэлЭДИЙН ЗАСАГ

ТАНЫ МЭДЛЭГТ: Хэрэв ковид тусвал 30 мянгыг төлөөд 1-2 сая төгрөг авах ДААТГАЛ БИЙ

Дотоодод халдвар тархсантай холбогдуулан эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй ажилчид болон энгийн иргэд цар тахлыг хэрхэн аюул, хохирол багатай даван туулах талаар санаа зовниж буй. Тэгвэл манайд энэ төрлийн эрсдэлийг санхүүгийн арга замаар даван туулах даатгалын үйлчилгээ бий юу? Байгууллагууд ажилтнаа цар тахлын аюулаас санхүүгийн арга замаар хамгаалж чадсан уу? ЕGUUR.MN сайт өнөөдрийн сурвалжилгаараа энэ асуултад хариулт эрлээ.  

ДААТГАЛЫН КОМПАНИУД ЦАР ТАХЛЫН ҮЕИЙН ДААТГАЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ САНАЛ БОЛГОЖ ЭХЭЛЖЭЭ

Бид найман даатгалын компанитай холбогдож цар тахлын үед ямар үйлчилгээний бодлого баримталж буйг нь тодрууллаа. Бидний холбогдсон “Мандал даатгал”, “Ард даатгал”, “National Life үндэсний амьдралын даатгал” компаниуд цар тахлын үеийн шинэ үйлчилгээ санал болгоод эхэлжээ.

Харин “Монре Даатгал”, “Хаан даатгал”, “Номин даатгал”-ын компаниуд  одоохондоо ийм төрлийн үйлчилгээ гаргаагүй байна гэсэн хариулт өгсөн юм.

“Мандал даатгал”: Ковид даатгал

“Мандал даатгал” компани нь Covid 19-ийн даатгалд арванхоёрдугаар сарын 01 хүртэл хувь хүн болон иргэдийг хамруулсан байна.  Харин энэ сараас эхлэн уг даатгалд зөвхөн ААН, байгууллагуудыг хамруулж байгаа аж.

Иргэн: 30 мянган төгрөгөөр даатгуулсан

Халдвар авбал: Сая төгрөг олгоно

Гэр бүл: 90 мянган төгрөгөөр даатгуулсан

Нэг гишүүн халдвар авбал: Гурван сая төгрөг олгоно

Даатгалын хүчинтэй хугацаа: Зургаан сар

Байгууллага: Хүний тооноос хамаарна

Даатгалд хамрагдахыг хүсвэл: 7575 2000 утсаар холбогдож, гэрээгээ онлайнаар хийнэ.

“Ард даатгал”: Ковид даатгал

“Ард даатгал” компани одоогийн байдлаар ААН, Байгууллагуудыг Covid 19-ийн даатгалд хамруулж буй аж. Харин удахгүй иргэдэд зориулсан даатгалын үйлчилгээ нэвтрүүлэх юм байна.

Нэг ажилтан: 30 мянган төгрөгөөр даатгуулна

Халдвар авбал: Нэг удаадаа нэг сая төгрөг олгоно.

Даатгалын хүчинтэй хугацаа: Нэг жил

Эдгэрчихээд дахин даатгуулах гэж буй иргэн: 50 мянган төгрөгөөр даатгуулна

Дахин халдвар авбал:  500 мянган төгрөгийн нөхөн олговор олгоно

Даатгалд хамрагдахыг хүсвэл: 77200088 утсаар холбогдож, гэрээгээ онлайнаар хийнэ

“National Life үндэсний амьдралын даатгал”: Ковидын хамгаалалттай даатгал

“National Life үндэсний амьдралын даатгал” компани нь хувь хүн, гэр бүл, албан байгууллагуудыг даатгалд хамруулж байгаа аж.  

Иргэн, ААН, гэр бүл:  30 мянга, 90 мянга, 150 мянган төгрөгөөр даатгуулах

Халдвар авбал: 30 мянгаар даатгуулсан бол хоёр сая төгрөг олгоно

Халдвар авбал: 90 мянгаар даатгуулсан бол зургаан сая төгрөг олгоно

Халдвар авбал: 150 мянгаар даатгуулсан бол арван сая төгрөг олгоно

Эмчилгээний зардал:  Таван сая төгрөг олгоно

Амь насны эрсдэл тохиолдвол ар гэрт: Таван сая төгрөг олгоно

Даатгалд хамрагдахыг хүсвэл: 70113366 утсаар болон фэйсфүүк хуудас руу нь холбогдох.

ЭРСДЭЛТЭЙ НҮҮР ТУЛЖ БУЙ АЖИЛЧИД: ЦАР ТАХЛЫН ДААТГАЛЫН ТАЛААР СОНСООГҮЙ

Хэдийгээр даатгалын компаниуд Covid 19-ийн даатгал санал болгож буй ч уг үйлчилгээг иргэд болон байгууллага, ААН-үүд мэдэж байгаа эсэхэд хариулт эрлээ. Юун түрүүнд цар тахлын үеэр эрсдэлтэй нүүр тулж буй ажилчдаас энэ төрлийн даатгалд хамрагдсан эсэхийг нь тодруулсан юм.

“Тэнүүн Огоо ХХК”-ны автобусны жолооч Ө

Манай бааз ажилчдаа өглөө ажилд гарахад бээлий, маск, халуун арц өгдөг. Компаниас бүх жолоочоо жолоочийн хариуцлагын даатгалд хамруулсан. Харин коронавирусийн үеийн даатгалд бол хамруулаагүй байх. Би бас сайн мэдэхгүй л байна. Хэрэв тийм даатгал байдаг бол хувиараа ч болов даатгуулмаар л байна.

“Петровис ХХК”-ны шатахуун түгээгч М

Компиниас ажилчдаа COVID-19 –ийн үеийн даатгалд хамруулсан эсэхийг сайн мэдэхгүй байна. Харин биднийг хамгаалах хэрэгслээр бол маш сайн хангаж байгаа. Гэсэн ч эрсдэлээ бодоод даатгуулчихмаар л байна.

“Монгол эм импекс концерн” компанийн эмийн санч

Байгууллагаас хамгаалах хэрэгсэл маш сайн өгч байна. Би ажиллаад хоёр гурав л хонож байгаа болохоор COVID-19 –ийн үеийн даатгалд хамруулсан эсэхийг мэдэхгүй байна. Гэхдээ бид эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалаа төлөөд явж байгаа учир халдвар авбал бидэнд нөхөн төлбөр олгох байлгүй дээ.

“Трансбус ХХК-ийн автобусны жолооч” Б

Компани жолоочийн хариуцлагын даатгалд л даатгуулсан байх. Өөр даатгалд хамруулсан эсэхийг мэдэхгүй байна. COVID-19 –ийн үеийн даатгалд хамруулсан эсэхийг өнөөдөр асууна аа.

 “Хэрэв тийм даатгал байдаг бол хувиараа ч болов даатгуулах юмсан. Эрсдэлээ бодоод даатгуулчихмаар байна” хэмээн ярьж буй эдгээр дөрвөн ажилчны нэг ч нь Covid 19-ийн даатгалын талаар тодорхой мэдээлэлгүй байлаа.

БИЗНЕС ЭРХЛЭГЧИД: ЦАР ТАХЛЫН ДААТГАЛД ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ

Үүний дараа бид хөл хорионы үед ажиллаж буй болон ажиллахгүй байгаа ААН-ийн төлөөлөлтэй утсаар холбогдсон юм.

“Urban Jeans” брэндийн ерөнхий захирал Д.ТУНГАЛАГ

Зургийг: business.mn

Манайх одоохондоо ажиллахгүй байгаа болохоор даатгал судлаагүй л байна. Дөрөв дэх өдөр Шадар сайдтай үйлдвэрлэгчид уулзаад ажиллах хүсэлтээ гаргасан. Манайх 100 гаруй ажилтантай. Ихэнх нь эмэгтэйчүүд. Тиймдээ ч Covid 19-ийн үеийн даатгал гэж байгаа бол сонирхож үзнэ ээ.

“iKon.mn” сайтын Ерөнхий редактор Ч.БОЛОРТУЯА

Бид Covid 19-ийн үеийн даатгалын талаар мэдээлэлгүй л байна. Гэхдээ даатгалын нөхцөлүүдийг судалж байгаад хамрагдахад болохгүй зүйл байхгүй. Одоо ковидын халдвар авсан тохиолдолд улсаас эмчилгээг үнэ төлбөргүй хийж байгаа гэсэн ойлголттой байгаа. Гэхдээ тухайн хүн удаан хугацаанд эмчилгээ хийлгэхдээ орлогогүй байх, бусад эрсдэлийг хэр тооцоолсон зэрэг нөхцөлүүд нь сонирхолтой байна.

ДААТГАЛЫН СОЁЛ ТӨЛӨВШӨӨГҮЙГ ЦАР ТАХАЛ ИЛ БОЛГОВ УУ?

Одоогоор гурван ч даатгалын компани “Ковид-19” цар тахлын тусгай даатгалын бүтээгдэхүүн нэвтрүүлээд байна. Гэтэл нэгэнт дотоодод тахал тархаж, эрсдэл өндөр гэдэг нь тодорхой болсон үед аюулыг санхүүгийн арга замаар даван гарах эрсдэлээ байгууллагууд төдий л сайн тооцоолохгүй байна.

Монголд даатгалын зах зээл жил тутам өсөж, 2020 оны 3-р улирлын байдлаар 390.7 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх улирлаас 31.5 тэрбум төгрөгөөр буюу 8.8 хувиар өссөн, компаниудын хуримтлагдсан ашиг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 40.8 хувиар буюу 44.2 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн эерэг үзүүлэлттэй байна. 2018 оны байдлаар Монгол Улсад нэг хүнд ногдох ердийн даатгалын хураамж 24.3 хувиар өсөж 55’240 төгрөгт хүрсэн.

Бүдүүвч тоог нь харвал монголд даатгалын салбарын ашиг өсөж байна. Харамсалтай нь энэ нь ердийн хөдөлмөр эрхлэгч, жижиг аж ахуйн нэгжүүдэд төдий л хамааралгүй өсөлт гэдэг нь цар тахлын эрсдэлтэй энэ цаг үед эхнээсээ ил болж эхэллээ. Ажилтнаа даатгуулах, ялангуяа эрсдэлтэй нүүр тулж буй ажилтнаа онцгой байдлын үеийн даатгалд хамруулах талаар ААН-үүд хангалттай мэдээлэлгүй байна. Аюул хийсэж биш, хэлж ирээд буй энэ үед ажилтан, хүний нөөц гэдэг бизнес эрхлэгчдийн хамгийн түрүүнд санаа тавих ёстой баялаг билээ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button