Сурвалжилга, Нийтлэл

АСУУДАЛ: Дархан чиглэлийн ТООСТОЙ, СЭТЭРХИЙ зам аюул заналхийлж байна

Дарханы замын ажил эхэлсэнтэй холбогдуулан түр замаар зорчиж буй иргэдэд ганц хоёроор тогтохгүй асуудал тулгарч байгаа юм. Түр замаар явахад тоос босож зам харагдахгүй болж, зорчигчид тойрохдоо ойр хавийн тариан талбайг сүйтгэж, сэтэрсэн замдаа тэмдэг тавиагүй гэх мэт олон асуудал бий болсонтой холбогдуулан иргэдийн сэтгэгдэл болоод зам засварын ажлын тухай товчхон мэдээллийг хүргэхийг зорилоо.  

1970-1980 онд баригдсан Улаанбаатар-Дархан чиглэлийн замд 1997-2000 онд хийсэн ээлжит засвараас өөр шинэчлэл хийгээгүй учир замын суурь, хучилт их хэмжээгээр эвдэрсэн. Тиймээс Засгийн газраас олон улсын транзит тээвэр дамжин өнгөрөх, босоо тэнхлэгийн гол зам Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.16 километр замыг өргөтгөн шинэчилж, хоёр урсгал, дөрвөн эгнээ бүхий олон улсын нэгдүгээр зэрэглэлийн зам болгох ажлыг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар дөрөвдүгээр сарын 10-нд Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас олгох 300 сая ам.долларын зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурсан нь автозам шинэчлэн байгуулах төсөлд зориулагдана гэжээ. Түүнчлэн Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэх эхний хоёр эгнээ зам засварын ажлын тендер тавдугаар сарын 2-нд нээгджээ.

-ЛҮНГИЙН ЗАМААР ЯВАЛГҮЙ ХОЛУУР ТОЙРЧ БАЙНА-

Дарханы замыг 2019 ондоо багтааж ашиглалтад оруулахаар тооцож байна. Харин нөгөө хоёр эгнээ нь шинээр баригдах тул 2020 онд багтаж дуусна гэсэн тооцоотой байна" хэмээн Зам, тээвэр хөгжлийн сайд Б.Энх-Амгалан хэлж байжээ. Аж үйлдвэрийн томоохон төв, газар тариалан, мал аж ахуй, эдийн засгийн гол бүс нутаг, аялал жуулчлалын бааз, амралт, сувиллын газруудыг дайран өнгөрдөг учир шинэчлэн 12 төмөр бетон гүүр, 2 туннел, түр зогсоолын талбай, гадаргуугийн ус зайлуулах, урсгал залах байгууламжтай болгохоор төлөвлөсөн аж.

Улаанбаатар-Дархан чиглэлийн зам засвартай холбоотойгоор замыг хааж хойд чиглэлийн авто замыг Булган-Дашинчилэн-Лүн гэсэн замаар зохицуулах тооцоолол гаргажээ. Эрдэнэт, Булган, Хөвсгөл аймгийн иргэдийг Лүн чиглэлээр нэвтрүүлснээр 30 хувь замын хөдөлгөөний ачаалал буурна гэж үзсэн байна. Харин өнгөрсөн сард болсон үерийн улмаас Лүнгийн зам эвдэрч машин явах аргагүй болжээ. Холоос зорчиж буй иргэд лүнгийн зам хаасантай холбогдуулан “холуур тойрч явж байна” хэмээн бухимдаад буй.

-СЭТЭРСЭН ЗАМД АНХААРУУЛАХ ТЭМДЭГ ТАВИАГҮЙ БАЙСАН-

Дарханы замын тухайд түр зам гаргаснаар үүсэж болох болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, Тээврийн цагдаагийн албатай нягт хамтарч ажиллах, төмөр зам, авто замтай огтлолцох цэгүүдийг нарийн тооцоолох ажлыг холбогдох байгууллагууд хийж эхэлсэн билээ. Түүнчлэн зам засварыг сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашиглан тоосжилтгүй байхад анхаарч ажиллахаар болсон юм. Гэвч зам засварын ажил хийгдэж эхэлсэнтэй холбогдуулан түр замаар зорчиж буй иргэд бухимдах болжээ.

Үүнтэй холбогдуулан иргэдийн сэтгэгдлийг сонсоход,

-Хонгорын замаар арван километр хүрэхгүй замаар явж байхад шороо босоод юу ч харагдахгүй байна. Ядаж замаа усалмаар байна.

-Замаа сэтэлж болно. Гэхдээ анхааруулах тэмдэг тавих хэрэгтэй шүү дээ. Сэтэлсэн хэсэг олон байсан. Жолоочид хурдаа тохируулж явах хэрэгтэй.

-Хуучин ч гэсэн энэ замаа хаалгүй хажууд нь нөгөө хоёр эгнээ замаа тавиад засвараа хийж болох байсан. Түр зам тавих цаг хугацаа болоод мөнгөний хувьд хайран байна.

-Дарханы зам бол сул шороо ихтэй. Зам тавьж буй байгууллага нь зориулалтын машинаар ус цацах хэрэгтэй.

-Шийдэл нь буруу болохоос шинэ замаа сайн засаж байгаа. Хуучин замаа удаан зассан даа.

-Хэд хэдэн газар аспалтыг нь байсан. Гэхдээ арай гүн ухчихсан. Харж байгаад хурдаа хассан боловч ойж буусан.

-Хурд сааруулагч хийнэ гэж байсан. Арай ч ингэж нүх ухаж тэрийгээ хийгээгүй байх  гэх мэтчилэн иргэд сэтгэгдлээ хуваалцлаа.

-ТАРИАН ТАЛБАЙГ ДАЙРЧ ХҮМҮҮСИЙН ХӨДӨЛМӨРИЙГ ШОРООТОЙ ХУТГАЖ БАЙНА-

Үүнээс гадна “тойрч явахдаа тариан талбай дайрч нэгнийхээ хөдөлмөрийг шороо тоостой хутгаж байна” гэж хэсэг хүмүүс бухимдаж байсан юм. Мөн Дарханы замын хажуугаар ургасан моддыг сугалж аваад түр эгнээ болгох уу? тайрах уу? зэрэг хариултгүй асуудлууд тулгарч байна.  Иргэдийн зорчих замыг сайжруулан засаж хүндрэлгүй, осол багатай зорчих боломжийг бий болгохыг зорьсон энэхүү ажлын явц өдгөө ямар байдалтай байгааг болон сайн төлөвлөсөн эсэхээ хариуцсан байгууллагууд нь эргэж харах хэрэгтэй байна. 

С.ХОНГОРЗУЛ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button