AstraZeneca: Вакцин цусны бүлэн үүсэх эрсдэлийг ихэсгэдэг гэх баримт олдоогүй

Дани, Норвеги, Исланд гэх мэт улсууд “Oxford/AstraZeneca”-ийн вакцин тариулсан зарим хүмүүсийн цусанд бүлэн үүссэн тохиолдол гарсан тул тус вакцинаар дархлаажуулахаа зогсоосон билээ. Дани улс “Oxford/AstraZeneca”-ийн вакциныг хоёр долоо хоногийн турш дархлаажуулалтад ашиглахаа зогсоох болсон юм. Тус улсын эрүүл мэндийн сайд Магнус Хойнике хэлэхдээ “Одоогийн байдлаар тэдгээр тохиолдлуудтай вакцин холбоотой гэдгийг тодорхойлоход хэтэрхий эрт байна” гэжээ.
Их Британид “AstraZeneca/Oxford”-ийн вакцины 11 сая гаруй тун хийсэн. “AstraZeneca” компанийн зүгээс мэдэгдэл хийхдээ 10 сая гаруй тунг тарьсан баримтаас харвал вакцин гүний венд бүлэн үүсэх эсвэл уушгины артери бөглөрөх магадлалыг ихэсгэдэг гэх баримт олдоогүй гэжээ.
Харин Лондонгийн эрүүл ахуйн сургуулийн профессор Стивен Эванс хэлэхдээ “Вакцин тариулсны дараа гэнэт үүссэн сөрөг нөлөөг тохиолдлоор болсон хүндрэлээс ялгах их хэцүү” хэмээж “КОВИД-19” өвчин нь цус бүлэгнэхтэй их холбоотой гэсэн байна.
Мөн Их Британийн эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний зохицуулах агентлагийн захирал Фил Брайан цус бүлэгнэсэн тохиолдлууд вакцинжуулсан хүмүүст илэрдэг хэвийн тооноос хэтрээгүй хэмээжээ. Мөн тэрбээр “Одоогийн тоо баримтуудаас харахад вакцин цус бүлэгнүүлсэн шалтгаан гэдгийг батлахгүй байна” гэсэн юм.
Өнгөрсөн лхагва гарагт (2020.03.10) Европын эмийн агентлаг Австри улсад бүртгэгдсэн цус бүлэгнэлтийн хоёр тохиолдолтой вакцин холбоотой гэх баримт олдоогүй хэмээн мэдэгдэл хийсэн. Мөн Шведийн эмийн аюулгүй байдлыг хариуцсан захирал Вероника Артурсон “Вакцин цус бүлэгнүүлдэг гэдгийг илтгэсэн ямар нэгэн баримт байхгүй” хэмээсэн байна.
Эх сурвалж: Reuters
Б.БУЯНДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.